Намсрайн Нагаанбуу
Бэсүдэйн Н.Нагаанбуу Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 1951 онд төрсөн. Дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй. Түүхийн ухаанаар "Улаанбаатар" их сургуульд магистр хамгаалсан,докторант. "Монголын гурвал онол" бүтээлд нь Нүүдлийн Соёл Иргэншлийн академи Номч академич цол, МЧАСХ "Шилдэг нийтлэгч" өргөмжлөл хүртээсэн.
МЗЭ, МСНЭ-ийн гишүүн. Зөгнөлт болон түүхэн сэдвээр бичдэг. Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн алтан медалиуд, МҮЭ-ийн хүндэт тэмдэг, Хууль зүйн яамны хүндэт жуух, "Саран ээж" нийгэмлэгийн хүндэт медаль зэрэг шагналтай.
Найргийн аялгуу
Айлд ороод дээшихнээ суучихвал аавархуу, үүдэнд нь зогсвол өдий том болсон байж гэж өөлөгдөх арван хэдхэн настай банди би ах эгч хоёрынхоо гар хурууны үзүүрт тус болох санаатай аяга таваг дөхүүлж хэрдээ л хичээж байсан сан.
Хоймроор заларсан буурлууд тооноор тусах нарны дор хаш манан хөөрөг харшуулан налайцгаагаад л, баруунаар зэрэглэх харчуул алиа егөө хаялцан инээлдээд л ээ мөн гоё байсан шүү. Харин зүүн талд насны эрэмбээ олохоор ёсорхон шивнэлдэх эмэгтэйчүүдийн гийчирхэг бишүүрхүү зан, цэмцгэр аяс нь сэтгэл битүүхэн догдлоох бөлгөө.
-Ачийн минь баярт ус нутгийн ах дүүс та бүхэн маань морилон ирцгээгээд... гэж ээж хажуугийнхаа эмээд үг дэлгэн нулимсаа ч юмуу, хөлсөө шударч байгаа харагдана. Тэгтэл ивээл жилтэй өвгөн Бужаа Оргил хүүгийн толгойд яшил модон хутга хүргэж домноод, бас хайч авч даахинаас нь хэсэгхэнийг сөрмөн хадагны үзүүрт боосноо билгийн ерөөл айлтган мөнгөн аягатай сүү, хадагтай хүүд дэвшүүлэхүй.
-Тэр ерөөл бат орших болтугай! хэмээн найрчид дуу нийлүүлэн ерөөцгөөлөө. Эгчийн баярлаж байгаа гэж жигтэйхэн. Бүх л хүүхнүүдийн дундаас ёстой л туяарч харагдана. Хүмүүс бэлэг сэлт барьж нэг хэсэг үймэлдлээ. Гэнэт Бужаа,
-Зээ-ээ-ээ гэсээр айзам дууны шуранхай өргөж эхлэхүй үнэхээр уудам цэнхэр огторгуйд уяхан замбуутивийн наран мандан гийх шиг яруу сонсголонт ая айзам жигдрээд ирэв ээ. Энэ мөч хүртэл биеэ цэнэж суусан эмээчүүлийн уярамхай сэтгэл гэгэлзэн огшиж, маяггүй хэрнээ шударга хоолойгоор ая түрэхэд бас хүүхнүүдийн адтай цангинаа нэмэгдсэзр найрын цараа жигдэрлээ. Дуулаан дундуур манайхны нэг охин миний урдуур зүтгэсээр ахад ойртож,
-Ах аа... эгч гадаа уйлж байна гэж шивэгнэв. Намайг хөнгөн толгойлон өндөлзтөл ах харцаараа дохиж дуудаад,
-Алив чи гараад ир! гэж шивэгнэчихээд дуулсаар үлдэв. Гадаа гарвал тэнгэр, уул, нар бүгд гэрээс цуурайтах уртын дууг чагнаад гиюүрсэн мэт нам жим. Үзэсгэлэнт сайхан бэргэн маань гэрийн сүүдэрт цомцойн суугаад сайхан цагаан хуруугаараа газар зурласаар гиюүрч суух аж. Юм асуухаас зүрхшээж дэмий л бараадан очвол зовхи нь чийгтэй торомгор нүдээрээ зэрвэс харснаа,
-Миний дүү найранд суухгүй яагаав? гэлээ
-Ах л гарчихаад ир гээд...
-Өө-өө
-Ах гэж нэг юм дуулаад л...
-Би ч баярлаад... гэснээ дуу нь цахиртан сормуусан дундаас нь дусал хүрэхгүй нулимс яг миний зүрхэн дээр подхийтэл дусчих юм шиг мэлтэрч ирснээ тэрүүхэндээ нойтон мөр болоод замхарлаа.
-Эгчээ, битгий уйл! Нүүр чинь муухай болчихно
-Нааш ир миний дүү! гээд эгч саяхан тонгоргоор хусуулсан данхар толгойг минь сониучирхаж сөргөн илэхэд үсний ширүүн уг гарыг нь хатгах вий гэх эмзэг санаа төрж эгчдээ хайртайгаа сая л ухаарах шиг,
-Та яагаад баярласан мөртлөө уйлж байгаа юм бэ? Би бол гомдохоороо л...
-Бүүр дээр үеийн юм гэнэт санаанд ороод оо.
-Нөгөө ... талийгаач уу?
Эгч уруулаа жимийсхийх мөртөө уйлах, инээх хоёрын дунд нэг үг шивнэв. Үгүй ээ, эгч мөн сая инээгээд сууж байсан. Нэг хүн л юм хэлсэн байх. Тэгж ч дарлуулахгүй шүү гэх аархал гэнэт өрвөсхийж,
-Эгчээ, сая хэн таныг гомдоов? гэж дахин хэрэгт дурлалаа.
-Хорвоо
-Ямар хорвоо?
-Найрын үеэр тийм юм ярьдаггүй юмаа, дүү минь.
-Ямар юм? Та яг нэг л юм нуугаад байна даа.
Өвсөн доогуур шурган зүтгэх бяцхан хар хорхойг дагуулан харж гиюүрч суусан бэргэний маань яриасаг зан гэнэт хөдлөв үү яав үсээ хойш нь сэжсэнээ,
-Бодох ярих хоёрын ялгаа юу л байв гэж дээ. Эгч нь арван долоо өнгөрөв үү, үгүй юу хүний гэргий болж наймхан сар болоод л бэлэвсэрсэн азгүй хүүхэн. Хөөрхий минь, жирэмсэн үлдсэн надад хичнээн хоргодовч гал утаан дунд чарлалдаж байгаа хүний нялх үрсийг хараад мэдээж...
Эгч нулимс гаргахгүй гэж шархирсан самсаагаа чимхэж харагдана. Миний нүдэнд ч түймэр дүрэлзэн бөөн утаан дунд хүүхдүүд уйлалдан чарлалдах нь харагдаад ирэх шиг. Энэ хооронд юу ярьсныг сонссон ч ойлгосонгүй. Ахин анзаарвал,
-Тээж хоцорсон үрээ төрүүлсэн ч манхайтал мишээж нүд булаасан үед нь бас алдчихаад чинэсэн дэлэнгээ шувтран саасаар элий балай хоцорсон шүү, даанч яав гээд эгч агаар цалгитал санаа алдлаа. Намайг том хүн шиг тоож жаргал зовлонгоо ярьсанд баярлахын дээр угийн уян сэтгэлтэйн эрхээр нулимс мэлтэгнэн гарчих гээд зовлонтой ажээ. Хойшоо суух далимдаа нэг шударчихаад үлдсэнийг нь хатаах санаатай салхи руу бүлтийтлээ ширтэв. Гэрээс уртын дуу түрэх хоолой нийлсэн их шуранхай цуурайтсаар авай. Гэвч эгч байтугай, би уярахааргүй сэтгэлээс хөндий хашгиралдаан сонсдоно. Эгч миний дүү бол үнсэж аргадмаар. Даанч дүү нь юм чинь өрөвдөөд л сууж байхаас...
-Эгчээ, хүмүүс дуулж байхад хоёулаа ийм юм ярихаа болъё. Та хүүгийнхээ найрын үеэр...
-Харин тийм ээ. Энэ дуунаас л болоод эгчийн нь сэтгэл үймэрч ийм юм болж байхгүй юу.
-Юу?! Дуунаас болоод уу даа?
-Тийм ээ. Амьдрах итгэл хайрласан энэ дууг Бужаа сая гэнэт авчихсан чинь гол өөд бөөн юм гүйх шиг болж дотор палхийгээд бушуухан л гарлаа шүү.
-Өөр дуу авсан бол та яах ч үгүй байсан гэж үү?
-Юу ч бодохгүй хангинатал дуулж суух байсан байлгүй.
-Ямар хачин юм. Яагаад иймхэн юмнаас болж...
-Чамд уг нь энийг л ярих гээд.. гэснээ алсыг ширтэн гиюүрч, түрүүчийнх шигээ билэггүй юм ярихгүй бололтой.
-Нэг шөнө эл хуль оргисон ханхай гэртээ хоёр талийгаачийнхаа цамц тоглоом мэтийг тэврэн яахаа ч мэдэлгүй мэгшсээр зүүрмэглэсэн юмдаг. Нэг мэдсэн солиорсон, зүүдэлсэн хоёрын дунд шүүдэр туучаад л гадаа явж байсан шүү. Үүрийн туяа тэмдгэрч нуур харлаж улайраад л цэв хүйтэн аясаар цэлэлзэж байсан сан. Үхье гэвэл гүйгээд л орчихно. Би тэгээд хорвоод байхгүй болно гэж бодохоор нөхөр, хүү хоёр дээрээ оччих юм шиг санаа үймнэ. Яг усны захад ирээд...
Эгчийн ярианд би давхийв. Ашгүй энэ үеэр,
-Байдаг л билүү дээ та мину зээ... гэж найрчид дуугаа нүргэлүүлэн түрэхэд сая сэхээ орж хар даран зүүдлээд сэрэх шиг. Сөөнгө хоолойтой хүн ахиад л нэг шинэ бадаг эхэлж ганцаараа дуулж байлаа. Би өөрийн эрхгүй инээмсэглэмээр болов.
-Нуурын захад ирүүтээ одоо л гүйгээд орчихъё гэж бодогдоогүй шүү. Үхэх юм болоогүйнх тэр л дээ. Үхэр чулууд дунд долгис ширтэн алмайрч зогстол гэнэт хаа нэгтэйгээс лимбийн эгшиг цуурайтсан юм. Ухаан санаа сортосхийн, лимбэдэж байгаа хүнийг харц гүйлгэн хайж гарлаа. Тэгсэн нь Их булгийн эхэнд буусан тууварчны майхнаас одоо энэ дуу... (эгч түр чагнав) эгшиглэж байсан юм шүү. Цээжинд элбэрэл хайрын шидэт рашаан ирвэгнэн дүүрээд ирэх шиг, ямар сайхан юм бэ хэмээн уулга алдмаар ч юм шиг, зүрх минь тэр зүг ховслогдон тэмүүлэвч үхэх бодол л араас чангаагаад байх мэт. Гэнэт адган бухимдаж "Үхэхгүй, үхэхгүй ээ, үхэхгүй" гэж хашгирч орхижээ. Цочсон хос ангир хажуухнаас дэргэн нисч ганганалдан эргэлдсэнээ нуурандаа буцаад буулаа...
Эгч чимээгүй болж бид хоёр хүмүүсийн дуулалдахыг чих тавин чагнацгаав. Зарим нь дууны үгийг мэдэхгүй ч мэддэг царай гарган аяыг нь даган орилж байгаа нь инээдтэй ажээ. Ялангуяа, согтуу Шаагаагийн энэ орилж байгааг ээ. Бас ахын дуулж байх, эгчийн ингэж суух таарч дээ. Ерөөсөө энэ найрыг дэмий хийж. Эсвэл Бужаад энэ дууг битгий дуулаарай гээд хэлчихгүй дээ гэсэн шүү юм бодон гуньж суутал эгч,
-Дүү минь амьдрал найр шиг сайхан шүү. Дандаа найр хийх биш... гэж хэлтэл үнэхээр тийм гэх шиг согтуу Шаагаагийн ааг омог хөдлөв бололтой.
-Хөөе, энэ чинь яасан дуусч болдоггүй дуу вэ? Аан?! хэмээн бархирах сонсодлоо. Тэгнээ тэр, ганцаараа л архи руу дайраад байсан юм. Эгч сэртэсхийн,
-Миний нүд халтартчихааргүй биз гэснээ над руу аймсран ширтэв.
-Бэлцийж улайгаагүй байна. Гэхдээ угаачих, эгч ээ.
-Нээрээ тэгье. Алив миний дүү гар дээр ус хийгээд өг дөө.
Эгч хүйтэн усаар нүүрээ сандруухан угаалаа. Бөгж нь гялалзсан цав цагаахан гар дээрээ дахин ус хийлгэх зуураа,
-Чиний ах сайхан хүн шүү. Хээгүй дөлгөөн. За болноо миний дүү гэв. Гэр дэх хүмүүс, "Найрлан сууж жаргацгааяа..."хэмээн мөнөөх дуугаа өндөрлөөд түрцгээж байгаа дуулдана. Тэгтэл ч ах гэрээс гарч ирэн бид хоёрыг хальт харснаа,
-Алив Даариймаа! Чи айраг оруулж сөн сэлбээч! Хүүхдээ ч авахгүй, хүн амьтны урдуур зүтгэж аяга таваг хагалчих гээд! гэж уцаарлав.
-Тэгьеэ хө гээд эгч инээд алдан араас нь орчихлоо. Би эзгүй хээр үлдчих шиг ганцаардан хангинатал санаа алдав. Хээр үрээгээ эргэцүүлэн байж мордуутаа холын холд пижигнүүлчихмээр санагдаад тэртээх уулсыг ширтвэл миний мөрөөдөл зэрэглээ болон үелзэн байх авай. Оргил дүү маань яасан ч юм чарлан уйлж миний сайхан бэргэний эвийлэн аргадах нь дуулдана. Хорвоогийн жаргалын нэг нь найр мөн юм болов уу гэж намайг гиюүрэхэд тэнгэрт тогоруу дуугарч, гэрт “Бавайсан сахалтай Баатар цогтын нагацыг ...” гэж Шаагаа сөөнгөтөн бархирахуй сүүдэр бараадан дэргэд минь унтаж байсан банхар ялаанд бухимдан агаар хапхийтэл хазсанаа хөв, хөв хуцан өндийлөө. Найранд хожуудсан таван морьтон Хүрэн чулуутын замаар наашаа тоос татуулсаар довтолгон айсуй ажээ. Яадаг юм, боргоог гэж бодоод хондлой дээр нь цохиод авахуй цочсон банхар ч сумлаад өглөө. Ерөөсөө энэ найр дуун дотор уйлсан хүүгээ аргадан энхрийлсэн эгч минь л хамгийн жаргалтай нь юм байна гэж бодогдоод баярласан гэдэг нь. Эдэнд нохой хорьж өгөөд дагаж орохоос доо.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )