Коронавирусээр удирдуулсан нүүрсний зах зээл ӨНДӨР БЭЛТГЭЛ шаардаж байна

2020 оны 03 сарын 03

Нүүрс, газрын тос,  бусад ашигт малтмалын экспорт энэ сарын 15-наас эхлэн хийгдэнэ. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хэлснээр бол гуравдугаар сарын 2-н буюу өчигдрөөс нүүрсний экспортын төлөвлөгөө тасалдаж болзошгүй нөхцөл үүснэ гэж байсан. Энэ нь  нүүрсний салбараас төсөвт төвлөрөх орлогын тасалдал албан ёсоор өчигдрөөс эхлэн тооцогдож эхлэх нь гэж ойлгогдож байна.

Тэгэхээр Засгийн газар энэ сарын 15-наас нүүрсний экспортыг хэвийн, тогтвортой явуулж эхлэхийн тулд бэлтгэлээ сайтар хангах шаардлага тавигдаж байна. Эрүүл ахуй,  аюулгүй байдлын хамгаалалтыг өндөр хэмжээнд мөрдсөн жолооч, тээврийн хэрэгсэл л БНХАУ-ын хилээр нэвтрэх учраас үүрэг чиглэл авсан сайд, агентлагууд бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй юм.

“Эрдэнэс -Тавантолгой” компани 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш 1.6 сая тонн нүүрс экспортолжээ.  2019 онд  тус компани 16.1 сая тонн нүүрс олборлож, оны сүүлийн өдөр гэхэд 13.7 сая тонн нүүрс экспортолсон байсан. Тодруулбал,  12 сарын дунджаар тооцвол сард  1.1 сая тонн нүүрс экспортод гаргасан гэсэн үг.

Тэгэхээр он гарсаар гурав дахь сарынхаа нүүрийг үзэж буй энэ үед буюу 60 хоногийн хугацаанд экспортолсон нүүрсний хэмжээ хоёр сарын дундаж болох 2 сая тонноос 400 мянган тонноор бага байна.

Монгол Улсын нүүрсний экспорт төр, хувийн хэвшил нийлээд нийт дүнгээрээ бол 2.7 сая тонноор хэмжигдэж байна.  Өмнөх оны мөн үед манай улс 4 сая тонн нүүрс экспортод гаргачихсан байсантай харьцуулахад  нүүрсний экспорт 1.3 сая тонноор бага байна.

Ер нь бол хоёрдугаар сар гарсаар коронавирусний улмаас нүүрсний экспорт саарч байна гэх мэдээлэл орон нутгаас ирж байсан.

Харин “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас хоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар олборлолт, экспорт хэвийн байна гэх мэдээллийг өгч байсан. Түүнчлэн хоёрдугаар сарын 3-9-ний өдрүүдэд 2055 тэвш нүүрс буюу хоногт 300 машин нүүрс экспортод гаргасан байсан.

2020 оны хоёрдугаар сарын 10-нд Улсын онцгой комиссоос нүүрсний экспортыг түр зогсоох чиглэлийг гаргасан юм.

Сануулахад, 2019 оны хоёрдугаар хагас буюу зургаадугаар сар гэхэд манай улс 18 сая тонн нүүрс экспортод гаргачихсан байсан. Энэ жилийн тухайд коронавирусний улмаас экспортод гацаа үүссэн нь ийнхүү олон жилийн давтамжид өөрчлөлт оруулж буй юм. Манай нүүрсний худалдан авагч тал БНХАУ-ын зүгээс нүүрс  худалдан авахад бэлэн гэдгээ өнгөрсөн сарын сүүлээр илэрхийлсэн.

Манай улс 2020 оны нэгдүгээр сард БНХАУ-тай 561.2 сая ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 60.2 хувийг, нийт экспортын 95.1 хувийг эзэлсэн үзүүлэлт.

 

БНХАУ-д гаргасан бараа бүтээгдэхүүний:

 

  •  44.2 хувийг чулуун нүүрс

 

  •  26.1 хувийг зэсийн баяжмал эзэлсэн.

 

БНХАУ-ын эрэлт, дотоодын төлөвлөлтөөс хамаарч нэгдүгээр сард манай нүүрсний экспорт бага байдаг. Хоёрдугаар сараас өсдөг циклтэй. Харин энэ жилийн тухайд коронавирус зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг “удирдаж” байна.

БНХАУ-ын тухайд энэ онд хэчнээн сая тонн нүүрс импортоор авах вэ гэдгээ энэ сард Ардын их хурлаараа хэлэлцэн батлах гэж байна. Коронавирусний улмаас үйлдвэрлэлийн индекс нь түүхэн доод хэмжээнд хүртлээ унаад буй БНХАУ өвчний тархалт хумигдахтай зэрэгцэн  үйлдвэрлэл, үйлчилгээний салбараа идэвхжүүлж, эдийн засгаа тэлэх бодлого хэрэгжүүлэх нь тодорхой. Тэгэхээр одоо харьцангуй хумигдмал байдалтай байгаа нүүрсний эрэлтээ 2020 оны туршид хэрхэн тооцож, хэрэглээгээ тооцох вэ. Нүүрс нийлүүлэгчдээ хэрхэн эрэмбэлэх вэ гэдэг нь манай тухайд чухал сэдэв болж таарна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top