СУРВАЛЖИЛГА: Хоосон хоносон ч хамаагүй хүүхдүүдээ сургуулиас нь л завсардуулчихгүй юм сан

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 03

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Ойчидын задгайд (Тоосгоны үйлдвэрийн эцэст) Б.Хүүхнээгийнх гэж олон хүүтэй нэгэн айл бий. Нуурын баруухантаа хашаагаа хатгаж, бууриа дугуйлаад авчээ. Өвлийн утаа тоосонд дарагдсан намхан бор гэрээс дэрсхэн жаалууд орж гарч, болжмор шиг шулганан, дэрхийн гүйлдэнэ. Хашааныхаа гурван талд нь гурван нохой уяжээ. Эргэн тойронд нь эзэнгүй голдуу хашаа, энхэл донхолтой зам, эмх замбараагүй гудамж хүрээлжээ. Хашааны зүүн сугаар уулын цас хайлж жижигхэн горхи болон урсана. Дэрсхэн дөрвөн банди аавынхаа командаар цэрэг шиг дэгэнд орж гэр өөдөө гүйв. Гэрт дөрөв орчим насны хүүгээ тэвэрсэн эх мэндлэн угтлаа. Хамгийн том хүү нь айлын хүүхэд харахаар яваад эзгүй байв.

Өвчин зовлонгүй эрүүл байвал л бүхнээс илүү жаргал тэр шүү дээ

Хүүхдүүд номхон команд авсан бололтой чимээгүй сууна. Бидний яриа хүүхдүүдээс эхлэв. Гэрийн даалгавраа сайн хийж байна уу? гэхэд хамгийн том нь тийм гэж бишүүрхэнгүй хариулав. Ээж нь цаанаас нь манай хэд сувгаа булаацалдаад хагас дутуу л юм хийж байгаа гэж “ховлоход” аав нь наанаас нь багш нь өдөрт нэг удаа шалгадаг байх аа гэж “өмгөөлөв”. Гэрийн баруун хойд өлгүүрт хөвгүүдийн хичээлийн хиргүй, индүүдлэгтэй дүрэмт хувцас цэмцийгээд хичээл номоо өрж тавьсан нь эмх цэгцтэй, цомхон айл байлаа. Өдийд хичээлдээ манаргаж байх ёстой хүүхдүүд коронавирусний улмаас гэр, гэртээ ийнхүү “хоригдож” байгаа билээ. Ангийнхаа хүүхдүүдийг санаж байна, бушуухан хичээл ороосой гэж удаах хүү нь цовоо хэлэв. Хүүхэд л болсон хойно зүггүйтэн тогломоор санагдана шүү дээ, хойд талын сагсан бөмбөгийн талбай руу тэд аль хэдийн гүйгээд оччихно. Заримдаа хорооны хэсгийн эргүүлүүд хүүхдүүдийг гэр рүү нь “хөөдөг” бол ихэнхдээ аав нь тэднийг “тууж” авчирдаг ажилтай. Ид хөдөлгөөнтэй насан дээрээ байгаа болохоор гэрт тогтохгүй хэцүү юм гээд ээж нь хошуу цорвойно. Б.Хүүхнээ, О.Энхцэцэг хоёр 43 настай бөгөөд, 24 жил ханилахдаа 4-17 насны зургаан хүүтэй болжээ. Бага хүүгээс бусад нь бүгд 58 дугаар сургуулийн сурагч.

 

Аав нь барилгын туслах ажилтан хийж, ээж нь гэртээ хүүхдүүдээ хардаг ажилтай. Алтаншагай, Содшагай, Сод-Эрдэнэ, Содбилэг, Эрдэнэшагай, Отгоншагай нар эхнээсээ сургуулийнхаа сагсан бөмбөг, хөл бөмбөгийн аварга болж алт, мөнгөн медалиар аав, ээжээ баярлуулжээ. Сургуулиас хүүхдүүдийнх нь сурах бичгийг үнэгүй хангаж өгдөг болохоор хүүхдүүдээ олны дунд бүлтгэнүүлэхгүйн тулд ангийн фонд, засварын мөнгө энэ тэрийг заавал өгдөг ажээ. “Цар тахал дэгдээд, цаг үеийн байдлаас шалтгаалаад барилгын ажил зогсож, нэг хэсэг ажилгүй болоход амьдрал хүндэрч байна шүү” гээд Хүүхнээ инээмсэглэв. Зарим газрууд ажиллуулж, ажиллуулчхаад цалингаа бүтэн өгдөггүй гэнэ. Дөрөвхөн хоногийн өмнө тэрбээр Яармагийн хороололд барилгын өрлөгийн ажилд орсон аж. Яармагаас Тоосгоны үйлдвэрийн эцэс хүртэл явсаар орой 10 цагт л гэртээ орж ирнэ. Эцэг хүний хувьд хүүхдүүд нь өвчин зовлонгүй л байвал жаргал тэр бөгөөд хүүхэд бужигнасан өргөө гэртээ орж ирэх шиг сайхан зүйл үгүй гээд харц нь хайраар гэрэлтээд ирэв. Архангай аймгийн унаган хүү Хүүхнээ  нь долоон эгч, дөрвөн эмэгтэй дүүтэй айлын ганц хүү юм. Айлын ганц хүү болж төрөв үү гэсэн шиг бурхан түүнд олон хүү заяасан болов уу. Түүний эхнэр Энхцэцэг бүсгүй эхэндээ охинтой болохыг хүсдэг байсан ч сүүлдээ “дөжирчихсөн”. Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг дархан бэр гэдэг бол дарханы дархан бэр болсон түүнд ахан дүүс нь жигтэйхэн хүндлэлтэй, хайртай. Сургуульд нь хүргэж өгөхөөр галууны дэгдээхэй шиг дэрсхэн хөвгүүд дагуулаад явахаар бүгдээрээ чиний хүүхэд юм уу гээд хүмүүс итгэж ядаж, эвийлж өхөөрддөг гэнэм.

 

Үнс нурамнаасаа амилсан галт шувуу мэт амьдралын төлөөх нислэг

Өмнө нь тэднийх 32-ын тойрогт айлын хашаанд байшинд амьдарч байж. Харамсалтай нь яндан нь задарч гал алдсаны улмаас байшин нь шатаж орох оронгүй болжээ. Дараа нь Долоон буудалд жижиг дөрвөн ханат гэрт амьдарч байтал хажуу айлын асгасан цогтой үнс хийсэж ирээд гэрийг нь мөн л шатаачихжээ. Хоёр ч удаагийн золгүй явдлаас болж өмссөн хувцаснаас өөр зүйлгүй хоцорсон ч эсэн мэнд, элэг бүтэн үлдсэн нь олон хүүхдийнх нь заяа буян түшсэн гэлтэй. Амь хоргодох дээвэргүй, ам дэвтээх цайгүй олон нялх нойтон хүүхэдтэй ядарсан хүнд наашаа гэх хүн олддоггүй юм байна лээ гээд хоолой нь зангирах энэ эр энэхэн амьдралыг цогцлоох гэж хэчнээн их өмөрч нурж, тэсэн босож, тэмцэн тэвчиж, хуруу хумсаа хугалан байж зүтгэсэн нь илт. Тэр үеэ бодвол одоо 400 метр квадрат газарт, жижиг зургаан ханат гэртээ товхийгээд авсан.  Гэвч Ойчидын задгайд тэднийх шиг тоггүй, газрын зөвшөөрөлгүй 50 гаруй айл бий. Тэр хавийг моджуулна гээд зөвшөөрөл өгдөггүй аж. Тэдгээр айл нийлж өнгөрөгч 10 дугаар сард тог цахилгаан залгуулж, газрын зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг харьяа газартаа өгсөн ч одоо болтол хариу, шийд өгөөгүй байгаа юм. Хүүхнээгийнх хойд айлаасаа 500 метр утас гүйлгэж тог залгуулсан бөгөөд айлдаа сар бүр задгайгаар тооцон 50 мянган төгрөг өгдөг ажээ. Хэрэв өөрсдөө тогоо залгуулаад хэрэглээгээрээ тооцвол нэг айл 20 хүрэхгүй мянган төгрөгийн л тогны мөнгө гардаг тухай гэрийн эзэн санаа алдан өгүүллээ.

 

 

Тогоо дүүрэн цуйван нүд ирмэхийн зуурт л дуусдаг

Тэднийх өмнө нь өвөлдөө нэг тонн түүхий нүүрс түлдэг байсан бол энэ жил хоёр тонн сайжруулсан түлш түлж, 400 гаруй мянган төгрөгийн зардал гаргаж байна. Хүйтэн өдөр хоёроос гурван шуудай нүүрс түлдэг бөгөөд шөнөдөө угаартахаас айгаад гал түлэхгүй хонодог талаар гэрийн эзэгтэй учирлав. Хэдэн хүүхдээ хоол болтол гамбир, боовхоноор аргалж, өдөртөө хоёр удаа л хоол хийхгүй бол олон эрэгтэй хүүхэд хоолшдоггүй юм. 20-ын тогоо дүүрэн цуйван аягалаад өөрөө халбагадаж амжаагүй байхад ард тогоо хусах чимээ дуулдана шүү дээ гэж ээж нь инээв. Тэрбээр цааш нь “Сард хамгийн багадаа 500 мянган төгрөгийн хоол хүнс базаадаг бөгөөд 25 килограммтай нэг шуудай гурил 14 хонохгүй л дуусдаг. Цуйван хийхэд хоёр килограмм гурил зуурч арав гаруй дугуй гурил элдэнэ шүү дээ. Нэг хонины гулууз махыг гэдэс, толгойгоор жийрэглэн байж 20 хоног иддэг. Өдөрт таван талх авснаас гурил аваад гамбир хийсэн нь илүү тэсдэг. Бас хажуугаар нь хүүхдүүд нохойнд гамбир өгсөөр байгаад манай гурван нохойноос гадна хүний, өөрийн нийлсэн хазгар, доголон долоо найман нохойтой болчихсон байдаг. Хамаг амьтны тусын тулд гээд л бүгдийг нь хооллоод явуулдаг” гээд Энхцэцэг инээмсэглэв. Хүүхдүүд нь ус зөөх, том түлээ хагалах гээд ойр зуурын ажилд тусад ороод эхэлжээ. Эрийн цээнд хүрээд тэнгэр баганадсан том эрс болохын цагт ээж, аав хоёрыгоо газар хүргэхгүй аваад явчих тэнхээтэй, мэдлэгтэй хүн болгохын төлөө хоосон хоносон ч хамаагүй хүүхдүүдээ сургуулиас нь л завсардуулчихгүй юм сан хэмээн Хүүхнээ дуу алдан өгүүлж байлаа. “Их ч бай, бага ч бай цалин авдаг ажилтай л байх хэрэгтэй. Авдаг хэддээ тааруулаад амьдралдаа тооцоотой ханддаг байх нь чухал” гэж Хүүхнээ шийдэмгий зоримог өгүүлээд хөвгүүдээ харан харц нь уясаад ирэв. Олон үрстээ юу гэж захидаг вэ гэхэд аливаа юмыг хийвэл тууштай хийсэн шиг хийдэг, хүний итгэл даадаг, худал хэлэхгүй, хулгай хийхгүй, байгаа орчиндоо цэвэр цэмцгэр явах хэрэгтэй гэж захидаг гэсэн юм. Олон эрэгтэй хүүхэд хоорондоо юмаа булаацалдана, хэрэг тарина, хүүхэдтэй зодолдоод ирнэ. Бөөгнүүлж байгаад л сардаа нэг удаа их бага гэж ялгахгүй таван салаа боов өгнө өө.

 

 

Хөвгүүд эх орноо хамгаалах эр цэрэг, эрэлхэг цагдаа болгохыг хүсдэг

Жилд нэг удаа олгодог одонгийн мөнгө, сард нэг удаа өгдөг хүүхдийн мөнгө амьдралд нь тун их нэмэр болдог. Тэднийд жил бүр хичээлийн шинэ жилээр жинхэнэ мөнгөний асуудал ундарна даа. Таван хүүхдийн хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас, цүнх, гутал гээд багадаа 1.5 сая төгрөг шаардагддаг. Сургуулиас нь биеийн тамирын хослолоор жигдэр гэсэн учраас таван томдоо тус бүр 30 мянган төгрөгийн биеийн тамирын хослол авч өгчээ. Тэр ч бүү хэл том хүү нь наймдугаар ангиа төгсөхөд нь хонхны баяр гэж 700 гаруй мянган төгрөгийн зардал гарсан бол саяхан нэг хүү нь үсэглэлийн баяраа хийхэд нь нэг хүүхдээс 270 мянган төгрөг нэхжээ. Аав нь хэл ам хийж байж 90 мянган төгрөг болгож бууруулсан. Тэр бүрийд эсэргүүцээд хэл ам хийгээд байхаар хүүхдүүдийг нь ад үзчих болов уу гээд дотогшоо өмөлзөн хэлээ хазаад, шүдээ зуугаад л шаардсан бүхнийг нь биелүүлдэг аж.

 

Олон хүүхэдтэй, амьдрал тааруу айлын хүүхдүүдийг “Тайвань сан”-гаас жил бүр зусланд үнэгүй явуулдаг. Тэдний 13, 12, 10 настай ихэр юм шиг ижилхэн дэрсхэн гурван банди нь зуслан яваад их юм үзэж, зугаатай байснаа ярив. Харин нэгдүгээр ангийн хүү нь дөрвөн жилийн өмнө зүрхний ховдол хоорондын цоорхой оноштойгоор Өвөрмонголын Хөх хотод зүрхний хагалгаанд оржээ. Энэ хагалгааны бүхий л зардлыг “Улаан загалмай” нийгэмлэгээс хариуцаж, хүүгийн амийг аварч амьдралд нь инээд баяр бэлэглэсэнд тэд туйлын их талархаж байв. Хүүхнээ, Энхцэцэг хоёр хөвгүүдээ цэрэг, цагдаагийн хүн болгох санаатай байгаа гэснээс ч болсон уу хүүхдүүд нь бүгд л цэрэг, цагдаа болно гэцгээж байв. Эх орноо хамгаалах, ард иргэдээ өмгөөлөх  ирээдүйн цэрэг, цагдаа үнэхээр энэ гэрт өсөж торниж байгаа ч юм билүү. Тэднийхээс гарч явахад Ойчидын задгайгийн нуурын баруухантаа гараараа даллан инээмсэглэн үдэх хар ажилд нухлагдсан ядрангуй царайтай, туранхай бор залуу үнс нурамнаас амилсан амьдралын төлөө эцэж цуцахгүй нисэх бүхнээс хүчирхэг галт шувуу мэт харагдаж байсан бол хаврын униар дунд бөртийх утаа, тоосонд дарагдсан жижигхэн бор гэр бүхнээс үнэтэй сүрлэг, аз жаргалын ордон мэт дүнхийн харагдаж байлаа.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.0.212.59) 2020 оны 04 сарын 05

togsoltiin bayar gej mongo tatah iim ailuudad hund tusdagiig surguuli bagsh nar bodoh heregteidee. tegj mongo huraalaa geed er ni yu hiidgiin neg zurag avahuulj idej uugaad duusdagiin bishu.

0  |  0
Irgen(202.131.248.250) 2020 оны 04 сарын 05

End setgegdel bichsen humuus neg oh orovch humuus ta nar ger horoolold hichneen iimerhuu ailuud baidgiig medehuu dunduur n alhaj. Ch uzeegui ymnuud baigaadaa ene bol Gaigui bn

1  |  0
Irgen(202.9.46.24) 2020 оны 04 сарын 04

Iim l ajliig demjmeer baigaan, horoo duureg ni yadaj ulsaas ugdug hunsnii tolan uur Yu baidgiin ugdug yum bol u, er ni ger horoolloor olon huuhedtei Amidral yaduu ailuudaa horoo zahirgaa ni sudalj setgel gargaj tuslah ni her baidag yum bol doo

0  |  0
зочин(103.212.119.114) 2020 оны 04 сарын 03

Амьдралд хүн хатууждаг гэдэг үнэн юмдаа.

0  |  0
Cg(64.119.24.90) 2020 оны 04 сарын 04

Tuslah ymsan hudal helj hulgai hiigeegui l amidarch l bna

2  |  0
o(192.82.77.218) 2020 оны 04 сарын 04

utasnii dugaariidni bichvel deerdee.olon tvmen tuslahiig hvsej b.a

2  |  0
ud(203.91.115.52) 2020 оны 04 сарын 04

ter duremt huvtsas egnuulsen ni ih tsegtstei, iim l ailiig demjeesei ene horoo zasag zahirgaanaas ni

2  |  0
ud(203.91.115.52) 2020 оны 04 сарын 05

huue nuguu Buyant uhaagiin oron suutsnaas edniid uguuleh yumsan.

2  |  0
Zol(202.9.40.147) 2020 оны 04 сарын 06

Sain aav bna.chadlaara ur huuhdiinhee tuluu yvj bna gedeg.Iim aaviin huuhduud muu hun bolj humuujihguie.Ergeed eej aav,bie bieniigee tulsan saihan zaluuchuud boloh baihaa.Ireeduin urh geriin terguunuudiig humuujilj bgaa ene ger buld chadaltai humuus tus bolooroi

3  |  0
zochin(122.201.23.84) 2020 оны 04 сарын 03

Хүүхдүүд нь хөөрхөн юмаа. Аз жаргал хүсье

1  |  0
Suglegmaad(192.82.69.163) 2020 оны 04 сарын 04

Suglegmaad bayr hurgye oird iim uyangiin niitlel unshssangui. Socialin zambaraagui medeelel setguul zui 2 yalgaatai. 7 egch 4 duu n hetsu bhad n harj handaagui geheer oluula bgaad gants huu bgad nemerguinee huurhii chadlara yaba hun bn

1  |  0
Zocnin(68.145.61.75) 2020 оны 04 сарын 04

Mongoliin ireedui bolson olon huuhded taw tuhtai smidral surah notsoloor hangahsan Aawiig ni gaigui sjild tsalintai blgah buyantai kompani oldoosoi

2  |  0
Zocnin(68.145.61.75) 2020 оны 04 сарын 04

Mongoliin ireedui bolson olon huuhded taw tuhtai smidral surah notsoloor hangahsan Aawiig ni gaigui sjild tsalintai blgah buyantai kompani oldoosoi

1  |  0
Zochin(66.181.161.16) 2020 оны 04 сарын 04

Tuslamaar ail baina daa.

2  |  0
zochin(124.158.109.232) 2020 оны 04 сарын 04

estoi mundag umaa. az jargal huise

2  |  0
zochin(192.82.73.151) 2020 оны 04 сарын 03

huuhduudee mash sain humuujuulj bgaa ta 2t amjilt husie ireeduid eh orondoo ihiig hiij buteeh mundag zaluus bolooroi

1  |  0
zochin(192.82.73.151) 2020 оны 04 сарын 04

huuhduudee mash sain humuujuulj bgaa ta 2t amjilt husie ireeduid eh orondoo ihiig hiij buteeh mundag zaluus bolooroi

1  |  0
zochin(192.82.73.151) 2020 оны 04 сарын 04

huuhduudee mash sain humuujuulj bgaa ta 2t amjilt husie ireeduid eh orondoo ihiig hiij buteeh mundag zaluus bolooroi

1  |  0
zochin(192.82.73.151) 2020 оны 04 сарын 04

huuhduudee mash sain humuujuulj bgaa ta 2t amjilt husie ireeduid eh orondoo ihiig hiij buteeh mundag zaluus bolooroi

1  |  0
зочин(150.129.140.142) 2020 оны 04 сарын 04

амьдралын төлөө зүтгэсэн дулаахан харцтай сайхан хүмүүс байна.Хүүхдүүд том болоод удахгүй жарганаа.Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

5  |  0
Top