Тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг ГАНЦААРЧИЛЖ тусгаарлана

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 26

Улсын онцгой комиссын шуурхай хуралдаан дууслаа. /2020.03.26/

Тусгай үүргийн онгоцоор ирсэн 1000 гаруй иргэдийг эмнэлэг болон амралтын газар, зочид буудалд 14 хоног тусгаарлаж буй. Тэгвэл өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар тусгаарлалтад байгаа иргэдийн тусгаарлах 14 хоногийн хугацааг сунгах шийдвэрийг гаргасан байна. Өөрөөр хэлбэл, тэднийг 14 хоног тусгаарлаж байсан бол 21-28 хоног болгох шийдвэрийг гаргажээ. 

Хугацаа сунгасантай холбоотойгоор нэмэлт долоо хоногийн төлбөрийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон байна. Тодруулбал, таван удаагийн тусгай нислэгээр ирсэн 1000 орчим иргэн дахиж тусгаарлах байрны төлбөр төлөхгүй. 

Түүнчлэн цаашдаа иргэдийг ганцаарчлан тусгаарлах буюу нэг өрөөнд нэг иргэнийг байлгахаар болжээ. 

Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Одоогийн байдлаар тусгаардагдаж байгаа иргэд нэг өрөөнд 2-4 хүний бүрэлдэхүүнтэй байгаа. Халдвар авсан хүний шинж тэмдгийн илрэх хугацаа нь 14 хоног биш байна гэж үзсэн. Энэ нь нэг нь нөгөөдөө халдаах эрсдэлийг бий болгож байна. Сүүлийн буюу КОВИД-19 11 дэх тохиолдлын тухайд өрөөндөө хоёулаа байсан. Тийм учраас бид бодлогодоо өөрчлөлт гарган 1 өрөөнд 1 гэсэн хувилбар руу орж байна.

Дөрөвдүгээр сарын 2-4-ний өдрийн нислэгээр 750 монгол иргэнээ татахад 750 өрөө хэрэг болж байна. 750 өрөөнөөс гадна 14 хоногийн төлбөр болох 700 мянган төгрөг авч байсан бол 21 хоногийн нэг сая 50 мянга болж байна гээд өөрчлөлтүүд гарч байна" гэв. 

Top