ОЛОН ӨНГӨ: "Тахлын үеийн дурлал"

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

Гуравдугаар сар... Хаврын урин салхи хацар илбэж, шанхны үсээр наадан хайрын сэтгэл гэгэлзүүлсээр хавар ирдэг сэн.

Хавар аа, чи нүүдэл нүүдлийн шувуудын далавчин дээр, нүд дүүрэн цэнхэртэх уулсын униар дотор, нүгэлгүй сайхан уруулын үнсэлттэй хамт, нөмөр дулаан салхины хээтэй хамт бүхий л бие сэтгэлийг минь эзэмдэн, бүлээн зөөлөн догдлол сүлсээр ирдэг сэн. Ирдэг сэн...

Яагаад ийнхүү өнгөрсөн цаг дээр ч юм шиг, өнө хэтийн мөрөөдөл ч юм шиг хажуу дэргэд ирсээр байгаа хаврыг санаашран шүүрс алдана вэ? Халуун гараа л атгалцчихвал халдаж мэдэх, хавирга нийлэн сүжирчихвэл л харуусаж мэдэх, харц харцаа мөргөлдчихвөл л халгаж мэдэх тийм нэг аймшигт “эринд”нөмрүүлчихсэн бие биеэсээ дөлж битүүхэн цэрвэж, бишүүрхэн нуугдацгааж хайртай хавраа бид гунигтайхан л угтав.

Гэгэлзүүлэн догдлох гэнэхэн дурлал, гэрэлт зүрх, гэгээн үнсэлтийн талаар ярих нь байтугай бодохоос ч зүрхшээм. Тийм нэг амандаа халхавчтай, сэтгэлдээ холхивчтой өдөр хоногууд үргэлжилсээр...

Өчигдөрхөн дөө, гэрийн минь цонхон дор өхөөрдөм залуухан хос өөд өөдөөсөө харан удаан зогсохыг харсан. Тэмүүлэх сэтгэлээ тэвчин хүлцэн, тэвдэн зогсох тэдний харц амны хаалтны дээрээс тодоос тод гялалзах аж. Ижий нь цонхоор шагалзан охиноо бачимдан дуудав. Охин ч год үсрээд орц руугаа дэгдээд орчихлоо. Тэдний болзоо ердөө л энэ.

Тэдний учирч болох цэцэрлэгт хүрээлэн, үзвэр үйлчилгээ, номын сан, хичээлийн танхим, кино театрууд бүгд хаалттай. Хөл хориотой.

Хөшигнийхөө дэргэд хөшин зогссон миний дотор Габриель Гарсиа Маркесийн “Тахлын үеийн дурлал” романы нэр өөрийн эрхгүй санаанд эргэлдсээр байв. Бидний аж амьдралын олон талт зүйлийн нэгэн адил хайр дурлал ч бас тухайн цаг үеийнхээ нийгэм, улс төрийн орчин нөхцөлөөс ангид оршдог зүйл огтоос биш. Хүн төрөлхтнийг эрхшээдэг соёлын хийгээд тухайн цаг үеийн тоо томшгүй олон хувьсагч хүчин зүйл биднийг хайрлах урлагт нөлөөлдөгтэй адил яг одоогийн цаг мөчид улсын минь хилийг бүслээд буй, улсын минь хилээр увайгүйгээр нэвтрээд буй цар тахлыг намжтал бид дүрэм журмаа мөрдөхөөс өөр аргагүй.

Төгсгөлд нь нэг зүйлийг нэмж хэлэхэд Габриель Гарсиа Маркес дээрх зохиолоо бичиж асан хоёрхон жилийн хугацаанд дэндүү жаргалтай байсан агаад ЭНЭХЭН МӨЧ АМЬДРАЛЫГ ХЭРХЭН ҮНЭН ГОЛООСОО ТААШААХ ВЭ ГЭДГИЙГ ТҮҮНД СУРГАСАН гэдэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.118.58) 2020 оны 03 сарын 13

Амьд үхдэлийн тахалын дурлал

0  |  0
Top