Ажилдаа явах гээд 10-аад минут алхсаар автобусны буудал дээр ирнэ, хүлээх дундаж хугацаа нь зургаан минут. Нийт 13 буудал туулж өнгөрсний дараа нэг ажил дээрээ очно. Өглөөдөө 40 минутын дотор очдог ч оройдоо дунджаар нэг цаг 30 минутыг автобусанд элдвийг ширтэн, бас адгаж яарч өнгөрүүлнэ. Ажлаа тараад автобусанд суухад эцсийн буудлаас хоёр буудал явж ирдэг болохоор ихэнхдээ хоосон суудалтай. Цонхон талдаа сууж явахад цаг хугацаа хамаагүй сонирхолтой өнгөрдөг учраас бүгд цонхон талд суухыг эрмэлзэнэ.
Аанай л нэг удаа автобусанд ийн суугаад явж байтал "Уучлаарай, хажууд чинь сууж болох уу" гэж анх удаа л автобусанд хэн нэгэн хамт суухыг хүсэв. Би ч өөрийн өмч биш учраас боловсон нь аргагүй зөвшөөрөл өглөө. Энэ бол миний хувьд надаас суудалд суух зөвшөөрөл авсан анхны тохиолдол юм. Өмнө нь би кино, эсвэл уран зохиолд л ийм боловсон яриа байдаг болов уу хэмээн боддог байлаа.
Хамгийн эхэнд хүлээж авсан эелдэг зан нь түүний царайг улам үзэсгэлэнтэй болгож харагдуулна. Магад хэзээ ч засуулж, гоодож байгаагүй хумс, хийлгээд ч хэрэггүй мэт хэтэрхий булбарай гар. Цэвэрхэн арьсандаа зөвхөн нарны тос түрхсэн байх нь гэрээсээ өдөр гарч, хэн нэгэнтэй уулзах төлөвлөгөө байгаагүй болов уу гэмээр. Энэ байдал нь хаа нэг газар ганцаараа ном уншиж байгаад ирсэн байх гэсэн төсөөллийг төрүүлнэ.
Элдэв асуулт тавиад эцэст нь “Танилцъя” гэж асуухад тэр эелдгээр “Баярлалаа” гэж хэлчихээд, харин танилцахаас татгалзах байсан байх. Түүнтэй 30 минут орчим зэрэгцэн сууж байхад ганц ч удаа утсаа гаргаж харсангүй. Тэгэхээр тэр хэн нэгнийг, бас түүнийг хэн нэгэн хүлээгээгүй бололтой. Хажуугаас нь хараад дүгнэхэд амьд харилцааг чухалчилдаг нь мэдрэгдэнэ. Хажууд ирсэн цагаас хойш л тийм гэхийн аргагүй тансаг үнэр үнэртэнэ. Яагаад ч юм би түүнийг хагас саяын үнэтэй "Сhanel-№5 parfum" сүрчиг гэдгийг мэдэж байлаа. Мөн тэр "Jack wolfskin"-ийн аяллын гутал дээр "North Face" өмссөн нь түүнийг хулхи үнэртэн хэрэглээгүй гэдгийг илтгэнэ.
Харин яагаад таксинд бус автобусанд суусныг бодож байх зуурт “Баяртай” гэсэн харц илгээгээд босон явсан юм. Ийнхүү би анх удаа автобусанд түгжрэл мартан явсан ч зам түгжрэлтэй байхгүй яав даа хэмээн ихэд харамссан юм.
Эх сурвалж: "Өглөөний сонин" О.Ганжаргал
Сэтгэгдэл ( 1 )
Niitiin teevriin uilchilgee zever saihan, soeltoi bolood ireheer hymyys niitiin unaagaar l uilchlyylne, soeltoi hyn bolgon…saihan zag ireh baih