ЗАХИДАЛ: Ганц худаг олигархиудыг хэл амнаас хол байлгадаг газар болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 21

Манай сонины Ховд аймгийн Жаргалант сумын ахмад уншигчдаас ирүүлсэн захидлыг товчлон хүргэж байна. Сайн байцгаана уу. Ард түмэн, төр засгийн хооронд гүүр болж, үнэн зөвийг нягтлан дэлгэрүүлж, бузар булхайг булшлан арилгахад хүчин зүтгэж яваа эрхэм дүү нарынхаа ажил үйлс, амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, Ховд аймгаас хэдэн өвгөн нийлж, өөрсдийн гараар бичиж эвлүүлсэн хүсэлтийг явуулж байна. Ийнхүү бидний хүсэлтийг хүлээж авч, засаж залруулан өөрийн сониндоо нийтэлж гарган санааг маань амрааж буй за хэмээн та нартаа найдан хариуг хүлээж сууна.


Монгол Улсад төр байна уу

Энэ асуултад хариулт өгөхөд хэлэх үг олдохгүй. Төртэй улс гэхэд бэрх болсныг төр засгийн эрх барьж буй хүмүүс ч ард түмэн ч хэлэх болсон нь нууц биш болсоор бараг 30 жил өнгөрлөө. Өөрийгөө төрийн түшээд хэмээн цээжээ дэлдэж хувиа бодон, довоо шарлуулж гадаад, дотоодын луйварчидтай эвлэлдэн нэгдэж, эвсэн хуйвалдагсад, төр ард түмэн, байгалийн баялгийг  цөлмөн дээрэмдэгсэд АНУ, Хятад, Англи зэрэг орнуудаас зөвлөгч, зааварлагч, шалган туслагч нэртэнгүүдийг оргуулж ирэгсэд олширч байна. Тэдгээр этгээдүүдээс эх орон, ард түмнээ яавал ядуу зүдүү, бурангуй байдалтай байлгаж, эх орон, эд баялгаас нь салгаж, элгээр нь хэвтүүлэх аргыг заалган авч, улс орныхоо баялгийг цөлмөн дээрэмдэж олсон ашгаа хуваалцан хөлжиж, өөрөө баяждаг нь гэм биш зан болжээ. Ийнхүү шунал тачаал нь жилээс жилд өсөн нэмэгдэж, арга нь улам нарийсаж, хүрээгээ тэлсээр байна.

 

Ардчилал бидэнд юу өгөв

Дэлхийн капиталистуудийн заавар, зөвлөмжийг сайтар заалгасан 1990 орчим оны хүүхдүүдийн уг зааврыг тахин шүтэж, эрх нь дэндсэн хүү ээжийнхээ хормойг сөхнө гэгчийн үлгэрээр тар засаг нь ард түмэн олны толгой тархийг эргүүлж, улс орны байдлыг бусниулж, түүнд нь ч нийгэм, төр засгаа голсон этгээдүүд ташуур өгч, өөгшүүлснээс Монгол Улс орвонгоороо эргэжээ. Улс орны бүхий л баялаг, үйлдвэр, аж ахуйн газар, байгууллагын өмч хөрөнгийг хувьчлал эхлэхээс өмнө тонон дээрэмдэж, тоног төхөөрөмжийг нь Хятад руу гаргаж ашиг олсон. Барилга байшинг нь ардчиллаар гарч ирсэн шинээр байгуулагдсан үйлдвэр аж ахуйн болон төр, олон нийтийн байгууллагуудад өндөр үнээр шахаж, борлуулж ашиг олон баяжиж, хөлжсөн. Юунд ч, хэнд ч дийлдэхгүй, хуулийг уландаа гишгэн, гууль болгосон капиталистуудыг төрүүлж, тэдэнд тухайн үеийн төрийн удирдлага, хууль хүчний байгууллага ч эвсэж нэгдэж олигархуудыг буй болгов. Ингээд Монголд хэдэн малтай малчид, эвдэрч хэмхэрсэн хэдэн тоног төхөөрөмжтэй гар хоосон ажилчин, тариачид, толгой хоосон хөдөлмөрийн сэхээтэн үлдэн хоцорсон нь гашуун үнэн. Энэ байдал газар авч элгээрээ хэвтэж, төр засагтаа хандаж эхлэхэд тэр үеийн төрийн түшээ нэртэнгүүд байр сууриа хамгаалж үлдэхийн тулд эх орныхоо байгалийн баялгийг ашиглан амьдрал ахуйг чинь сайжруулж, амь насыг чинь бэхжүүлнэ хэмээн амлаж ханцуй шамлан хүрз жоотуу барин газар руугаа дайрч эхэлсэн боловч мэдлэг чадвар, оюун ухаан, хүч нь хомсдов. Мөнөөх л гадаадын ах нараас түмэн тусламж авахаар өдөр шөнөгүй гадаадад тэнүүчлэн зөвлөн туслагч гэх мэтээр элдэв алдар нэр, цол гуншин авсан эрхмүүдийг урин залж ирээд Монголын баялгийг хэрхэн өөртөө ашигтайгаар авч ашиглах, түүний үр ашгийг хэрхэн ард түмнээс нууж хуваан идэж, ард түмнээс авсан татвар, банкны зээлийн хүү зэрэг хуримтлалыг банкнуудаас хураан авч тухайн үед байсан олон банкыг дампууруулсан. Үлдсэн жаахан хөрөнгийг төрийн түшээд болон тэдний гар хөл бологчид хувааж идсэн болохыг шударга ард түмэн ам булаацалдан ярьцгаадаг байлаа. Өдөр нь өөрийн үүрэгт ажлаа хийж, өглөө, орой, бүтэн хагас сайнд хүрз жоотуу барин төр засаг, түмэн олон, үр ач нарынхаа сайн сайхан ирээдүйн төлөө нойр хоолгүй шахам зүтгэж, хөдөлмөрлөн бүтээж явсан одоогийн ахмадууд, өндөр настангуудад үе үеийн Засгийн газар тэтгэврийг 20-50 мянган төгрөгөөр хоёроос гурван жилд нэг удаа нэмснээс өөр юу хийв. Үүнийгээ ч насан туршид амь амьдрал өгчихсөн юм шиг шагшин магтахыг яана. Сүүлийн жилүүдэд МАНАН-гийнхан урьдах нүглээ наманчлан ардчиллын буянаар ажлаасаа халагдаж ажилгүй нэртэй байсан хүмүүсийн ажилласан жилийг 10 жилээр хий нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төрөөс төлж байгаад тэтгэвэр тогтоодог болсон нь хачирхалтай. Одоо тэд бүгд 25-аас дээш 30-40 жил ажилласнаар тооцон 500 мянгаас нэг сая гаруй төгрөгийн тэтгэвэр авч байхад улсад улаан гар нүцгэн биеэрээ 30-50 жил хүртэл хөдөлмөрлөж явсан иргэд энгэртээ эвлэлийн тэмдгээс өөр гялайх зүйлгүй, өвөртөө зээлийн баримт, тэтгэврийн дэвтэр хоёроос өөр үзүүлэх юмгүй “Дээр тэнгэр хол, доор газар хол” хэмээн үлгэн салган амь зууж амиа аргацааж байна. Харин үр хүүхэд, ах дүү, хамаатан садан сайтай нь өр зээлээс айлгүй өч төчнөөн саяар зээл авч байх юм.

 

Монголын төрд эзэн бий юү

Дөрвөн жил тутамд сонгууль явуулж, төр, засгийн түшээд, Ерөнхийлөгчөө сонгоод байгааг бодоход төр засагтай, хуультай, засаг захиргаатай улс шиг байх бөгөөд сонгогдсон түшээд, дарга, Ерөнхийлөгч нар маань болохоосоо болохгүй, бүтэхээс бүтэхгүй, биелэхээс биелэгдэхгүй, хэрэгжихээс хэрэгжихгүй амлалт өгч, хууль зарлигаа баталчхаад мартдаг юм уу даа. Саяхан гэхэд “Эцэг” хуулиа засаж сайжруулаад орхилоо. Ийм зүйлийг бид урьд хожид үзсэнгүй. Монгол Улсад өндөр албан тушаал эрхлэн өч төчнөөн хөрөнгө мөнгөөр гараа угааж тансагласан төрийн луйварчид тэдний гар хөл бологсдыг анхнаас нь хорьж, арга хэмжээ авсан нэр зүүлгээд өршөөн суллах юм уу эсвэл шоронд хорино ял эдлүүлсэн нэрээр хорих 461 дүгээр анги гэгчид хүргүүлдэг боловч тэрхүү 461 дүгээр хорих гэдэг нь цагаан захтнуудыг ард олны хэл ам, хэрүүл тэмцлээс ангид байлгаж хамгаалдаг газар болж хувирлаа. Өрөө тасалгаанд нь тансаглуулна. Өнгөтэй өөдтэйг хэрэглүүлж, өдөр шөнөгүй ч утсаар яриулж, өөрсдийнхөө хамсаатнуудтайгаа хуйвалдах эрх өгдөг. Бараг үйлчлэгч, зарц томилон өгдөг гэж хүмүүс ярьцгаах юм. Ийнхүү төрийн гэмт хэрэгтнүүд, баячууд, олигархуудыг шоронд хорьсон нэртэй нэгээс хоёр сар байлгаж байгаад энд тэндхийн эмч, докторуудаас элдэв өвчний акт гаргуулан энэ хүнийг гаргаж суллахгүй бол эцэст нь хүний амьтай холбогдоно хэмээн худал ярьж хутган үймүүлээд хуульч нэртэй хуйвалдагч нараа явуулдаг. Ялтан нэртэй ямбатангуудыг ганц ишиг хулгайлсан ядуу иргэдээс ялгаж салгаж ангилж үздэг хууль, төрийн түшээд Монголд л байдаг бололтой.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 21

Zasggiin erhee ard tvmen avhad uyn .Komynizam ve .Ard tvmen uursuduu shiiddeg chyram togtooj bolno shvv dee .\n

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 04 сарын 21

Umhii yrvagchidtai bid partizanii dain yavuulnaa bolohgvi bol .Adilhan hylgaich alyyrchidiin bvleg baigyylnaa tedniig ydamaar ystagahgvi bol herees heterj bna .Hylgaichid turiin erhiig eeljilen jvjeg tavij gartaa songyyli nertei jvjeg zohioj hariihanii har hairtsagaar .Mongoliig muljij bna .Bid partizanii nyyts bvlgem baigyylah hangaltai bolsoon ardiin zasgaa erhee ard tvmen avah bolsoon odoo .Har hairtsagaar bvv songyyli ug .Namyydiin tuluu bvv sanal ug .\n\n

0  |  0
Бат(66.181.169.108) 2020 оны 04 сарын 21

Алдаа оноогоо засаад явах хэрэгтэй болохоос эргээд коммунизм, дарангуйлруугаа орж хэзээ ч болохгүй. Бид чинь 200 жил манж хятадал, 70 жил Оросд дарлуулж ханаагүй юмуу.

0  |  0
Өлзий(122.201.21.5) 2020 оны 04 сарын 21

Шудрага, үнэнийг бичсэн сайн нийтлэл болжээ. Үүнийг олон дарга цолтонгууд уншаасай. Үнэнийг олж харж, ухаалаг арга хэмжээ авдаг нь байгаасай гэж хүсэж байна

0  |  0
zochin(192.82.78.50) 2020 оны 04 сарын 21

yu bicheed baigaa nastan be, tsag tsagaaraa tsahildag huhuuruu baidaggui gedgiig medmeer um, ardchilaliin buyand heden maltai, huuhduud ni gadaad dotoodod chuluutei zorchoj, songuuli ugch sanaa bodloo chuluutei ilerhiilj baigaa chini henii ach tus um be, huuchin niigmee sanagalzaad gegelzeed moskvagaar malaa yaj malluulahaa zaalgaad huts uhna bolson tovchoonii heden gishuunee zuun huviar songood l suuj bh chini yagaav

0  |  1
Top