Б.Чинбат: Бидний бие сайжирсан, удахгүй эх орондоо очно

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

"Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр  дуучин Ц.Сарнай нар арваннэгдүгээр сарын 27-нд "Корё" их сургуулийн "Анам" эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон билээ. Одоо мэс заслын дараах эмчилгээгээ үргэлжлүүлэн  хийлгэж байгаа бөгөөд удахгүй дуусах аж. Тэд эмчилгээгээ дуусгаад эх орондоо ирнэ гэдгээ мөн "Анам" эмнэлэгт  хэвтэн эмчлүүлэх хугацаандаа биеийн байдал нь  ямар байсан талаар сэтгэгдлээ дараах  ярилцлагаар дамжуулан илэрхийлжээ. Тэдний фэйсбүүк хуудаснаа байршуулсан ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэе.


-БНСУ-ыг сонгон эмчлүүлэх болсон шалтгаан нь юу вэ?

Б.Чинбат: Урьд нь БНСУ-ын  эрүүл мэндийн систем маш сайн гэж сонсож байсан. Тэгээд гэр бүлийнхэн, гэргийтэйгээ ярилцсан. Бидэнд сонголт хийх 4-5 эмнэлгийн нэр байсан. Анх Солонгост ирээд Анам эмнэлэг дээр ирсэн. Тэгээд яагаад ч юм ерөөсөө өөр сонголтууд байсан ч гэсэн энэ эмнэлгийн үүдээр орж ирээд яг л бидний итгэж найдах итгэлээ өгөх эмнэлэг мөн байна гэж бодсон. Үнэхээр хагалгаа маань амжилттай сайн болсон баяртай байна.

-Тэгвэл  тэр дундаа Корё их сургуулийн Анам эмнэлгийг сонгох болсон шалтгаан юу байсан бэ?

Ц.Сарнай: Сая Чинбаагийн хэлсэнчлэн олон эмнэлгүүд дундаас Анам эмнэлгийг сонгосон. Гэхдээ мэдээж найз нөхөд, танил мөн Анам эмнэлэгт ирж байсан хүмүүсийн зөвлөгөө санал бодлыг бид  сонссон. Олон ч монгол хүмүүс Анам эмнэлэгт ирж бидэнтэй яг адилхан элэг солиулах мэс засалд орж байсан юм байна лээ. Мөн биднийг эмчилж байсан эмч нар маань бидэнд эмнэлгүүдийн тухай хэлж өгч байсан. Тэр дундаас хавдар судлалын үндэсний төвийн дарга байсан Чинбүрэн эмч маань Анам эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах төвийн Ким эмчийг сайн мэддэг хамтарч ажилладаг, Ким эмч маань ч гэсэн монголд очиж байсан гэсэн. Дээрээс нь Анам эмнэлэг маань монголчуудад их элэгтэй маш олон монголчууд маань эмчлүүлдэг гэдгийг бас сонсоод их дотно санагдсан. Солонгост ирээд анх хөл тавьсан эмнэлэг маань Анам эмнэлэг байсан. Тэгээд л эргэлт буцалтгүйгээр эндээ хагалгаа хийлгүүлсэн нь зүгээр юм байна гэж шийдсэн. Ер нь хүн цаанаасаа нэг тийм совин ч гэх юм уу нэг мэдрэмж байдаг шүү дээ. Тэгээд л бид хоёр Анам эмнэлгийг сонгосон, их таалагдсан. Үйлчилгээ, эмч сувилагч бүх л хүмүүс нь мундаг чадвартай. Ер нь хүн эмнэлэгт очихдоо бүрэн итгэсэн эмч нартаа итгэх итгэлтэй байх ёстой. Тэгээд тэр итгэлцэл дундаас үнэхээрийн маш амжилттай их том хагалгааны ард гарсан даа. Бид хоёр сэтгэл маш өндөр байгаа.


Б.Чинбат: Бид хоёрын хувьд үнэхээр маш их баяртай байгаа. Ерөөсөө бүх хүмүүс үнэхээр мэргэжлийн ур чадвар өндөр, эзэмшсэн мэргэжилдээ гаргуун  байсан. Ярьсан, харьцсан эмч, сувилагч, биднийг  холбож өгсөн координатор, орчуулагч бүгдээрээ. Тэгээд үнэхээр зуун хувь сэтгэл хангалуун байна.

-Эмчилгээ хийлгүүлж байх үе хагалгааны өмнө болон дараа, ер нь эмнэлэгт хэвтэж байх хугацаанд эмнэлгийн үйлчилгээний талаар ямар бодол сэтгэгдэл төрсөн бэ? Сайн тал нь юу байсан бэ?

Б.Чинбат: Олон жил өвдөж явсан болохоор ч тэрүү яагаад ч юм бэ хурдхан шиг л мэс засалд орчих юмсан гээд бүр яараад л байсан. Тэгээд эхлээд хагалгаанд орохын өмнө маш олон удаа эмч нар, эмчтэйгээ уулзаж байгаа шүү дээ. Ким эмчийн баг бол үнэхээр өндөр түвшний сайн эмч нар байсан. Тэгээд бас хүнтэй их гоё ойр ажиллаж чаддаг. Бид  мэдээж л айж байсан, хэзээ ч амьдралдаа үзээгүй юмаа үзэж байгаа юм чинь. Бидний сэтгэл санааг засч өгөөд үнэхээр  хүн хүний харьцаа гэдэг юман дээр бас их анхаарч сайн ажилласан гэж боддог. Тэгээд эхний орсон өдрөө бол бас их айж байсан. Надад элгээ өгсөн хүн бол миний гэргий.  Энэ бол үнэхээрийн гайхалтай. Намайг амьдруулсан хүн миний гэргий, Ким эмчийн баг хамт олон, мөн энэ эмнэлэг. Тэгэхээр миний хувьд насан туршдаа баярлаад баршгүй ийм гайхалтай үйл явдал болсон. Мэс засалд орсон, мэс засал дуусаад сэрсэн. (Инээв) Тэгээд бүх юм их гоё зөөлөн явсан. Үнэхээр сайхан юм байна лээ. Одоо бол би мэс засалд ороод гурван сар болж байна, тэгэхэд одоо инээгээд л эргээд нөгөө төгөлдөр хуур дээрээ гараа тавих хэмжээнд хүрсэн байна.


-Том хагалгааны ард гарлаа.  Хагалгааны дараа таны биеийн байдал хэр сайжирсан бэ, хэр сайн эдгэрсэн бэ?

Б.Чинбат: Одоо миний биеийн байдал  маш сайн байна. Ерөөсөө өдөр хоногоор сайжраад байдаг юм байна. Тэгээд бас тухайн өвчтөн өөрөө бас их гоё тэмүүлэлтэй, амьдралын гоё өнгөтэй, бүх юмыг гоё баяр баясгалантайгаар харах нь их сэтгэлийн хүч байдаг юм уу даа гэж бодож байсан. Тэгээд намайг болон миний гэргийг эмчилж байгаа.  Гэргий маань надад элгээ өгөөд  адилхан хоёулаа өвчтөн болж таарсан. Тэгэхээр хоёуланг маань сайхан эмчлээд ингээд бүр инээгээд л явж байна. Одоо бараг гүйлээ шүү дээ. (Инээв)

Ц.Сарнай: Би бол ерөөсөө аягүй хурдан босч ирсэн.  Гол нь өөрөө дотроо бас сэтгэлийн бэлтгэл маш сайтай байсан,  донор болохоосоо өмнө өөрийгөө донор болно гэдэгтээ нэг тийм итгэлтэй совинтой байсан, эхнээсээ л тийм байсан болохоор ер нь хагалгааны дараа долоо хоногийн дотор босно шүү гэж  дотроо бодсон. Мэдээж яг ийм том хагалгаа үзээгүй, гэхдээ хүнд үеүд мэдээж байсан. Гэхдээ би чинь нөхрийгөө анхнаасаа харах гэж ирсэн хүн, тэгээд өөрөө энд ирээд гэнэтхэн донор болсон.  Нөхрийгөө харах хандах ёстой. Тэр утгаараа би өөрөө хажууд нь хатуу чанга байж нөхөртөө дэм болно гэж бодсон.  Бие маань бас эрүүл байсан учраас хурдан тэнхэрсэн. Эрүүл байх маш их чухал юм байна лээ. Тийм болохоор хурдан тэнхэрсэн.

Б.Чинбат: Тэгээд одоо бүх доноруудыг үнэхээр миний хүслээр бол бүгдийг нь алдаршуулах хэрэгтэй юм байна. Үнэхээр энэ хүмүүс бол гайхалтай хүмүүс байхгүй юу. Бас бүх итгэл сэтгэлээ өгсөн эмнэлэг маань, эмч нар маань, энэ солонгосын систем бол агуу. Тэгээд баярлалаа гэж хэлмээр байна.

-Та хоёр маань эх орондоо буцаж очоод Анам эмнэлгийг ойр тойрны танил хүмүүстээ болон өөрсөдтэйгөө адилхан оноштой хүмүүст танилцуулах бодол байгаа юу?

Ц.Сарнай: Өө тэгэлгүй яахав, биднийг Анам эмнэлэгт эмчлүүлж байгааг хүмүүс эхэндээ мэдээгүй байж байгаад сүүлд нь мэдсэн л дээ. Тэгээд л хагалгааны дараанаас эхлүүлээд ерөөсөө мессенжерээр мессеж бичдэг ч юм уу, олон хүмүүстэй бид холбогдож энэ эмнэлгээ хэлж өгч байсан. Яг бид хоёрыг энд орсон гэхээр хүмүүс бас их сонирхож байсан. Зөвлөгөө авах, манай аав эсвэл манай найз ингээд адилхан ийм оноштой юмаа хаана очиж үзүүлбэл зүгээр вэ? гээд их олон хүмүүс холбогдсон. Бүгдэд нь  холбоо барих утсыг хэлж өгсөн. Асууж холбогдоод ирсэн хүмүүс байгаа. Ер нь бол дандаа тэгж хэлж ярьж, өөрсдөө энд ийм гоё эмнэлэгтэй танилцаад биеэрээ туулаад ийм сайхан болоод явсан юм чинь бас өөр бусад хүмүүс ч гэсэн Анам эмнэлэгт ирээд сайхан эрүүл болоод гараасай гэж хүсдэг юм байна лээ.

Цаг гарган чин сэтгэлээсээ бидэнтэй ярилцсан та хоёртоо баярлалаа.
Танай гэр бүлд эрүүл энх хамгийн сайхан бүхнийг хүсье.

Эх сурвалж: Корё их сургуулийн "Анам" эмнэлэг

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.178.109) 2023 оны 11 сарын 15

khund uwchlukh tegeed sayn emneleg olokh , uwchnuu saykhan emnuuleed eruul bolood garakh ch bas az jargal shuu, sayn saykhnyg khusie\n

0  |  1
Top