Улсаа аварна, уурхайгаа аварна, уул, ус, ой модоо хамгаална гэнэ. Бас сүйтгэцгээнэ гэж байна. Хэн юу хүссэнээ хэлж байгааг харахад ардчилал руу үнэхээр баттай хөл тавьжээ, монголчууд. Хүн бүр л зарчим ярьдаг болж. Харин хийж байгаа нь холион бантан. Дээрээ ч, доороо ч авах юм алга. Төр засаг гэж байгаа эсэхийг хүмүүс мэдэхээ больтлоо самуурч эхлэв. Хориод жилийн турш эх орончид, дайсагнагчид гэсэн хоёр туйл руу тэмүүллээ. Уул усаа хамгаалагчид уурхайчидтай одоо ид тулалдаж байна. “Урт” нэртэй хуулиас болоод тэд цус урсгахад ч бэлэн ажээ. “Гал үндэстэн” хэмээх бүлэг хүмүүс Чингисийн морьтон баатруудын дүрд тун итгэлтэйгээгээр хувирчээ. Нум саадаг агссан тэд “Урт” нэртэй хуулийг өөрчлөгсөд хийгээд гадаад дотоодын компаниудад байгаль ээжээ алдчихгүйн төлөө тэмцэж байгаа нь зөв ч юм шиг. Гэхдээ харин буу дуугаргаж, төрийн ордон руу нум эвшээлгэн сум тавьж, Оюу толгойг газрын хөрснөөс арчихад бэлэн хэмээн тангараг өргөхийг нь харахаар нэг л биш ээ. Иргэний хөдөлгөөний гэх энэ хүмүүсийн цөс улам хөөрөөд ирвэл самуун явдал үүсч мэдэхээр байна. Тэдний эсрэг уул уурхайн салбараа аврагчид боссоныг хэлэх үү. “Урт” нэртэй хуулийг дахин өөрчилж байгалиа сүйтгүүлэхгүй гэсэн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хэсэг улс төрчид “Гал үндэстэн”-тэй санаа нэг байгаа. Гэвч тэдний үймээн самуун үүсгэхийг үл зөвшөөрнө. Харин уул уурхайн салбараа аврая гээд байгаа уурхайн нөхөд Б.Бат-Эрдэнэтэй шүүхийн танхимд уулзахыг хүслээ. Тэд Б.Бат-Эрдэнэ рүү чичлэн “Бид байгаль дэлхийгээ ухаж төнхөн сүйтгэгчид юм бол чи ч гэсэн бас Сэлэнгийн Тужийн нарсыг юу ч үгүй болтол сүйтгэсэн этгээд шүү” гэж байна. Янз нь Б.Бат-Эрдэнэ аваргыг шахаанд оруулах нь ээ. Аварга маань Тужийн нарсыг Хятад руу үүрээд зөөчихсөн юм гэнэ. Тэгээд үлдсэнийг нь шатааж орхисон бололтой. Урьд нь ийм зүйл сонсож байгаагүй хүмүүс мэл гайхаж хоцров. Гэхдээ уул уурхайн салбараа аврагч нарын энэ мэдээлэлд итгэх хүн даанч цөөхөн ажээ. Уул уурхайгаа аврагчдыг төлөөлөн Б.Агваандондов гэгч буурал өвгөн саяхан “Улс төрийн тойм” сонинд “Б.Бат-Эрдэнэ аварга одоо ярьж байгаа шигээ байгаль дэлхийдээ үнэн сэтгэлээсээ хайртай хүн биш шүү дээ. Хэзээ тийм байгаль хамгаалагч болчихсон юм бэ. Нөгөөтэйгүүр тэр Монголын парламентын түүхэнд хамгийн бүдүүлэг, тооцоо судалгаагүй хууль санаачлан олон хүнийг хохироолоо” гэжээ. Уг нь гол мөрний урсац, усны сан, ойн сан бүхий газарт алт олборлохыг “урт” нэртэй хуулиар хориглоход тооцоо судалгаа хийж сүрийг бадруулах шаардлага байхгүй л дээ. Судалж цөхөөд ч байх зүйлгүй. Дөрвөн аргын тоо мэддэг хэн ч гэсэн бодоод гаргачихна. Байгальд халтай ямар ямар уурхай, хаана байгааг хүн бүр мэдэж байгаа. Хэдий хэрийн газар шороо онгичиж сүйрэл тарив гэдгийг ч багцаална. Учруулсан сүйтгэл, нөхөн сэргээлтийн зардал энээ тэрээг зохих тарифаар нь бодож, нөхөн олговор хэмээн нэхэж буй мөнгөтэй нь харьцуулаад харчихад л болно. Ийм энгийн аргачлал юм. Сүйтгэсэн талбайгаа нөхөн сэргээх нь тухайн компаний үүрэг. Энэ үүргээ мэдэхгүй, хийхгүй байгаа бол хохь нь. Улсад төлөх мөнгөө тоолж өгөх л хэрэгтэй. Үүнд улцганаж, нялцганаад байх юм байхгүй. Ер нь анхнаасаа байгальд сөрөг нөлөө ихтэй газрууддаа ашигт малтмалын лиценз олгосноос л хамаг хэрэг мандлаа шүү дээ. Засгийн газар тэгвэл одоо энэ алдаагаа засахын тулд “Урт” нэртэй хуулиа өөрчилж тэдгээр сүйтгэгчдэд найр тавих бус харин дээрх байдлаар тооцоо бодоод “Баяртай” гэх нь зөв болж байгаа юм. Алтны компаниуд банкны өрөнд баригдаад үхлээ хатлаа л гэнэ. Энэ бол асуудлыг шийдэх гол зүйл биш болов уу. Гэтэл Засгийн газрын зарим гишүүн, УИХ-ын гишүүдээс ч “Өө, хөөрхий уул уурхайн хэдэн компани маань өр зээл ихтэй юм байна. Тиймээс энэ хуулийг хэрэгжүүлэх гэж үйлээ үзэж байснаас тэдэнд ашигтай байдлаар өөрчилж санаа амаръя гэх ухааны юм ярьж байгаа нь хэт өрөөсгөл байна.
Тужийн нарсыг Б.Бат-Эрдэнэ аварга Хятад руу ачуулсан гэх нь ч дэндүү тэнэг сонсогдож байгаа юм. Аваргыг энд өмгөөлж хамгаалах үүднээс ингэж хэлж буй хэрэг биш л дээ. Ерөөсөө Тужийн нарсыг сүйтгэсэн эзэдтэйгээ хэн ч тооцоо хийлгүй явж ирсэн төр засагтайгаа үүнийг ярих хэрэгтэй байх. Одоо шоронд орох гээд шүүхийн үүдэн дээр чулуу нясалж суугаа “Зоос” банкны эзэн Батбаяр болон түүнийг гар хөлийнхөө үзүүрт зарж байсан хүмүүсээс эхлээд ял асуувал зохино. Ингэвэл арай шударга тал руугаа яваад өгнө. “Зоос”-ын эзэн асан Батбаяр бол социализмын үед Ойн яам гэж байхад тэнд ажиллаж байлаа. Дараа нь зах зээлд шилжихэд “Ой мод” компани байгуулан Бээжин рүү өдөр шөнөгүй мод зөөсөн дөө. Хуучин МАХН-ын удирдлагууд үүнийг нь цөмөөрөө мэдэж, дэмжиж байсан гэдэг. Сэлэнгийн засаг дарга асан Хаянхярваа, Алтангэрэл мэтийн хүмүүс ч бас бий. Хаянхярваа бол харин нэлээд хожуу үеийн сүйтгэлийн эздийг илүү сайн мэдэх байх. Түүнээс биш хаа хамаагүй Б.Бат-Эрдэнэ рүү “Тужийн нарс” гэж яриад нэмэргүй. Ингэж түүн рүү асах нь дэндүү гэнэн хэрэг. Нөгөө, ичсэн хүн хүн ална гэгч л болж байгаагаас цаашгүй юм.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )