Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу сар шинийн өдрүүдэд хаасан Улаанбаатар хотоос гарах, орох болон орон нутаг хоорондын замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /2020.03.03/ 06:00 цагаас нээлээ.
Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байгаа юм.
Яг одоо 11:30 цагийн байдлаар Улаанбаатар хотын баруун захад байрлах 22-ын товчоо орчимд хотоос гарах хөдөлгөөн их, орон нутгаас ирэх хөдөлгөөн харьцангуй бага байна. Постоор нэвтэрч байгаа зорчигч бүрээс асуумж авч байгаа бөгөөд замын цагдаагийн ажилтны хэлснээр иргэд чирэгдэл багатай үйлчлүүлж байна.
Хотоос гарч байгаа иргэдийн дийлэнх УБ гэсэн сериал дугаартай автомашинтай байгаа бол сар шинийн өмнө Улаанбаатарт ирээд, орон нутаг руу гаа буцаж байгаа иргэд цөөнгүй байна.
Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваан ажиллаж байна.
Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллана. Ингэхдээ Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэн ажиллаж байна.
Аймгуудын Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагаас бүрдсэн 105-ын бүлэг ч хоёр хоногийн хугацаатай ажиллах юм.
Гэрэл зургийг Д.АМАРЖАРГАЛ
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат “Аймаг, сум, нийслэлийн зам нээхтэй холбоотойгоор замын ачаалал нэмэгдэнэ. Үүнийг дагаад зам тээврийн осол хэрэг гарах магадлал нэмэгдэх учир цагдаагийн алба хаагчид байнгын 62, түр 36 буюу нийт 98 цэгт хяналт, шалгалт зохион байгуулан ажиллана. Мөн хөдөлгөөнт байдлаар болон видео бичлэгээр замын хөдөлгөөнийг баримтжуулна. Орон нутгийн замд гарч байгаа нийт зам тээврийн ослын дийлэнх хувь тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалдаг учир орон нутгийн замд зөөврийн хурд хэмжигчийг тодорхой хэмжээтэй зайд дараалуулан байрлуулсан байгаа. Автозамын товчоодод иргэдийг нэвтрэх үед эрүүл мэндийн асуумж авч, үзлэг хийнэ. Улаанбаатар хот руу нэвтрэх товчоодыг төвийн хэсэг, баруун зүүн гэх мэтээр хуваасан ч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр "Өлзийт" хорооллын постууд нэг гарцтай. Тиймээс тухайн пост дээр ачаалал үүсэх магадлалтай. Харин баруун талд буюу Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчоон дээр нийт зургаан гарц нээхээр төлөвлөсөн бөгөөд тээврийн хэрэгслүүдийг ангилж оруулна. Тодруулбал, том оврын автомашиныг нэг эгнээгээр, нийтийн тээврийн хэрэгслийг нэг эгнээгээр оруулах бол бусад эгнээгээр суудлын автомашиныг нэвтрүүлнэ. Цаг агаарын нөхцөл байдал шуургатай болж хүндрэх төлөвтэй байна.
Ерөнхийдөө замын ачаалал нэмэгдэнэ гэж тооцоолж буй учир хөдөлгөөн зохион байгуулалт дээр Цагдаагийн байгууллага болон Улсын онцгой комисс цаг тухайд нь шийдвэр гаргаж ажиллана. Тодруулбал, тээврийн хэрэгсэл ихээр зорчвол аймаг, сумаас гарч буй тээврийн хэрэгслийг хязгаарлах, тодорхой цагийн зайтай гаргах зэрэг арга хэмжээ авах учир ачаалал ихтэй энэ үед онц шаардлагагүй бол нийслэлийг зорихгүй байхыг анхааруулж байна” гэсэн мэдээлэл өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Oorkuud aigaad shaasan uu? Buunuuruu dutaagaad
za orkuud shinelekheer shaalaa daa
Garhiin zugeer gargaachee
Эндээс ч нэг юм дуулдахвии бурхан өршөөг үхэх гэж баигаа юм шиг баахан хүн дэмии тэнэхээр явлаа