Балжиннямын Пүрэвдорж
Б.Пүрэвдорж 1949 онд Завхан аймгийн Жаргалант суманд төржээ. 1976 онд УБДС-ийг багш мэргэжлээр төгссөн. 1976 оноос эхлэн зохиол бичиж “Хоёр сэтгэл”, “Хүний дайтай явахсан”, “Сайхан модны шивнээ” ном, “Даяанчийн хяслан”, “Могой боолт” роман хэвлүүлжээ. 1988 онд МЗЭ-ийн шагнал хүртжээ.
Хувь заяаг тодорхойлох хором
Үл таних бүсгүй минь, чи надад дотоод сэтгэлээ нээж маш санамсаргүйгээр далдаас харилцах болсноо хувь заяа гэж боддог уу. Хэзээ нэгэн цагт би ингэж л танилцаж, бие биендээ оюун санааны хүч өгөх байсаан гэж бодож болох л доо. Эсвэл энэ талаар ерөөсөө анзаараагүй байж болно. Яагаад гэвэл аливаа юмс дандаа л санаатай, санамсаргүй хоёрт оршдог. Нэгэн бодлын санаатай, нөгөө бодлын санамсаргүй юм даа. Тэгэхээр бид хоёрын энэ нууцлаг холбоо, сэтгэл санааны далдын хийсвэрлэл хувь заяатай минь хэрхэн холбогдох бол гэж чи асуухыг хүсэж байж ч мэднэ. "Бүх юм урсан өнгөрч байдаг учраас аливаа юм оршин байхын зэрэгцээ, бас эс оршино". Тиймээс бидний энэ харилцаа ч тодорхой цаг хугацаа, тодорхой орон зайд орших юм гэвэл чи эргэлзэхгүй биз ээ. Энэ бол бидний хувь заяаны шугам руу орж ирсэн хэсэгхэн хором л доо. Чи тэр өдөр электрон шуудангийн хаягаар над руу хандаагүй бол би иймэрхүү санаархал ирж л байдаг гэж бодоод анзааралгүй өнгөрсөн бол энэ сайхан хормыг алдах байсан. Үнэхээр шүү, бүсгүй минь. Тэгэхээр "Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг мэднэ" гэдэг хувь заяаны голч шугам болох төөрөг тавилангаас гадна энэ хооронд чамд тохиолдох санамсаргүй болоод зайлшгүй хормуудыг мэдэрч хамгийн шийдвэртэй зөв алхмуудыг хийгээсэй гэсэндээ би энэ захидлыг бичиж байна. Бурхан Буддагийн номлолд үйл лай хийгээд ерөөл тавиланг биднээс үл шалтгаалан од эрхсийн нөлөөллийн хүчин дор шийдэгддэг гэж номлодог. Үүнийг би зарим нэг талаар зөвшөөрнө. Үнэхээр хувь заяа цаанаасаа зурагдсан мэт. Түүнийг санаснаараа хөдөлгөж дийлэхгүй юм шиг байдаг л даа. Тухайлбал, чи царай муутай төрсөн бол чиний амьдрал одоогийнхоос өөр байх л байсан. Эсвэл аливаа юманд зөв чанд шийдвэр гаргаж чаддаггүй байсан бол хувь заяа чинь өөрөөр эргэх байсан. Чиний царайлаг, ухаалаг төрсөн нь удамшлынх. Үүнийг чи өөрчилж чадахгүй. Өнөө үед гоо сайхны мэс заслаар царай муутай хүн ч гоё хөөрхөн болж болно гэж чи хэлэх байх л даа. Гадна төрхөө өөрчилж чадлаа ч эцэг эхийнхээ өгсөн оюун санааг өөрчлөх боломжгүй юм. Энэ бол мөнөөх хэзээ ч хааш нь ч эргүүлж боломгүй хувь тавилан мөн. Тэгтэл хүнээс өөрөөс нь хамаарахгүй үйл явдлууд хувь тавиланг өөрчилж байх нь олонтаа. Үүнийг чи анзаараагүй байж болно. Анзаараагүй учраас миний энэ санааг дэмжихгүй байхыг би үгүйсгэхгүй л дээ. Энд би хувь хүн төдийгүй хүний оршин тогтнодог нийгэм, бүр орчлон ертөнц хүртэл хувь тавилантай байдаг. Энэ нь зайлшгүй ба санамсаргүйгээр хүний хувь заяанд нөлөөлдөг гэдгийг хэлэх гэсэн юм. Хэрвээ сайтар тунгаан ажиглавал нийгмийн хөгжлийн олон олон үйл явц, хүний хувь тавиланд нөлөөлж байгааг мэдрэх боломжтой л доо. Би саяхан нэг ном уншлаа. Тэр зохиолын гол баатрын нэрийг Намжилмаа гэдэг. Тэр үнэхээр сэтгэл булаам эмэгтэй. Түүний тунамал хар нүд, нумласан өтгөн хөмсөг, гунхсан сайхан биеийг эргэж харахгүй өнгөрөхийн аргагүй. Тэрбээр хайрт хүнээ ардын цэрэгт мордуулахдаа мөнөөх л сайхан нүдээрээ нар хирттэл мишээж, цагаан сүүнийхээ дээжийг өргөөд үлдсэн. Энэ үе бол түүний сэтгэл сүү шигээ цагаахан аз жаргалаар бялхаж байлаа. Гэвч хар дайнаас хань нь эргэж ирсэнгүй. Энэ дайн түүний амьдрал болоод ариун сайхан сэтгэлийг орвонгоор нь эргүүлж орхих юм. Үүнээс хойш Намжилмаа бүсгүйн зовлонт хүнд амьдралын жилүүд үргэлжилнэ. Хоёр өнчин хүүхэдтэй хүний бүсгүй үр амьдралын шуурга, давалгааг сөрж, сэлж гарахад ямар хэцүү байх нь ойлгомжтой. Өрөвдөлтэй хүнд амьдрал, дэндүү сайхан сэтгэл байсан. "Могой боолт" гэдэг номыг чи уншаарай. Дайн болоогүй бол Намжилмаагийн амьдрал ямар байхыг чи бод доо. Дайныг Намжилмаа урьж залж авчраагүй. Тэгэхээр дайн бол түүний хувь заяа яав ч биш. Би ингэж л бодсон. Чи ч гэсэн дайн бол түүний хувь заяа биш гэдэгт эргэлзэхгүй байх аа. Бас энэ нийгэмдээ гайгүй сайн бүтээл туурвисан миний найз эрдэмтний бие муудаж гадаадад эмнүүлэх боллоо. Мэдээж асар их мөнгө хэрэгтэй болох нь ойлгомжтой. Үүнийг бидэн шиг социализмын үеийн сэхээтнүүд гаргаж чадах билүү. Ёстой л санасны гарз гэгч нь болно биз дээ. "Багшийг мушгивал эрдэм гарна. Бандийг мушгивал баас гарна" гэсэн үг байдаг даа. Үнэхээр миний нөхрөөс эрдэм л гарах байсан. Харин түүний шавь мөнгө гаргасан. Багшийгаа гүйцэж түрүүлэх байтугай хормойд нь чирэгдэж яваа банди яагаад мөнгөтэй болов. Энэ бол бас л манай нийгмийн оюуны үнэлгээний доод түвшин, эдийн засгийн бодлого, мөн чанар. Санамсаргүй хувь тавилангийн эргэлт юм. Үүнийг нийгмийн хөгжлөөс шалтгаалах хувь заяаны нөлөөлөл гэвэл чи зөвшөөрөх үү. Тухайн нийгмийн зайлшгүй ба санамсаргүй үйлдлүүд хүний хувь заяаг ийнхүү өөрчлөхөөс гадна ихэнх тохиолдолд хэсэгхэн хормоос шалтгаалах зүйл маш их байдаг. Та ямар хормын тухай яриад байнаа гэж магадгүй. Тухайлбал, Клеопатрагийн хамар их муухай байсан бол ертөнц маш ондоо байх байсан. Бонапартын цэргийн их буу арван минут хожимдоогүй байсан бол Франц болон Наполеоны хувь заяа, Европын хувь заяа ч өөр байх байсан. Анд нөхөр Чингис, Жамух хоёр адуу, хонины бэлчээрээс болж тэр өдөр салж нүүгээгүй бол Монголын эзэнт улсын хувь заяа ч өөр байж болох. Хэрвээ Монгол Улсын ухаант хөвгүүн Ш.Отгонбилэгийн сууж явсан онгоцны жолооч хормын төдий буруу шийдвэр гаргаж суулт хийгээгүй бол Отгонбилэгийн болон бусад олон сайхан хүмүүсийн хувь заяа гэнэт эргэхгүй байсан. Маш санамсаргүй юмнаас хүний хувь заяа өөрчлөгдөнө. Яг л хар дарсан зүүд шиг. Магадгүй чи миний хэлснийг үгүйсгэж, тийм л төөрөгтэй байсан. Отгонбилэгийн шороо тэнд л пурхийсэн гэж маргаж болох л доо. Дайн дажин, байгалийн гамшиг, осол эндэгдэлтэй адил эргэлт гардаг. Би чамд нэг түүх ярья. Хэдэн жилийн өмнө би нэг эмэгтэйтэй дотно харьцаа тогтоохыг хүслээ. Нэлээд чармайлт гаргасан хэдий ч амжилт муутай. Үнэндээ бол итгэл алдарч байлаа. Зөөлөн бороо шивэрсэн нэг л намуухан дүнсгэр орой байсан юм. Магадгүй, тэр хаврын анхны бороо ч байсан байж мэднэ. Орой хамт хооллож байхдаа бүсгүйн харцанд намайг хүндэтгэсэн зөөлөн өнгө илрээд ирэхийг би ажихдаа ялалт тун ойрхон ирснийг мэдэрсэн. Юунаас болж тэр харц уярч зөөлөрснийг мэдэх аргагүй. Миний яриа ч юмуу, гарын хөдөлгөөн, харц ч юмуу, эсвэл гадаа шиврэх борооны намуухан чимээ, ярианы өнгө аястай дүйцсэн ч байж болно. Эсвэл бүсгүй маань гэр орон, ажил дээрээ тавгүйтсэнээс болж миний урилгыг хүлээн авсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Ямар ч байлаа гэсэн тэр орой бид хамт суугаагүй бол, тэр хормыг зөв ашиглаагүй бол би ялалтанд хүрэхгүй байсан. Тэгэхээр хэсэгхэн агшин ч, санамсаргүй явдал ч хүний хувь заяаг өөрчилж болдог юм гэдэгтэй чиний санаа нийлэх байх аа. Хувь заяагаа хөтөлж санасандаа хүрэхэд хэтэрхий оройтжээ гэж олон хүн харамсан боддог. Эсвэл заяа төөргөөрөө л болог гээд амьдралаа зөнд нь орхиж гэлдэрдэг. Ингэх хэрэггүй ээ. Хэдийгээр хүн байгалийн нэг хэсэг болоод түүний хуулинд захирагддаг ч өөрийгөө таньж, өөрийгөө жолоодохыг хичээгээд үз гэвэл чи лав зөвшөөрнө байх аа. Хүн адгууснаас онцгойрох гоц ялгаа нь өөрийгөө жолоодож, ирээдүй хойчоо төсөөлж, бас мөрөөддөгт оршино. Хонгорхон бүсгүй минь. Хэтэрхий оройтжээ гэж битгий л хэлээрэй. Аливаа юмыг эргэлзэлгүй, бас хойшлуулалгүй шийдэж байгаарай. Тэгвэл чиний амьдрал илүү сонирхолтой байх болно. Өчүүхэн хором ч гэлээ чамд аз жаргал бэлэглэдэг юм шүү. Баяртай. Чамайг үнсье. Тэгвэл хувь заяаны энэхүү хормын нэгээхэн хэсэг болох зовлон, жаргал аль аль нь маш харьцангуй юм л даа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )