Маргааш 07:00 цагаас замын хөдөлгөөн нээхээр боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 15

Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас яг одоо мэдээлэл хийж байна. /2020.03.15/

Монгол Улсад шинэ коронавирусний халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 11-16-ны өдөр хүртэл хот хоорондын замын хөдөлгөөнийг хаасан билээ. 

Тэгвэл Улсын онцгой комиссоос гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цагаас хот хоорондын авто болон төмөр замын хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэлээ. 

Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын А/333 тоот захирамжийн үйлчлэл маргааш дуусч, захирамжид дурьдагдсан үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа нээгдэхээр болсон байна. Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хѳдѳлгѳѳний хорио тавигдаж байгааг Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Тиймээс маргааш 07:00 цагаас эхлэн үйлчилгээний газрууд болох үсчин, гоо сайхан, "Өгөөмөр", "Нарантуул", Барилгын зах, төвүүд гээд бараа үйлчилгээний газрууд хэвийн горимд ажиллана.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ариутгал, халдваргүйжүүлэлт энэ газруудад хийж амжсан гэж албаныхан мэдээллээ. 


ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
 

Улс, хотын хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг маргааш буюу даваа гарагийн өглөөний 07:00 цагаас нээхтэй холбоотойгоор орон нутгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхаарна уу!!!

Шалган нэвтрүүлэх товчоо, хяналтын цэгүүдээр нэвтрэх зорчигчдоос эрүүл мэндийн байдал болон эрсдэлийг тодорхойлох зорилгоор “ЗОРЧИГЧИЙН АСУУМЖИЙН ХУУДАС”-аар судалгаа авах бөгөөд тухайн хэсгүүдэд хөдөлгөөний ачаалал, хүлээгдэл бий болох тул иргэд жолооч нар эмх цэгцтэй ажил үүргээ гүйцэтгэж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг зөвлөж байна.
 

Top