Баар, фитнесс, соёлын үйлчилгээг түр хаасан хугацааг сунгалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 30

Нийслэлийн Онцгой комиссын хоёрдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар баар, фитнесс болон соёл урлагийн газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан. Тэгвэл өнөөдөр /2020.3.30/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан уг шийдвэрийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж байгаа тухай мэдээллээ. 

Тэрбээр "Зарим улс орнууд шинэ коронавирусний халдварын үед шаардлагатай арга хэмжээг аваагүйн улмаас халдварын тохиолдлууд буурахгүй байна. Улаанбаатар хотын хувьд цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээг авч ажилласан. Гэхдээ тайвширч, назгайрч болохгүй. Хорио цээрээ тавих ёстой гэсэн иргэдийн санал их байна. ЭМЯ болон холбогдох байгууллагын зөвлөмжийг чанга мөрдөж, сэрэмжтэй байх нь бидний үүрэг юм. 

Хөл хориог сунгах тухай асуудлаар шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 10 дугаар зарлиг, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүд хэрэгжиж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг гаргаж, ажиллаж байна.

Нийслэлд давхардсан тоогоор баар, ресторан 4350, цахим тоглоомын газар 2044, амралтын газар 240, үзвэр үйлчилгээний газар 361, биеийн тамир, спортын газрууд 365, жолооны курс 299, хүүхдийн тоглоомын төв 129, нийт 15454 байгууллагад мэдэгдэл хүргүүлж, ариутгал халдваргүйтэл хийсэн. Хөл хорионы үеийн журмыг зөрчсөн ААН-д хариуцлага тооцсон.

Дэлхийн улс оронд КОВИД-19 буюу шинэ коронавирусний тархалт буурахгүй байгаа тул нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор өмнө нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээ буюу түр хаасан шийдвэрийг үргэлжлүүлнэ. Тодруулбал, амралт, фитнесс, саун зэрэг эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулдаг газруудыг хэсэгчлэн нээх боломжийг судалж байсан боловч өнөөдрийн байдлаар нээх боломжгүй болсон хэмээн үзэж, 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Хугацааг сунгасан шийдвэрийг иргэд, ААН-үүд зөвөөр ойлгож, шийдвэрийн хэрэгжилтийг хангахад хамтарч ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ бол нэг ААН-ийн үйл ажиллагаа гэхээсээ илүү нийслэлийн оршин суугчдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой" гэв.

ШУУД ҮЗЭХ


Мэдээллийн дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан иргэдээс ирсэн асуултад хариулсан юм. 

-Уулын ам болон амралтын газруудыг хэсэгчлэн нээх боломжтой юу. Хүүхэд залуусыг агаарт гарах боломж нээж өгнө үү? 

-Ууланд гарах, агаарт гарах боломжтой. Гэхдээ бөөнөөр цуглахгүй, гэр бүлийн хүрээнд байх ёстой. Хүүхэд багачуудыг гэрт нь байлгах, хорих нь зохимжтой биш гэж үзэж байна. Хүүхдүүд харгалзах хүний хамт уулын аманд болон зарим нэг салхилж болох газруудад аюулгүй байдлаа хангаж, салхилах нь хориотой зүйл биш. 

-Дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгнө үү? 

-Дахин төлөвлөлтөд иргэдийг хамруулахдаа шинэ арга барилаар хамруулж байна. 2016 оноос хойш 696 хүнийг орон сууцанд оруулсан. Газраа чөлөөлөөд өгсөн ч байрандаа орж чадаагүй хохирсон иргэд олон байна. Цаашид ийм байдлыг бий болгохгүйн тулд иргэдэд түрээслээд өмчилдөг орон сууц, газраа орон сууцаар солих гэсэн төслүүдийг санал болгож, хэрэгжүүлж байна. Энэ жил 7-8 байршилд нийт 10 мянган айлын орлогод нийцсэн орон сууц буюу сар бүр түрээсээ төлөн өмчлөх төслийг хэрэгжүүлж байна. Эхний 972 айл орон сууцандаа орсон. Дараагийн айлууд орж байна. Энэ мэт дахин төлөвлөлтийн ажлууд үргэлжилж байна. Газрыг зөвхөн 1-2 гудмаар биш нэг дүүрэгт таваас доошгүй га газрыг чөлөөлж, нэг га-г ногоон байгууламж, үлдсэн дөрвөн га-г бүх орчны аюулгүй байдлыг хангасан дахин төлөвлөлтийг хийж байна. 

-0-12 насны хүүхэдтэй эхчүүдэд гэрээс ажиллах боломжоор хангах, цалинтай чөлөө олгох асуудал үргэлжлэх үү? 

-Нийслэлийн Засаг даргын захирамж хоёрдугаар сард гарсан. 0-12 настай хүүхэдтэй ээжүүд болон ганц бие аавуудад нэг цагийн өмнө ажлаасаа тарах, цалинтай чөлөө олгох шийдвэрийг хэрэгжүүлж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл цалинтай олгох, гэрээсээ ажиллах боломжтой хүмүүсийг гэрээс нь ажиллуулах шийдвэр үргэлжилнэ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.22.62) 2020 оны 03 сарын 30

УБ ХОТЫН НЭР ХАЯГТАЙ ТЕЛЕВИЗҮҮД ХОТЫНХОО САЙН МУУГ БАЙНГА МЭДЭЭЛЖ СУРТАЛЧИЛЖ БАЙХ ЁСТОЙ . ГЭТЭЛ БАЛХЖАВ ГУАЙН ДУУ ХѲГЖИМѲѲС ХЭТЭРДЭГГҮЙ НЬ ѲРѲВДМѲѲР

0  |  0
Зочин(122.201.22.83) 2020 оны 03 сарын 30

Зөв шүү одоо нэмээд архи согтууруулах ундааг зарахгүй болчмоор байна гадуур их ууж байнааа цагдаагийн мэдээн дээр гарч харагдаж л байгаа байлгүйдээ

0  |  0
утгагүй хөл хорио(66.181.184.119) 2020 оны 03 сарын 30

крантилаж байгаа бол бүгдийг нь крантийлаач.шал худлаа хөл хорио...фитнэс үзвэр үйлчилгээнд масктай байх ажлийн байранд масктай байх ямар ялгаа байнаа....төрийн алба нь цалинтайгаа даатгалаа хөнгөлүүлээд хувийн хэвшил нь орлогогүй өрөнд ороод...төрийн алба хүн бусад нь хүн биш...

1  |  0
Баярлалаа(66.181.184.245) 2020 оны 03 сарын 30

Зөв зөв дотроо айж л суулаа.Одоо хатуу гараар л барьж байхгүй бол бусад орнууд сул чөлөөтэй яваад юу болж байгааг харж байгаа биз дээ хүмүүс минь.Баярлалаа

0  |  0
зочин(202.9.46.176) 2020 оны 03 сарын 30

зөвөө зөв.

0  |  0
Top