Монгол залуус инженер техник, технологи, шинжлэх ухаан гээд бүхий л салбарт гологдохгүй гэдгийг олон бүтээн байгуулалт, шинэ нээлт ололт амжилтаар харж болно. Гэтэл монгол залуусыг эгээ л адуу мал зүслэх адил шүдийг нь тоолж, нүдийг нь эргэлдүүлж, гар хөлийг нь барилж, булчин шөрмөсийг нь шалгаж, бяр тэнхээг нь сорьж байгаад мянга мянгаар нь хүний нутагт боолын хөдөлмөр хийлгэхээр явуулдаг. Тэд амраг хань, алаг үр, аав ээжийгээ орхиод хэдэн жилээр зоосны төлөө зовлогоо барсаар тугал хариулах тэнхээгүй, туг намируулах бядгүй болохоороо л аргагүй нутаг барааддаг. Гэтэл ар хударгаар нь төрийн эрх мэдэлтнүүд тендер гэх нугалаа дор зам тавих, барилга барих нэрийдлээр зуу зуугаар нь хятад, солонгос эрсийг авчирдаг нь төрийн ямар бодлого вэ?
Саяхан Америкийн Калифорни мужийн Сайфон арал дээр барилгын ажлын гэрээгээр очсон 140 монгол залуу өөрсдийгөө цоож хаалганы цаана 14 хоног тусгаарлаад байгаагаа зарлав. Тэд эмнэлэгт шинжилгээ өгөх боломжгүй тул халдваргүй гэдгээ батлах гэж, эх орондоо энх тунх очихын тулд 14 хоног ийнхүү өөрсдийгөө нэгдсэн сахилга бат, эв нэгдлийн дор сайн дураараа тусгаарлаад байна. Монгол Улсынхаа Төрийн дуулалыг халуун зүрхээ даран дуулж буй идэр залуухан 140 эрс бүгд Монголын далбаатай малгай, цамц, амны хаалтаар ижилсэж бид нэгдэж чаддаг агуу Монгол гэдгээ хүний жаахан арал дээр ийн тунхаглаж байгаа нь цаанаа маш том агуулгыг өгүүлж буй.
Тэд бол хилийн чанадад ажиллаж буй мянга мянган залуусын төлөөлөл. Үүний цаана үндэсний аюулгүй байдал, хүйсийн тэнцвэрт байдал, гэр бүл төлөвлөлт, хүүхдийн эрх гээд маш олон асуудал хөндөгдөнө. Эр бяр нь харихаас өмнө, ир хүч нь мохохоос нь өмнө, даль жигүүр нь цуцахаас, даамай хүсэл нь унтрахаас нь өмнө хүний газар махаа зулгааж буй шижигнэсэн сайхан монгол залуусаа эх оронд нь авчирч хүчийг нь гаргаж, хөлсийг нь дуслуулаач ээ. Тэдний ард 140 монгол эмэгтэй гансарч, 140 монгол эх хүлээж, 140-өөр тоологдохгүй монгол үрс өнчирч, бэтгэрч буй. Хоймор эзгүй гэрт хатавчны нохой хүртэл санаархдаг юм шүү...
Сэтгэгдэл ( 2 )
Монголын компаниуд хөдөлмөр хамгаалалд хайнга ханддаг учраас гадаад руу явж байгааг буруутгах учиргүй
Сэтгэл шимширч байна.