Б.Сундуй: Эх орны хил эзэнтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Өнгөрсөн 7 хоногт Хилийн 0286 дугаар ангийн хилчид хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлэн саатуулж, хуулийн дагуу шийдвэрлэсэн юм. Тус зөрчлийг илрүүлэхэд хүндтэй үүрэг гүйцэтгэсэн ахлах ахлагч Б.Сундуйтай хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэрбээр хил орчмын дэглэм зөрчсөн 4 удаагийн 20 гаруй хүнийг илрүүлэн саатуулаад байгаа манай тэргүүний хилчин билээ.


-Юуны өмнө хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлсэнд танд талархал илэрхийлье. Тухайн өдөр болсон үйл явдлын талаар товч мэдээлэл өгөөч?

-Тухайн өдөр салбарын дарга, дэслэгч М.Манлайн хамт хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаад хоёр морьтой хүний мөр илрүүлсэн. Мөрөөр нь мөрдөн хөөж хилийн зурваст зэвсэгтэй хоёр хүнтэй тулгарч саатуулах гэсэн боловч тэд бидний шаардлагыг биелүүлэлгүй зугтаасан. Дөрвөн км орчим газар хөөсний эцэст хил орчмын зөрчил гаргасан иргэдийг бид барьж авч чадсан. Тус иргэд хулгайгаар бугын эвэр түүх, хулгайн ан хийх зорилготой байсан юм билээ.

-Буутай хил зөрчигчдийг илрүүлэн саатуулахад сэтгэл зүйн хувьд хэр хүндрэлтэй байв. Хулгайн анчид хилчдийн эсрэг гал нээвэл яах билээ гэх бодол байсан уу?

-Тухайн үед салбарын дарга маань биднийг маш сайн удирдсан. Салбарын даргынхаа удирдлагад албандаа итгэл дүүрэн үүргээ биелүүллээ. Тэгээд ч хилчид эх орныхоо торгон хилийн амар амгалан байдлын төлөө үүрэг хүлээсэн, тангараг өргөсөн төрийн тусгай алба хаагчид. Бидэнд эх орныхоо хилээс ухрах, хил зөрчигчид, хилийн хулгайчдаас айх эрх байхгүй. Тэгж бодож л үүргээ гүйцэтгэлээ. Он гарсаар манай хариуцсан хэсгээр гарч буй хоёр дахь удаагийн хил орчмын дэглэмийн зөрчил. Хоёр удаагийн зөрчлийг хоёуланг нь илрүүлэн саатуулахад гар бие оролцсондоо хилчин хүний хувьд бахархалтай байна. Эх орны хил эзэнтэй гэдгийг хил зөрчигчдөд цаг ямагт мэдрүүлж байх нь хилчин бидний үүрэг.

-Таны Хил хамгаалах ариун үйлсэд өндөр амжилт хүсье. Ард иргэдэд хандаж сануулж хэлэх зүйл байна уу?

-Хилийн бүс зурваст нэвтрэх гэж буй бол хилийн холбогдолтой хууль тогтоомжийг сайтар судлаарай гэж хэлмээр байна. Санаатай болон санамсаргүй үйлдэл таныг хууль зөрчигч болгож, хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Дэлхий нийтийг хамраад байгаа энэ аюулт цар тахлын үед хүн бүхэн гэртээ байхыг эрхэмлэж байгаа бол эх орны дөрвөн зүг наймаг зовхист хилчид гэртээ ч орох завгүй ажиллаж байна. Хилчдийн алба, үүргийг хүндэтгэж, хилчдийн шаардлагыг биелүүлж байгаарай гэж та бүхнээсээ хүсч байна. Дахин хэлэхэд эх орны хил хэзээд эзэнтэй, халдашгүй дархан. Эзэд нь, хамгаалагчид нь хилчид. Хилчид үүргээ улам сайн гүйцэтэж, хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчлийг цаг тухайд нь илрүүлэн, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах болно.

Ахлах дэслэгч Г.Нямгэрэл

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
батболд(66.181.161.80) 2020 оны 05 сарын 22

мундаг шүү амжилт хүсье.

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 15

goe medee, hilchid maani mundag shyy, edniig byh l umaar ni hangaj baih estoi….baharhdag shyy hilchideeree

0  |  0
Top