Б.Нямдарь: Зундаа тараг, хоормогоор хооллож, цэргийн алба хаасан нь намайг чийрэг болгосон

2020 оны 04 сарын 02

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өнгөрсөн долоо хоногт /2020.03.27/ хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад ажилтан, 100 насын насалж байгаа Жанлавын Нямдарь гуайд энх тунх урт удаан наслахыг ерөөж, хүндэтгэл үзүүлжээ.

Б.Нямдарь гуай 1920 онд  Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг Номгон Зүлэгтий гэдэг газар малчин ард Батбуянгийн хоёр дахь хүү болон төрж гурван жаран, хоёр зууныг үзэж улс орныхоо түүхэн хөгжлийн гэрч болон аз жаргалтай амьдарч буй буянтай буурал.

Тэрбээр 1939 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын хоршооны ноос бэлтгэлийн нягтлан бодогчоос эхэлж эсгий эсгий гутлын үйлдвэр, ноосны нэгдэлд 25 жил ажилласан манай хөнгөн үйлдвэрийн салбарын хүндтэй ахмад ажилтан юм. Үүний зэрэгцээ Б.Нямдарь гуай Ардын цэргийн алба, Өвөрхангай аймгийн намын хороо, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөл, Намын төв хороонд удирдах албан тушаалд удирдлага, хамт олныхоо итгэлийг хүлээж, даалгаж хариуцуулсан ажил бүрийг хариуцлагатай, санаачилгатай, үр дүнтэй гүйцэтгэж иржээ.

Өдгөө 100 насыг насалж, энх тунх, эрүүл, ухаан саруул байгаад түүний дараах дадал, зүйлс нөлөөлсөн гэж настан маань хуучилжээ.

“Миний сайхан насалж байгаа нь Төрийн минь сүлд өршөөж, түмэн олон маань дэмжиж байдгийн ач буян.Намайг эрүүл саруул хүү болгон төрүүлж өсгөсөн ижий, аав хоёртоо баярлаж явдаг.

-Би 6, 7 настай бага балчир үеэсээ хар бор ажилд нухлагдсан, 16 нас хүрмэгцээ аавыгаа дагаж адуунд явна, өвлийн жавраар нүцгэн гараараа хүйтэн уурга барихаар гар хайраад байна гэхээр аав "гараа бутны өмнөх элсээр үрчих гэдэг байсан, элсээр үрсний дараа гар халуу оргиод ирдэг байлаа. Төд удалгүй, нутаг усныхан маань намайг “16 настай ч Угтаалын хэцийн “зэгсэн уургач хүү” гэх болсон. Ер нь аавтай хууч хөөрч байгаа хөдөөгийн сайхан өвгөдийн яриаг багаасаа сонсох дуртай, том хүний үг чагнаад гарч малаа хар гэж “хөөсөн” ч эргэж орж ирээд тэр сонирхолтой ярианд нь биширдэг, сахиж биелүүлэхийг хичээдэг байлаа"

- Зун 5-р сараас 7-р сарын дунд хүртэл тараг хоормогоор голдуу хооллож байгаад наадмын дараа айраг залгаад ууна. Эсгий хийх үед л нэг ямааны мах жаахан иднэ, зун намрын бусад үед мах идэхгүй буюу хааяа тааралдсан үед нь амсах төдий сонирхоно. Харин өвлийн улиралд голдуу, хонины хярамцагтай хоол идээд л малдаа явна даа. Ер нь мах, хоолыг бүр их цадталаа иддэгүй байсан.

-Цэргийн алба, түүний дасгал сургууль намайг чийрэг сайхан болгосон.

- Би ажил амьдралынхаа урт хугацаанд ямар ч хүнтэй уурлаж, ширүүн дориун харьцаж байгаагүй, байнга тайван ухаалаг байхыг хичээдэг байсан, ер нь ийм байдалд залуугаасаа дасал хэвшил болсон доо” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гарчиг(203.169.48.34) 2020 оны 04 сарын 02

Гарчигаа засахгүй бол Жанлавын Нямдарь л гэсэн байна даа

0  |  0
Иргэн.(103.57.92.146) 2020 оны 04 сарын 02

Сайхан буурал Танд улам сайн сайхан бүхнийг хүсэе. Батбуянгийн адуу догшин ,яс сайтай удамтай байсан гэж ахмадууд, аав минь ярьдаг , хэлдэг байлаа.Бас Лоохууз , Нямбуу ,Сурамаажав , нарын хамсаатан болгож, ажил албанаас нь өөрчилж,хавчигдаж байсан ч сэтгэлийн хат, тэсвэр тэвчээрийг үзүүлж амьдарч яваа эр хүн.

0  |  0
Top