Б.Туул: Ийм нөхцөлд өдөрт нэг аяга тараг, нэг стакан сүү хэрэглээрэй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 23

НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Туулаас дархлааг дэмжих хүнсний хэрэглээ болон хоол бэлтгэх үеийн эрүүл ахуйн талаар тодрууллаа.


-Шинэ коронавирусний халдвараас сэргийлж дархлаагаа дэмжихийн тулд иргэд ямар хоол хүнс хэрэглэвэл зохистой вэ?

-Юун түрүүнд олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглээрэй. Хүнсний бүтээгдэхүүнийг таван бүлэгт хуваадаг. Үр тариа, гурилан бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, хүнсний ногооноос өдөр тутмын хоолондоо заавал оруулах хэрэгтэй. Үр тарианы бүтээгдэхүүнд гурвалжин будаа, хөц будаа, шар будаа гэх мэтчилэн аль болох олон төрлийн будаанаас хэрэглэвэл эслэгээ нөхөхөд тустай. Эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, таргалалтаас сэргийлэх ач холбогдолтой нүүрс ус тул хэрэглэх нь зүйтэй. ДЭМБ-аас хүн өдөрт таван нэгж буюу багадаа 400 грамм жимс, жимсгэнэ хэрэглэхийг зөвлөдөг. Ялангуяа шинэ коронавируст халдвараас сэргийлэхийн тулд С аминдэмээр баялаг жимс жимсгэнэ болох чацаргана, аньс, нэрс зэргийг түлхүү хэрэглээрэй. Хүнсний ногоо нь халдварын эсрэг бодис болон эрдэс бодисоор баялаг байдаг.

Чинжүү, брокколи гэх мэт нарийн ногоог хэрэглээрэй. Сүү, цагаан идээ нь кальцийн гол эх үүсвэр, хүний биеийн ашигтай бичил биетний үйл ажиллагааг дэмждэг. Ялангуяа тараг нь гэдэсний ашигтай бичил биетний үйл ажиллагааг дэмжиж, сүүн хүчил их хэмжээгээр агуулагддаг. Тиймээс өдөрт багадаа нэг аяга тараг, нэг стакан сүү хэрэглэх нь дархлааг дэмжинэ. Тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мах, махан бүтээгдэхүүн уургаар баялаг, эрдэс бодис, цайрын эх үүсвэр болдог. Өндөг нь Д аминдэмийн эх үүсвэр учраас мөн хэрэглээрэй.

-Эрүүл бус хүнсний тухайд зөвлөгөө өгнө үү?

-Эрүүл бус хүнсийг хязгаарлах хэрэгтэй. Үүнд, ханасан өөх тостой буюу үйлдвэрийн боловсруулалтад орсон, транс тос ихтэй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Тухайлбал, төрөл бүрийн амттан, түргэн хоолны газруудын бүтээгдэхүүнийг аль болох хэрэглэхгүй, хязгаарлаарай. Хүүхдүүд гэртээ хөл хорионд байгаа учраас чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээнд нь эцэг, эхчүүд анхаараарай. Ундаа, жүүсэнд сахарын агууламж их учраас шошгон дээрх мэдээллийг харж сонгоорой. 100 грамм бүтээгдэхүүнд таван граммаас бага сахар агуулагдсан байвал эрүүл гэж үзнэ. 5-10 грамм байвал дунд зэрэг, 10 граммаас дээш байвал сахарын агууламж ихтэй гэж үздэг.

-“Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа” гэдэг үг бий. Өглөө, өдөр, оройд хэрхэн тохируулж хооллох вэ?

-Хооллолт гэдэг нь бие махбодын бүхий л үйл ажиллагааг хэвийн байлгах болон энергийн зарцуулалтыг нөхөхөд шаардагдах шим тэжээл, эрдэс бодис биед орох, боловсрох, шимэгдэх цогц үйл явц юм. Хүүхэд болон насанд хүрсэн хүн өдөрт таваас зургаан удаа, бага багаар хооллох хэрэгтэй. Өглөөний цай нь өдөрт авах ёстой нийт илчлэгийн 20-25 хувь, бага үдийн цай нь 10-15 хувь, өдрийн хоол нь 35-40 хувь, их үдэд 10-15 хувь, оройн хоол өдөрт авах ёстой нийт илчлэгийн 20 хувиас хэтрэхгүй байх ёстой. Энэ бол хамгийн тохиромжтой хооллолт гэсэн үг. Үүнээс бага үдийн цай, их үдийн цайнд хөнгөн хэлбэрээр хооллоорой.

-Хоол хүнс бэлтгэхэд ариун цэвэр чухал. Энэ үед эрүүл ахуйдаа яаж анхаарах вэ?

-Аюулгүй хоол хүнсний таван зарчмыг ДЭМБ-аас гаргасан байдаг. Үүнийг өдөр тутамд хэвшүүлвэл зохистой. Нэгдүгээрт, гарын болон хувийн ариун цэврийг сахиж, гал тогооны хэрэгсэл, аяга таваг, халбага сэрээ зэрэг хоол хийхдээ хэрэглэж байгаа бүхнээ сайтар цэвэр байлгах ёстой. Хоол бэлтгэхдээ, хийхдээ гээд гар бохирдох бүрд гараа угаагаарай. Бохир гарт 200 сая орчим нян агуулагддаг гэдэг учраас шинэ коронавирусний халдвараас сэргийлэхэд ч тэр зөв хооллоход ч тэр гарын ариун цэвэр чухал. Аюултай бичил биетүүд устдаг тул хоол хүнсийг гүйцэд боловсруулж хэрэглээрэй. Түүхий болон болсон хүнсийг тусад нь хадгалдаг. Түүхий хүнсийг бэлтгэж байхдаа болсон хүнсээ хамт хольж хутгаж болохгүй. Хүнсний бүтээгдэхүүнээ тохирсон зохих хэмд нь хадгалаарай.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2020 оны 03 сарын 23

Ter baliar hamsaatanuud ni heleech nasand hureegui huuhed uruu tataad oroldtson baina,turiin uureg huleesen humuus baijeej nuden deer ni boljoogoo uil yavdliig taslan zogsoohgui bur ulam demjij zurag avatsgaagaad yavj baisan bn,ham hereg hiisen baihad,bur esregeeree tuslah yostoi hun ni bur huchingiin hereg hiitsen baihad shudraga shuuh gej bn uu engiin tatvar tulugch arduud hohirood uldeh yostoi yum uu?

0  |  0
Top