ОЛОН ӨНГӨ: Цар тахал бидэнд юу сургав

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Дэлхий даяар дэгдээд цар тахлын хэмжээнд хүрээд буй шинэ төрлийн коронавирус хөл хорио, анхаарал болгоомж, ариун цэвэр, хууль дүрэм гээд олон үүрэг, хариуцлагыг бидэнд үүрүүлсэн.

Аймшигт вирус хүний биед нэвчих л юм бол өршөөлгүйгээр хөнөөх хүчтэй гэдгийг олон мянган хүний амь насыг авч одсоныг бид өдөр бүр мэдээллийн хэрэгслээр харж байна. Энэ нь сэтгэл санааны хувьд айдас хүйдэс, сэтгэл зовнил, хагацал үхэл гээд олон хар сүүдрийг дагуулж байгаа бөгөөд эдийн засгийн хямралд ч  биднийг чамгүй өртүүүлэх хэмжээнд тулсан. Гэвч аливаа зүйлийн саарыг биш сайныг харъя гэвэл бидэнд энэ цар тахал олон сайн сайхан чанарыг минь нээж өгчээ.

Юун түрүүнд жаргалын өлгий болсон эх орны минь эрүүл цэнгэг агаар салхи, уудам тал нутаг хийгээд нүүдэлчин монгол ахуй амьдралын хэмнэл биднийг эрүүл саруул байхад ямар их нөлөөтэйг хэн хүнгүй дуу алдан биширч байна. Бид малын гаралтай мах, цагаан идээг улиралдаа тохируулан хэрэглэснээр ийнхүү бие сайтай, дархлаатай байгаа юм шүү дээ. Нөгөө талаар хөл хорионд буй хугацаанд аав, ээжүүд үр хүүхдүүдтэйгээ ойр байж, ахан дүүс бие биедээ санаа тавьж халамжлан халуун дулаан уур амьсгал бүрдэж, бие биеэ илүү ойлгож, ярилцах амьд харилцааг эрхэмлэдэг болов.

Мэдээж ариун цэврийн хувьд гараа тогтмол угааж, гэр орноо тогтмол ариутган цэвэрлэж хэвшихийн сацуу гудамжинд нус цэрээ хаяхгүй байхыг сурлаа. Эдийн засгийн хувьд эх орондоо дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлж, өөрсдөө хүнс, бараа бүтээгдэхүүнээ хийж сурах нөөц бололцоо буй гэдгээ мэдэрлээ. Хууль дүрмийн  хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлан, дүрэм журмаа чандлан мөрдөх нь юу юунаас илүү чухал бөгөөд сүүлийн үед гэмт хэрэг илт багассан нь нийгэмд төдийгүй хүмүүсийн харилцаанд амгалан тайван, эмх замбараатай орчинг бүрдүүлж болдгийг харлаа. Хүн чанарын хувьд бид асар их алсын хараатай, уужуу талибуун, өрөвч хүнлэг, үнэнч тууштай, зоримог шийдэмгий гэдгээ таниуллаа. Сэтгэл санааны хувьд аливаад бэлтгэлтэй, хүлээцтэй, амь нэгтэй байна гэдэг хувь хүн төдийгүй нийгэм, цаашлаад улс орны минь аюулгүй байдал, халдашгүй дархан байдал, нэр төр юм гэдгийг ухаарлаа.

Дэлхийн хаанаас ч гэсэн Монгол гэхэд дээрх бүхий л нинж атлаа зоримог чанараараа бахадмаар, бахархмаар, харамламаар, хайрламаар сэтгэл оволзоод ирэх. Энэ бүхэн дэлхий дахинаа үймээн шуугиан дэгдээж амжсан цар тахлын бидэнд өгсөн сургамж басхүү ухаарал юм даа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bat(139.5.216.67) 2020 оны 03 сарын 14

Buh muuhai zuil hunii shunal,suvdag setgel,zambaraagui idesh hoolnoos bolj baigaa yum aa.Ene tahal bol zuvhun sanuulga tudii yum.Ene tahalaas gadna duusahgui shunalaasaa bolj shorond orj,dampuurch baigaa olon hun baina daa ,jishee ni Bishreltiin Undarmaa,Ereliin Erdenebat,Elbegdorj ene ter geed yavj ugnuu.Burhan tedend saihan bolomj ugsun.Gevch zavaan shunalaasaa bolood iim baidald orj baigaa yumaa.

0  |  0
Top