ОЛОН ӨНГӨ: Хавар болж байгаа даа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 09

Ямар ч зорилгогүй, хаашаа ч хамаагүй гараад гүймээр хаврын ийм гэгэлгэн өдрүүдэд би хэдийнээсээ л дуртай. Өдийд миний нутагт ид хаврын цэнхэр зэрэглээ суунаглаж, яргуй нүдлэх цагийг хүлээж эс ядаад, талын түмэн нугалааны аль нэг торгон завсарт янзага эхийгээ хөхөөд тийм л гэгээн өглөө болж байгаа даа.

Ятга цэнхэр салхинд нь бохирч залбирсан хөх өвс зуныг зүүдлэн өндөлзөж, нойтон унага ертөнцөд ирснээ тунхаглан янцгааж, хөл тэнцэн зогсоо нь лавтай. Ийм л сэрүүн Дорно, үүрийн гэрэлт хэвлийд борогч гүү нойтон унагаа долоогоод борог өвс сандаан тургилсан идэрхэн багийн дурсамж өөрийн эрхгүй сэтгэл алсаас яргана.

Миний л идэрхэн багад ийн хөл тэнцэж байсан унага өдийд ирэх цагийн сорыг молор толгойдоо гялалзуулж, буцахын хорвоо руу гунигтайхан үүрсэж зогсоо доо гэж бодохоор өөрийн эрхгүй гуниг төрнө. Тун удахгүй яргуй нүдэлнэ, тэр л нил цэнхэр хүрээлэнд янзага тоглож, бүжин дэгдэх нь ертөнц эцгийн өөрийнх нь давтагдашгүй нандин бүтээл. Үүнийг энэ дэлхийн ямар ч авьяас билэгтэн бийр будаг нийлээд бүтээж үл чадна. Ийм байдагтаа л ертөнц эцгийн аугаа чанар оршиж, гагцхүү сэтгэлдээ буулгасан сод нэгэн л зураглаж чадна.

Униар будан дунд тэмээ, заг хоёр нь ижилсэн харагдах, талын зэрэглээн дунд хонь бут сөөг нь ялгагдамгүй тийм л уур уцаарын нэгээхэн ч сүүдэргүй хавар болж байгаа даа. Ертөнц үүссэн цагаас хойш тэнгэр рүү тэмүүлсээр байна уу гэмээр намхан олон толгод өндөлзсөн хүслийн хойморт юу эс бодогдох билээ. Цангасан адуу усан дээр тачигнан, цэл залуухан хархүү худгийн дэр дээр булчин шөрмөсөө зангируулан ховоо татаж, айлын бүсгүй янзага шиг нүд цавчлан харж зогсоо доо гэж бодохоор гараад гүймээр.

Тэнгэр газрын гэрэлт завсар, тэнд миний төрсөн нутаг бий. Тэнгэр газрын тайвширал, тэнд миний эмгийн алтан шарил бий, тэнгэр газрын хилэгнэл, тэнд миний аавын залуу нас бий, тэнгэр газрын гэрэл тэнд миний ээжийн үзэсгэлэн гоо бий, тэнгэр газрыг арга билгээр эвийлсэн миний нутагт ийм л утга учрын хавар болж байгаа даа. Гараад гүймээр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top