Хатан Туул руу Хятад эзэнтэй ясны үйлдвэр өмхийрсөн ясны үлдэгдэл болон хог хаягдлаа хаясаар байх уу

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 15


 Монголчууд эрт дээр үеэс  Хатан Туулаа хайрлаж урсгал сайхан усыг нь  рашаантай зүйрлэж ирсэн.   “Цогт тайж” кинон дээр алс газар дайтахаар явж буй  цэргүүд Туулынхаа  усыг рашаан хэмээн хүртэж байгаа нь тодхон харагддаг.  Хатан Туулын усаар нүүрээ угаавал хөөрхөн болдог гэх яриа бүсгүйчүүдийн дунд эрт дээр үеэс домог болон яригдсаар ирсэн.  Тэгвэл усыг нь рашаантай зүйрлэж хатан ижий  хэмээн дээдэлдэг  Туул гол руу маань Хятадын яс угаах үйлдвэрийнхэн хогоо хаях болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Сонгинын гүүрний баруун тал Туул голын эрэг дээр хятад эзэнтэй ясны үйлдвэр үйл ажиллагаа явуулаад арав гаруй жилийн нүүрийг үзэж байна.  Тус үйлдвэрийн эздийг Ван, Чин Ха Хуа гэдэг аж. Ажилчид нь байнга солигддог болохоор ямар нэртэй компани байгаль орчныг бохирдуулж Туул гол руу хог хаягдлаа дураараа хаяад байгаа нь  тодорхойгүй. Ёстой л гуанз, жорлон хоёрыг үнэрээр нь олдог гэдэг шиг ясны үйлдвэр өмхий үнэрээрээ хамар цоргиж амьсгалах аргагүй болгож  байгаа орчноо зарлаж байна.  Арга ч үгүй биз. Хашаагаар нь дүүрэн  шулсан яс байх бөгөөд удсан яснууд нь өмхийрч өтөн  ялаа, батгана дүнгэнэлдэх ажээ. Тэндхийн ажилчид ясыг тээрэмдэж дараа нь тээрэмдсэн ясныхаа тосыг ялгах үйлдвэрт  тусад нь хийдэг гэнэ. Түүхий эд болох ясыг  “Хүчит шонхор”, “Нарантуул” зэрэг захуудаас нэг кг-ийг нь арван төгрөгөөр авч өөрсдөө хагас боловсруулаад  ясаа урд хөрш рүү гаргадаг гэлээ.  Хятад эзэд монгол ажилчдыг сарын 200 мянган төгрөгөөр цалинжуулдаг ч тэд  нэг сараас илүү хугацаагаар ажиллаж чаддаггүй  байна. Учир нь өмхий үнэрээс гадна үйлдвэр дотроо химийн бодис, яс үйрүүлж байхад гардаг тоосжилтоос болж толгой нь эргэж бөөлждөг, хэдхэн хоногийн дотор элдвийн өвчтэй болдог тухай ажилчид нь ярьж байсан юм. Ажлаасаа гарч хэд хоног гэртээ амарч байгаад эргээд уг үйлдвэртэй ажилладаг 20-иод монгол ажилчид   амьдралын төлөө хятад хүний боол болж байна.  Хятадад  дээрх ясыг боловсруулаад барилга дээр ашигладаг цавуу, нунтагласан ясыг цавуутай холиод гипсэн хавтан шиг зүйл болгоод тавилга хийдэг гэнэ.  Үүнээс гадна  Монголчуудын идэх дуртай бэлэн гоймонгийн түүхий эд нь яс байдаг байна.  Ясны үйлдвэрийн ажилчид Туул гол руу хогоо хаядагаа  ч нуусангүй. “Тэнд асга, арыг нь бид хариуцна гэдэг болохоор бид асгачихдаг. Хорооны хүмүүс ирээд явдаг ч хогоо асгасан гэж хэлэхгүй л юм билээ” гэж тус үйлдвэрийн ажилчид ярьж байна. Ясны үйлдвэрийн үйл ажиллагаанд  хууль хяналт, дүүргийн ажилтнууд огт анхаарлаа хандуулахгүй байгаа нь хятад эзэд тэдний амыг мөнгөөр хаасан бололтой. Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Хатан Туул руу хятадууд хог хаягдал, өмхийрсөн ясны үлдэгдлүүдээ хаяад байхад нүдэн балай, чихэн дүлий суусаар байх уу.

Б.Эрдэнэ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top