Сүүлийн үед монголчууд хилийн чанадад хэрэгт холбогдон ял эдлэх, цаашлаад ялын дээд хэмжээгээр шийтгүүлэх тохиолдол цөөнгүй гарах болжээ. БНХАУ-д гэхэд манай 147 иргэн ял эдэлж, арваад хүн гэмт хэрэгт холбогдон мөрдөн байцаалтад байна.
Манай улс 2005 онд БНХАУ-тай ялтан солилцох гэрээний талаар ярилцаж эхэлсэн боловч Хятадын зүгээс нааштай хариу өгөлгүй явсаар энэ жилээс зөвшилцөлд хүрлээ. Гэхдээ энэ талаар манай талаас хэд хэдэн удаа санал тавьсан төдийгүй, хоёр улсын хоорондох төрийн өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр ч энэ хүсэлтээ тавьдаг байсан нь үр дүнгээ өгч байна. “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олгожээ. Ингэснээр Хятадад ял эдэлж буй иргэдээ эх оронд нь авчран ялыг нь дүйцүүлэн эдлүүлэх боломж бүрдэх юм. Шилжүүлэх үндсэн нөхцөл нь тухайн ялтан өөрийн хүсэлтээр эх орондоо ялаа эдлэх өргөдлөө өгсөн төдийгүй нөгөө талын улсаас хорих ялаар шийтгүүлсэн бол гэж заасан байх юм байна. Энэ нь зөвхөн хорих ял эдэлж буй хүмүүст хамаатай. Харин ялын дээд хэмжээ буюу цаазаар авахуулах ялаар шийтгэгдсэн бол энэ гэрээнд хамаарахгүй юм.
Хятадын эрүүгийн хуульд хар тамхитай холбоотой хэрэгт шууд ялын дээд хэмжээ ногдуулдаг. Тийм болохоор тус улсад цаазын ял сонссон манай иргэдэд боломж нээгдэхгүй нь бололтой. Гэхдээ энэ гэрээний үр дүнд одоо хоригдож байгаа 17 иргэнээс арав гаруйг эх орондоо ялыг нь эдлүүлэх боломжтой болж байна. Дээрх иргэд ч Монголдоо үргэлжлүүлэн ял эдлэх өргөдлөө гаргажээ. Түүнээс гадна ялтанд оноосон хэргийг өөрчлөх, эсвэл цуцлах эрхээ хадгална гэсэн зарчимтай тул ял завших гэсэн асуудал гарахгүй юм байна. Ямартаа ч ялтан шилжүүлэх гэрээ зөвшилцөлд хүрчихвэл хатуу чанга хууль дэгтэй Хятадын шоронд ял эдэлж, амьдын хагацал эдэлж буй элэг нэгт монголчууд маань эх орондоо ирж нийгэмших боломж бүрдэнэ.
Харин манай улсад гадаадын 16 иргэн хорих ял эдэлж байгаа бөгөөд үүнээс 8 нь урд хөршийн иргэд гэнэ. Ялтан солилцохдоо харилцан нэг гэсэн зарчмаар бус, тухайн ялтан өргөдөл гаргаж, хэрэг үйлдэгдсэн тал зөвшөөрч байгаа бол шилжүүлэх аж. Мөн ялтан шилжүүлэхтэй холбоотой зардлыг хоёр тал өөр өөрийн нутаг дэвсгэрийн хил хүртэлхийг даах ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )