ОЛОН ӨНГӨ: Аялгуу сайхан монгол хэлээр өгөх анхааруулга

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

Энэ ертөнцөд олон мянган жил хагдарч, том жижиг олон зуун үндэстэн ор мөргүй устаж үгүй болсон ч Чингисийн үр хойч Төв Азийн цээжнээс хагдраагүй. Орчин цагийн Монгол Улсыг их гүрнүүдээс ангид тусдаа бие даасан үндэстэн гэдгийг эх хэл минь илтгэдэг. Бидний эх хэл хэчнээн баян тансаг хэрэглээтэй, нэн эртний хэл болохыг хагдраагүй түүх минь гэрчилдэг. Өвөг дээдсээс өвлүүлсэн олон аялга бүхий, яруу тансаг эх хэл минь энэ үеийн дэлхийн даяаршил, үндэстнүүдийн ижилсэл дунд хагдрах эрсдэл бас бий. Үүнийг өглөө бүр санан хагдруулалгүй, дараагийн үедээ баялаг хэвээр уламжлуулах нь монгол газрын эзэн болж төрсөн хүн бүрийн эрхэм үүрэг.

Ийм залхмаар урт өмнөтгөл хийхийн учир нь хэчнээн элбэг дэлбэг энэ хэлэнд орхигдох шахаад буй ганц үгийг энд сануулахгүй өнгөрч болохгүй санагдсан юм. Сүүлийн хэд хоногийн сэрэмжлүүлэг мэдээнд “Зуслан болон гэр хорооллын иргэд хашааны өнжмөл шар өвс шатааж байгаад гал алдсан дуудлага ихсэх хандлагатай байна. Иргэд хашаандаа өнжмөл шар өвс шатаасны улмаас өөрийн болон бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах, цаашлаад ногоон бүс галд өртөх эрсдэлийг дагуулж байгаа юм. Айл өрхүүд хашааны өнжмөл шар өвсийг шатааж, ил гал гарган иргэд, олон нийтэд хохирол учруулсан тохиолдолд, Зөрчлийн тухай хууль тогтоомжийн дагуу торгуулийн шийтгэлийн арга хэмжээ тооцож, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хариуцлага хүлээлгэнэ” гэх болсон.

Монгол хэлний тайлбар толинд хагд өвс жил улирч өнжсөн хатсан шар өвсийг хэлнэ гэж тайлбарлажээ. Үүнийг хагдыг голбол мал турна, хуучныг мартвал хүн гэнэднэ, хагд өвс хагдардаг шиг ааш зан хүртэл хагдарна хэмээн өдөр тутамдаа хэрэглэдэг. Хар ус уухгүй, хагд өвс идэхгүй хэмээн ардын аман зохиолд гарсан нь ч бий. Цаашид өнжмөл шар өвс биш хагд өвс гэж хэрэглэцгээе.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.76.164) 2020 оны 03 сарын 31

Заяасан ухаанаа ашиглахгүй бол монгол үндэстэн устана

0  |  0
Top