СУРВАЛЖИЛГА: Зарим колонкид шатахууны үнэ 200-300 төгрөгөөр буурлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

-Үнэ бууснаар хэрэглэгч 40 мянган төгрөгөөр АИ-92 автобензин авахад өмнөхөөс зургаан литрээр илүү шатахуун авна-

“Шунхлай”, “Петровис”, “Сод Монгол”, “М-Ойл”, “Супер-92”, “Сити газ энержи” гээд найман шатахуун түгээх станц Тасганы овоог тойрон оршдог. Эдгээр станцад шатахууны үнэ ямар байгааг сурвалжиллаа. Эхний орсон “М-Ойл” шатахуун түгээх станцад АИ-92 автобензин 1680 төгрөг, АИ-95 автобензин 2190, дизель түлш 2380 төгрөгийн үнэтэй байлаа. Тус станцаас шатахуун худалдаж авч байсан Г.Мөнхбаяр “Шатахууны үнэ буусан гэж мэдэгдэхгүй байна. Телевизээр Оросын нефтийн үнэ нь нугалж буусан. Тиймээс шатахууны үнийг 50 төгрөгөөр буурууллаа гэсэн. АИ-92 автобензин саяхан 1810 байсан. Удалгүй 1770-1790 рүү орсон. Гэхдээ энэ бол бууралт биш. 200-300 төгрөгөөр буулгана гэж Д.Сумъяабазар сайд өөрөө ярьсан. Энэ нь хэрэгжиж байгаа юм болов уу” хэмээн халаглан ярив. “М-Ойл”-ын хоёр ч шатахуун түгээх станцаар ороод 13:00 цаг өнгөрч байхад Тасганы овооноос Гандан өгсөх замын бусад түгээгүүрээр ороход томоохон станцын шатахууны үнэ хэдийнэ буусан байлаа.

Тасганы овоо орчмын станцуудаас хамгийн их үнээ буулгасан нь “Сод Монгол” байсан юм. АИ-92 автобензиныг 1490 төгрөг, АИ95 нь 2000 төгрөг, дизель түлшийг 2150 төгрөгөөр худалдаалж байна. Өчигдөр өглөөний 09:00 цагийн байдлаар АИ-92 автобензиныг 1770 төгрөгөөр борлуулж байсан “Сод Монгол” групп 300 төгрөгөөр шатахууны үнээ буулгажээ.

Тус колонкоос шатахуун авч байсан иргэн Д.Цогтбаяраас сэтгэгдлийг нь тодруулахад “Шатахууны үнэ буусныг сая л мэдлээ. 20, 30 биш 200, 300 төгрөгөөр буураад байвал мэдээж сайхан. Би долоо хоногт 200 орчим мянган төгрөгийн шатахуун хэрэглэдэг. Автомашинаараа ажлаа бүтээдэг учраас өдөржин шахуу хотоор холхино. 100 километрт 20 литр АИ-92 шатахуун хэрэглэдэг. Хямдарснаас хойш анх удаа шатахуун авах гэж байна. Өмнө нь 40 мянган төгрөгөөр 21-22 литр шатахуун авдаг байсан бол сая 26.8 литр шатахуун авлаа. Шатахууны чанар, шахалтыг нь харж колонкоо сонгодог. Хөнгөлөлт, урамшууллаа хааяа ашигладаг” гэлээ. Зөвхөн иргэн Д.Цогтбаярын хувьд шатахууны үнэ бууснаар өмнө нь авдаг байсан шатахуун дээрээ таваас зургаан литрийг нэмж авах бололцоотой болжээ. “Сод Монгол”-ын "Тасганы овоо-39 салбарын ээлжийн ахлах түгээгч Г.Эрдэнэ-Очир “АИ-92 гэлтгүй дизель түлш, АИ-95 автобензины үнэ өнөө өглөө хямдарлаа. Төв оффисоос үүрэг өгч нэгдсэн журмаар бүх салбарынхаа үнийг буулгаж эхэлсэн. Бонус картаар литр тутамд 100 төгрөг хөнгөлж байгаа учраас АИ-92 автобензиныг 1390 төгрөгөөр авах боломжтой. Үйлчлүүлэгчийн тоо буурсан юм байхгүй. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Түгээгчид ээлжээр ажиллаж байгаа” хэмээсэн юм.

Үдийн 11:30 цагт “Цайз 16” орчмын “Петровис” колонкид АИ-92 автобензин 1790 төгрөг, АИ-95 автобензин 2180, дизель түлш 2460 төгрөгийн үнэтэй байсан бол 14:00 цагийн үед Тасганы овооны “Петровис” колонкид АИ-92 автобензин 1500 төгрөг, АИ-95 автобензин 2050, АИ-98 автобензин 2200, дизель түлш 2150, “Евро-5” стандартын дизель түлш 2150 төгрөг болж буурчээ.

Энэ үеэр шатахуун худалдан авч байсан жолооч О.Мөнхтулга "Бензин хямдрахаар бүх юмны үнэ дагаад буудаг болохоор баяртай байна. Ах нь өдөрт хоёр удаа 11 мянгаар автомашиндаа шатахуун хийдэг. Долоо хоногт 140-150 мянган төгрөгөөр шатахуун авдаг” гэсэн юм.

АВТО ГАЗ 990, АХУЙН ГАЗ 2600 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Тасганы овоо орчмын өөр нэг колонк “Шунхлай”-д АИ-92 автобензин 1500 төгрөг, Евро-5 стандартын АИ-92 автобензин 1590 төгрөг, АИ-95 автобензин 2000, АИ-98 автобензин 2200, дизель түлш 2150 төгрөг болж үнэ буурчээ. Хуучнаар “Синчи-Ойл” нэрээ сольж “Супер-92” нэртэй болсон шатахуун түгээх станцын хувьд удахгүй үнээ бууруулах гэнэ. Шатахуун түгээгчээс нь зарим зүйлийг тодруулахад “Ер нь бүх колонкийг үнээ бууруул гэсэн чиглэл өгсөн бололтой. Манай шатахуун түгээх станцаас үнийн судалгаа авсан. Дарга нар хуралдаж байна. Бага багаар үнээ бууруулж байгаа ч гэсэн одоогийн хуралдаанаар хэд болж буурах юм мэдэхгүй” хэмээлээ. Тус шатахуун түгээгүүрт АИ-92 автобензин 1680 төгрөг, дизель түлш 2380 төгрөг, авто газ 990 төгрөг, ахуйн газ 2600 төгрөгийн үнэтэй байлаа. Харин “Сити газ энержи” ХХК-ийн авто газ 990 төгрөг, ахуйн газ мөн 2600 төгрөг байна. Газан түлшний үнэ ч гэсэн тодорхой хэмжээнд буурсан гэдгийг түгээгчид нь хэллээ. 14 хоногийн өмнө авто газ 1100-1300 төгрөгийн үнэтэй байсан аж. Цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор олон салбартай томоохон станцуудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч зах зээл дээр дөнгөж оршин тогтнож, хэрэглэгчээ татаж эхэлж байсан колонкуудын хувьд байдал энэ хэвээр үргэлжилбэл үйл ажиллагаа нь доголдох эрсдэлтэй байгаа гэнэ. Хүмүүс хөл хорионд орсон учраас автомашинаа хэрэглэх нь багасч шатахуун болон газан түлшний хэрэглээ буурсан. Хоногт сая төгрөгний борлуулалт хийдэг байсан шатахуун түгээгүүрийн одоогийн орлого 700 гаруй мянган төгрөг болж буурах жишээтэй. Талбай түрээслэх, ажилчдын цалингаас эхлээд зарцуулалт хэвээр байхад хэрэглээ багасвал байдал хэцүүднэ гэдгийг шатахуун түгээх станцын байр, талбайг түрээслэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл хэлж байна. Такси үйлчилгээ авах хүмүүс багассан, ахуйн газ ашигладаг цайны газрууд хаалгаа барьсаар байгаа нь газан түлш болон бензин түлшний хэрэглээ багасахад нөлөөлөх нэг шалтгаан болжээ.

ШАТАХУУНЫ ҮНЭ БУУСАН Ч ДАХИАД БУУРУУЛАХЫГ ШААРДЛАА

Өнгөрсөн сарын сүүлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  Д.Сумъяабазар “Дөрөвдүгээр сарын 15-н гэхэд шатахуун литр тутамдаа 200 төгрөгөөр бууна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнийг 64-65 ам.доллараар тооцож байсан бол цар тахлаас шалтгаалж, 28-22 ам.доллар болсон. Түүхий тосны үнэ 22 ам.доллар, бүтээгдэхүүний үнэ 26 ам.долларт хүрлээ. Энэ нь шатахууны хамгийн доод үнэ гэж хэлж болно. ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж байгаа шатахууны хилийн үнэ өмнөх сартай нь харьцуулахад энэ сард бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа 58-86 ам.доллараар буурсан” хэмээн мэдээлэл хийж байсан. Тиймээс бид шатахууны үнийн бодит байдлыг сурвалжилахын өмнө асуудалд холбогдох яам, агентлагаас албаны мэдээлэл авахыг хүссэн боловч “Шатахууны үнийг бууруулах нөхцөл байдал хараахан тодорхой болоогүй” гэж хэлсэн билээ. Харин бодит байдал дээрээ өчигдрөөс шатахууны үнэ 200-300 төгрөгөөр буурч эхэллээ. Өчигдөр болсон бас нэгэн үйл явдал гэвэл Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны үнийг 300 ч биш, 500-650 төгрөгөөр бууруулах боломж үүссэн хэмээгээд, бууруулаагүй тохиолдолд машинтай жагсаал хийхээ мэдэгдсэн. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Г.Сайнбаярын тайлбарлаж буйгаар бол дөрөвдүгээр сард Монголын шатахуун импортлогчид 1190 литр буюу нэг тонн дизель түлшийг “Роснефть” компаниас нэг сая гаруй төгрөгөөр худалдаж авсан байна. Шатахуун импортлогчид 300 төгрөгөөр үнээ бууруулснаар ашгаа 10 хувиар бууруулж байгааг тэрбээр хэллээ. Тиймээс дээрх холбоодоос шатахууны үнийг 20 хувиар буюу дахин 200-300 төгрөгөөр бууруулахыг шаардсан юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sonsogch(66.181.161.31) 2020 оны 04 сарын 14

gazaa buulgaachee

0  |  0
сонгогч(64.119.25.183) 2020 оны 04 сарын 14

сумъяабазар чинь зүгээр л бѳх шүү дэ. Нэг даваа авах гэж ѳрсѳлдѳгчѳѳ хуурдагтай л адил.. Энийгээ цаадах чинь ам мэх гэдгиин

0  |  0
Top