Х.Мандахбаяр: Сэтгүүлчдийн эрх, иргэдийн мэдэх эрхэд халдсан үйлдлийг хуулийн хүрээнд шийдэх ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс өнөөдөр /2020.04.20/ сэтгүүлчдийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, сэтгүүлч Н.Өнөрцэцэг, А.Баярмаа нар оролцлоо. Тэд хэвлэлийн бага хурлын үеэр байр сууриа илэрхийлсэн юм. 


Х.МАНДАХБАЯР: ХУУЛИЙНХАН СЭТГҮҮЛЧИЙГ ЗАГНАДАГ БАЙСАН БОЛ ЗОДДОГ БОЛЛОО

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.МАНДАХБАЯР: Сэтгүүлчдийг ажлаа хийж байхад нь эрх чөлөөнд нь халдах, ажлаа хийх боломжгүй болгох үйл явдал үеийн үед гарч ирсэн. Гэхдээ сүүлийн үед бол хэт зэрлэг, балмад шинжтэй болж ирлээ. Сэтгүүлчдийг хууль, хүчний байгууллагын зарим ажилтан загнадаг байсан бол одоо зоддог боллоо. Энэ бол хоёр хувь хүний асуудал гэж харж болохгүй. Энэ бол зөвхөн сэтгүүлчдийн ч асуудал биш. Энэ бол ардчилсан Монгол Улсын өөрсдийнх нь сонгосон замд маш том аюул учирч байгаа эрсдэл юм. Тиймээс МСНЭ-ээс өнгөрсөн долоо хоногт болсон тухайн үйл явдалтай холбоотой мэдэгдэл гаргасан. Хохирогч сэтгүүлчтэйгээ холбогдож мэдээлэл авсан. Ганц хүн бусармаг үйл явдалд ганцаардах, хүчгүйдэх зүйл бий гэдэг нь харагдаж байна. Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.Өнөрцэцэг, Dorgio.mn сайтын сэтгүүлч А.Баярмаа гэдэг хоёр хүнд хууль хүчний байгууллагад ажилладаг, тодорхой хэмжээний албан тушаал хашдаг хүмүүс зүй бусаар харьцсан, биед нь халдсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгосон ажлыг хийсэн байна. Үүнд МСНЭ-ийн хуулийн баг, Удирдах зөвлөл хуралдаж эрс эсэргүүцэж хатуу тэмцэхээ илэрхийлж байгаа. Ялангуяа сонгууль дөхсөн маш эгзэгтэй цаг үед энэ мэт байдлаар сэтгүүлчдийг дарамтлах, үзэл бодол болон үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах, иргэдийн мэдэх эрхэд халдаж байгаа энэ асуудалд МСНЭ тууштай ажиллаж, хариуцлага нэхэж байна. Хэрэв цар тахлын үе тохиогоогүй бол гудамжинд гарч тэмцэхэд ч бэлэн байна. Хэрэв энэ асуудлыг авч хэлэлцэхгүй, хуулийн хүрээнд шийдэхгүй бол дараагийн арга хэмжээгээ авах болно. 

-Н.ӨНӨРЦЭЦЭГ: БАРИМТ ЯРЬДАГ, НАДАД ХАЛДСАН ЭСЭХИЙГ БИЧЛЭГ ИЛ БОЛГОНО-

Zarig.mn сайтын захирал, сэтгүүлч Н.ӨНӨРЦЭЦЭГ: Төрийн хамгаалалттай байранд бид иргэний үнэмлэхээ үзүүлж ордог. Төрийн хамгаалалттай цагдаагийн байранд халдлагад өртсөндөө гомдолтой байна. Бас харамсаж байна. Би 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн үед ЦЕГ-ын харьяа Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй хангах алба гэх байрны хоёр давхарт үйл явдал болсон. Тухайн өдөр нь сэтгүүлчийнхээ ажлыг хийгээгүй, хууль хяналтын байгууллагын үүдийг сахиж явсаар таарсан. Тэр өдөр 17:00 цагийн үед тус албаны Зөрчил хянан шийдвэрлэх арга зүйн хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Чинбатын өрөөнд миний бие орсон. Өмнө нь тус газарт шалгагдаж байсан хэрэг дээр уулзаж байсан болохоор нэг нэгнээ танина. Би нэгдүгээрт өөрийн шалгагдаж байгаа хэрэг дээрээ мэдээлэл авсан. Хоёрдугаарт, ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн нэвтрүүлэгтэй холбоотой баримтыг би танд өгсөн, яасан бэ гэж асуусан. Хамгийн сонирхолтой нь тэр хүн надаас ямар ч барим аваагүй гэж хэлсэн нь маргаан болох үндэслэл болсон юм. Би 2019 оны арваннэгдүгээр сарын 27-ний өдөр Д.Гэрэл даргатай холбоотой баримтаа өгсөн. Учир нь, генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлтэй шүүх хурал нөгөөдөр буюу лхагва гарагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тухайн баримт Д.Гэрэл даргын гар дээр очсон юм уу, цагдаагийн байгууллага нь ямар ч ажиллагаа явуулахгүй байгаа юм. Чинбат хурандаа миний эрхэд халдчихаад өөрөө цагдаа дуудсан байсан. Хүн бухимдаж болно, уурлаж болно. Дараа нь уучлалт гуйх болов уу гэх хүлээлт байсан. Гэтэл шууд цагдаад өгсөн нь энэ байгууллагын хандлагыг харуулж байна. Тиймээс би миний биед халдсан гэх үндэслэлээр цагдаад өргөдөл гаргасан. ЦЕГ-ын даргын тушаалаар энэ хэрэг дээр албаны шалгалт эхлүүлж байгаа юм байна. Бичлэгийг олон нийтэд харуулах эсэхийг мэдэхгүй, нотлох баримтдаа авах байх. Надад гар хүрч байгаа нь тодорхой харагдана. Баримт өөрөө ярьдаг, Н.Өнөрцэцэгт гар хүрсэн эсэхийг тухайн бичлэг тодорхой болгоод өгөх байх гэж бодож байна.   

Х.МАНДАХБАЯР: АТГ, ЦЕГ, УИХ-ЫН ӨРГӨДЛИЙН БАЙНГЫН ХОРООНД ХАНДАЖ ШУДАРГА ЁСЫГ ШААРДАНА

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.МАНДАХБАЯР: Эндээс юу харагдаж байна гэхээр цаашид сэтгүүлч иргэдийн мэдэх эрхийг хангаж ажиллах, үнэнийг мэдээлэх боломжгүй аюул руу явж байна. Үүнийг төрийн дээд түвшиндээ анхаарахгүй бол болохгүй. Сэтгүүлч бид олон зүйл хүсдэггүй. Харамсалтай нь, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн байдал хумигдаж байна. Цагдаа, хүчний байгууллага харин ч сэтгүүлчидтэй нийлж хууль бус зүйлийн төлөө тэмцэж байх ёстой. Гэтэл цагдаагийн тодорхой албан тушаалтан ингэж сэтгүүлчийн үйл ажиллагаанд хүндэтгэлгүй хандаж, улмаар биед нь халдаж байгаад хариуцлага хүлээлгэх байх гэж итгэж, хүлээж байна. Энэ бол нэг хувь хүн, нэг сэтгүүлчийг өмөөрч байгаа хэрэг биш. Энэ бол нийт сэтгүүлч, мэдэх эрхийг хамгаалж, түүний төлөө дугарч байгаа сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагын дуу хоолой гэдгийг иргэд ойлгоосой гэж хүсэж байна. МСНЭ-ийн хуулийн багаас ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай сүбьектийн хэлтэс, Дотоод хяналт шалгалтын хэлтэс, АТГ болон УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж шударга ёсыг нэхэж, хандах болно. Сэтгүүлч юу ярьж байгааг хар, ямар баримт ярьж байгааг хар. Төр нь тэр баримтын араас хөөцөлдөхгүй, сэтгүүлчийн араас хөөцөлдөөд байна. МСНЭ-д хоёр дахь мэргэжлийн хуульч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд 12 сэтгүүлчид мэргэжлийн туслалцаа үзүүлсэн. Нэгээс бусдад нь ялалт байгуулсан байна. Ийм тохиолдолд сэтгүүлчид маань цаг алдалгүй бидэнд хандаарай. Бүгдээрээ нийлж асуудлыг шийдэх ёстой. 

А.БАЯРМАА: НАМАЙГ ТААЛАГДААГҮЙ АСУУЛТ АСУУСАН ГЭЖ БИЕД ХАЛДСАН 

Dorgio.mn сайтын сэтгүүлч А.БАЯРМАА: Тухайн өдөр 11:00 цагаас Х.Бат-Ялалтыг сулла гэдэг хэвлэлийн хурал болсон. Хэвлэлийн хуралд ирсэн хүмүүс албаны эх сурвалжаас ондоо мэдээлэл өгсөн. ШШГЕГ-аас Х.Бат-Ялалт өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээллийг өгсөн. Энэ хоёроос үндэслэж аль нь зөв мэдээлэл өгөөд байгааг асуусан. Хоёрдугаарт, та бүхний жагсаал цуглаан зохион байгуулж байгаа зэрэг чинь хууль зөрчсөн үйлдэл юм биш үү гэдгийг л тодруулсан. Тэдэнд таалагдаагүй асуулт асуусныхаа төлөө маш их доромжлуулсан. Худалдагдсан сэтгүүлч зэргээр хэлүүлсэн. Тэгээд намайг гараад явж байхад араас түлхээд яваад өгсөн. Хэвлэлийнхэн маань лайв дамжуулж байсан болохоор бичлэг нь бий. Хэргийг цагдаад өгсөн, шалгаж байна. Гэмтлийн зэргээ тогтоолгохоор хандсан. Асуулт асуусны төлөө байж болох бүхий л үгээр харааж, эрүүл мэндэд халдсанд гомдолтой байна. Энэ асуудалд МСНЭ болон Глоб интернэйшнл зэрэгтэй хамтарч ажиллаж байна.

-З.БОРГИЛМАА: СЭТГҮҮЛЗҮЙ ХҮЧГҮЙ, ШҮДГҮЙ АРСЛАН ШИГ БОЛЖ БАЙНА-

МСНЭ-ийн Хуульч, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч  З.БОРГИЛМАА: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд 8, 9 хэрэгт холбогдогчоор шалгагдаж байгаа юм билээ. Энэ дунд гомдол гаргасан хүн дотор ТЕГ-ын даргаас гадна УИХ-ын гишүүн гээд өндөр албан тушаалтан бий. Хэргийг шалгах явцад сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа, эрх ашгийг хөндөж, ноцтой зөрчиж байгаа нь анхаарал татаж байгаа юм. Үүнд сэтгүүлчийг эх сурвалжаа хэлэхийг тулган шаардах, баримтыг нь авч устгах, хувийн мэдээллийг нь шалгах, утасны үйлдлийг нь шалгах ажиллагаа хийгдэж байгаа нь аюултай юм. Монгол Улсын иргэн үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй гэж тунхагласан байдаг. Сэтгүүл зүйн ил тавьж гаргасан мэдээлэлд үндэслэж төрийн өндөр албан тушаалтныг шалгаж тогтоодог жишиг олон оронд байдаг. Манайд эсрэгээрээ сэтгүүлчээ дарамталдаг, шантаажчин гэдэг нэр хоч зүүлгэдэг учраас сэтгүүл зүй өөрөө шүдгүй, хүчгүй арслан шиг болж байна.  

Zarig.mn сайтын захирал Н.ӨНӨРЦЭЦЭГ: Энэ хэвлэлийн хурал үр дүнтэй болж байгаад баяртай байна. Миний хувьд шийдэлд хүрэхийг хүсэж байна. Учир нь, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын 10 тэрбумын хэрэг дээр түүнийг шалгаагүй хэр нь намайг гурван сар шалгасан. Өнөөг хүртэл Ц.Гарамжавыг шалгахгүй байгаа юм. Сэтгүүлч нарыг шантаажчин гэж цоллодог. Түүний нэг Ц.Гарамжав. Тиймээс нэр төрд халдсан гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргана. 

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.104) 2020 оны 04 сарын 23

Та нар тэгээд бусдын эрхэнд халдаж болдог юм уу үнэн зөв мэдээлэл өгөхгүй дандаа худлаа хандалт авах гж эн мэдээ цацдаг биз дээ

0  |  0
hj(66.181.161.109) 2020 оны 04 сарын 20

mandah aa naad heden jingeree zov humuujuul bandi min

0  |  0
Зочин(202.131.227.106) 2020 оны 04 сарын 20

Эрх мэдэлтэй мөнгөтэй хүмүүс хүссэнээ хийх болсон энэ нийгэмд сэтгүүлзүйн салбар үнэхээр хүчин мөхөсдөж байна. Өнөөдөр хамгийн бага цалинтай хүмүүс бол сэтгүүлчид. Гэхдээ л тэд хонон өнжин ажилладаг. Гэвч сэтгүүлзүйн нэр хүндийг муу байлгаж иргэдийн нүд чихийг хаачихаад хүссэнээрээ авирлахыг хүсэгчид олширчээ. Фэйсбүүк жиргээ бол сэтгүүлзүй бишээ. Жинхэнэ сэтгүүлчид таамаг дэвшүүлж гүтгэж доромжилдоггүй. Харин бодит үнэнг хүргэх нэг минутын 3-4 өгүүлбэрт багтах мэдээний төлөө хаа ч байсан хүрэхэд бэлэн гүйж явдаг юм шүү.

0  |  0
иргэн(66.181.188.205) 2020 оны 04 сарын 20

цагдаа .хуулийнханы сн сх байгаа ни хаана харагдана ве ? авилгажсан хахуулид идэгдсэн . хуули дүрмээ уландаа гишгэсэн араатнаас дор ааш авиртай хогын хулгайчууд төрийн хувцас аар өнгөлөгдөөд л явж бдг шүү саяны тэр халзан бухандай чини хамгийн тод жишээ ни :

0  |  0
Зочин(103.14.36.6) 2020 оны 04 сарын 20

Очиж очмж мөнгөний Өнөрцэцэгийг өмөөрөөд маш муухай харагдаж байна шүү

0  |  0
Зочин(150.129.141.131) 2020 оны 04 сарын 20

Монголын сэтгүүл зүй шинэ шатанд гарах цаг болсон шүү. Дэндүү хоцрогдсон. Гаргаж байгаа мэдээ нь хов, живийн шинжтэй. улс төржсөн. мэдээлэл гэхээсээ илүү хүний нэр төр, нандин зүйл рүү хандсан. Баталгаа, нотолгоогүй хувь хүний нэр, төрийг гутаасан юм их бичдэг нь эх орны хөгжил, ард түмний эв нэгдэлд ихээхэн хохирол авчирч бна. Бүхэлдээ монголын сэтгүүл зүй дэлхийн хөгжлөөс маш их хоцорсон.

1  |  0
(66.181.168.131) 2020 оны 04 сарын 20

Nasand hureegui huuhed huchindeed yavjiidag tsagdaag odoo yu geh ve

0  |  0
Top