ОЛОН ӨНГӨ: Нэг танхимын хоёр сурагч

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Оюутан ахуйд нэг багшийн маань хэдхэн хормын яриа санаанаас огт гардаггүй юм. Тэрбээр Монголд хувь, хувьсгалын олон дунд, дээд сургууль бий болж, гэгээрлийн салбар бизнес боллоо гэж хүмүүс шүүмжилдэг. Гэвч тэр олон хүүхдүүдийн яг сурч байгаа нь хэд гэдгийг бодолцох хэрэгтэй хэмээж билээ. Хүүхдүүдийн эцэг эхээс заяасан оюуны чадвар зөрүүтэйн дээр өсөж хүмүүжсэн орчноосоо хамаараад, суусан дадал хандлага сурлагад нь нөлөөлдөг болохыг 20 гаруй жил дунд, дээд сургуульд багшилсан практикаараа тайлбарласан юм.

Нээрээ л нэг танхимд суун суралцаж буй хоёр сурагч хэзээ л нэг ижил түвшинд суралцдаг байлаа даа. Ямар ч төгс багш нь байсан бүх сурагчаа нэгэн жигд хөгжүүлнэ гэж байхгүй. Өөрөө  дахин, дахин давтах чадвар суусан хэсэг нь л багшийн заасан хичээлийг бодит амьдрал дээр ашиглах мэдлэг болгон тархиндаа суулган авч чаддаг. Давтах дадал сууж чадаагүй нь боловсролын түвшин ахих явцад бусдаасаа хоцроод үлддэг нь жам.  Ялангуяа ахлах ангийнхан багштай, багшгүй сурч гэгээрэх боломж интернэтээр дүүрэн байгаа энэ цагт хүүхэд өөрөө бүгдийг хайгаад сурах боломж нь ч байна. Хэдийнэ ахлах ангид орчихсон бол өөрсдийнхөө боловсролд эзэн болох учиртай. Хэрэв өөрөө хайхгүй байгаа бол бүтэн өдөр телевизийн урд суугаад ч хоосон эвшээхээс өөр нэмэргүй шүү дээ. Хичээл сургууль карантилсан энэ үед ээж аавуудын санаа зовж буй асуудал бол энэ. Тиймээс хүүхдээ бага ангиас нь л онц сурах биш сууж сурахад нь дэмжээрэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top