ДЭЛХИЙН ТОЙМ: Европын орнууд хөл хориогоо сулруулах уу?

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

Итали хөл хориогоо цуцлах уу?

Өнгөрсөн сард коронавирусний голомт болоод байсан Итали улсад хөл хориог аажмаар цуцлах төлөвлөгөөг энэ долоо хоногийн сүүлчээр танилцуулах гэж байна. Тус улсын Ерөнхий сайд Жузеппе Конте мэдэгдэхдээ “Итали улс хязгаарлалтын арга хэмжээнүүдээ шинжлэх ухаанч бодлогод тулгуурлан сулруулна” гэжээ. Италид өчигдрийн байдлаар коронавирусний халдвараар 24648 хүн нас барсан нь Европтоо хамгийн өндөр үзүүлэлт юм.

Европын орнуудад сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тархалтын тоо буурч байгаа ч нас баралт өндөр хэвээр байгааг ДЭМБ мэдээлсэн. Италид халдварын тоо хоёр өдөр дараалан буурсан ч хоногт 400-500 гаруй хүн нас барж байгаа аж.

Итали нь Европын бүсийн гурав дахь том эдийн засагтай улс юм. Тус улсад халдварын тархалтыг хязгаарлахаар өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд хөл хорионы дэглэм тогтоосон билээ. Хязгаарлалтын дэглэм тавдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм.

Европ хязгаарлалтын дэглэмээ аажмаар сулруулж байна

Европын нэлээд хэдэн орон энэ долоо хоногоос хязгаарлалтын дэглэмээ сулруулж эхэлжээ. Герман, Австри, Чех, Дани зэрэг улс бизнесийн зарим үйл ажиллагаагаа сэргээсэн бөгөөд Данид бүр сурагчдын хичээлийг эхлүүлсэн байна. Гэхдээ 12-оос доош насныхан хичээлдээ явж болно. Европт дунд болон ахлах сургуулийн сурагчдын хичээл ороогүй хэвээр байна.

Тэгвэл Норвегт цэцэрлэгийн үйл ажиллагааг сэргээж, ариун цэврийн дэглэмээ баримтлан сургуулийн өмнөх боловсролыг эзэмших боломжоор хангах аж. Францад орон даяар тогтоосон хөл хориог сунгажээ. Гэхдээ бага сургуулиуд удахгүй хичээллэж эхлэх бол төгсөх ангийн сурагчид тавдугаар сарын 18-наас, бүх сурагч 25-наас хичээлдээ явах боломжтой гэж Францын Боловсролын сайд Жан-Мишель Бланке мэдэгдсэн байна.

Тэгвэл Европын орнуудаас хамгийн хатуу хязгаарлалт тогтоосон Испани улсад бүх насны хүүхдүүдийг гэрээс гарахыг хориглосон хязгаарлалтдаа энэ сарын 27-ноос өөрчлөлт оруулах гэж байна. Тус улсад 14 хүртэлх насны хүүхдүүдийг эцэг эхтэйгээ хүнсний дэлгүүр, эмийн сан орохыг зөвшөөрөх аж.

ОХУ халдварын тархалтаараа есдүгээрт бичигдлээ

Хойд хөрш ОХУ сүүлийн хэд хоногт анхаарал татаж байна. Өчигдрийн байдлаар 52700 гаруй хүн халдвар аваад байгаа бол уржигдраас өчигдөрт шилжих шөнө 5642-оор нэмэгдсэн нь айдас хүргэм тоо байлаа. ОХУ-д “COVID-19”-ийн халдвараар 456 хүн нас баржээ. Нийслэл Москва хотод хоногт 28 нас барсны хамгийн залуу өвчтөн нь 30 настай байжээ. Москвад нийт 261 хүн нас барсан байна.

Оросын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цар тахлын оргил үе энэ сарын сүүлчээр тохиох аж. Тийнхүү тавдугаар сарын сүүлчээр шинэ тохиолдлын тоо багасна гэжээ.

ОХУ-д залуус коронавирусний халдвараар өвчилж байгаа нь тэтгэврийн насныхан илүү дэг журамтай, шаардлагыг сайн биелүүлдэг, харин залуу үе маш хайнга байгааг илтгэж байна гэж Санкт-Петербургийн судлаач Александр Семенов үзэж байна.

АНУ халдварын тархалтаараа тэргүүлсээр байна

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр АНУ (824.4 мянга) халдварын тоогоороо дэлхийд нэгт, дараа нь Испани (204.1 мянга), Итали (183.9 мянга) гуравт, Франц (159.2 мянга) дөрөвт, Герман (148.4 тыс.) тавд явж байна. ОХУ аравт бичигдэж байгаа аж.

Германы вирус судлалын хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусний халдвар авах хамгийн өндөр эрсдэл нь уг вирусний халдвартай хүнтэй удаан хугацаанд ойрхон харьцах явдал гэдгийг анхааруулжээ.

Эх орон руугаа буцах хүсэлт гаргасан оросууд бүгд Монголоос буцжээ

Монгол Улсад эх орондоо буцах хүсэлт гаргасан Оросын иргэд үлдээгүй, бүгд буцсан гэж Улаанбаатар дахь ОХУ-ын Элчин сайдын яам РИА Новости агентлагт мэдээлжээ. “Энд бүх зүйл сайн байна. Монгол Улсын Засгийн газар энэ оны нэгдүгээр сараас эхлэн хорио цээрийн арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлсэн бөгөөд элчин сайдын яаманд буцах хүсэлт гаргасан иргэд бүгд буцсан. Монголын эрх баригчид Оросын иргэдийг эх орондоо буцах бүх боломж олгосон. Цаашид буцахыг хүссэн иргэд автомашинаар хилийн шалган нэвтрүүлэх боомтоор гарах боломжтой” гэж тус Элчин сайдын яам мэдээлжээ.

Цар тахлын хамгийн хүнд үе урд байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал хурал хийж, бүсийн улс орнуудын эрүүл мэндийн тогтолцооны хөгжил, хариу арга хэмжээ авах чадварын талаар хэлэлцжээ. Халдварын тархалтыг удаашруулах, бууруулахад үр дүнтэй арга хэмжээ авахыг тэрбээр уриалаад улс орнууд хязгаарлалтын арга хэмжээгээ цуцлах арга хэмжээ авч байгааг  шүүмжилжээ. Халдварын тархалтыг хяналтдаа бүрэн авахаас нааш хөл хориогоо цуцлах нь халдварыг дахин тархаах эрсдэлтэй тул хязгаарлалтын арга хэмжээг аажмаар цуцлах хэрэгтэй гэв. Мөн зайнаас харилцах хэв маягаа үргэлжлүүлэн хэвшүүлж, ариун цэврийн дэглэмүүдийг өдөр тутмын амьдралдаа мөрдлөг болгох ёстойг ДЭМБ сануулсаар байна.

ДЭМБ-аас цар тахлын хамгийн хүнд үе бидний ард биш урд байгааг анхаарууллаа. Тус байгууллага “Бидэнд итгэж, хүнд үеийг хамтын хүчээр даван туулах хэрэгтэй болоод байна” хэмээн анхааруулсан байна.

 

Top