ХҮНИЙГ ГЭРШҮҮЛЭХ НЬ: Хиймэл оюун ухаан бидэнд хэрхэн амьдрахыг зааж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 21

Соёл иргэншлийн түүхэнд шинэ технологи гарах бүрд асар том өөрчлөлтөд хүрдэг. Анжис, зээтүү ан хийж, жимс түүн, тэнүүчилж амьдардаг байсан эртний хүмүүсийг тариаланч болгож хувиргасан. Аж үйлдвэрийн хувьсгал том хотууд бий болгож, тариачдыг феодалуудаас чөлөөлсөн. Тэгвэл хиймэл оюун ухааны технологи нийгмийг хэрхэн өөрчлөх вэ? Энэ талаар Оросын Шинжлэх ухааны академийн академич А.Сергеев сонирхолтой ярилцлага өгчээ.


ХҮН ТЭЖЭЭВЭР АМЬТАН БОЛОХ УУ?

-Орчин цагийн хүний том айдсуудын нэг нь хиймэл оюун ухааны түүний ажлыг булааж, маш олон мэргэжлийг үгүй хийнэ гэсэн айдас болоод байна.

-Эсрэгээр энэ бол айх зүйл биш. Энэ бүхнийг хүн төрөлхтөн туулж байсан. ХХ зууны эхээр ердийн хөсөгтэй хамт хөсөгчний ажил алга болж байсан. Тэр үед хэн ч хохироогүй. Хөсөгчид таксины жолоочийн мэргэжил эзэмшиж байлаа. Ажилгүйдэл гэдэг нь өчигдрийн асуудал. Харин өнөөдөр биднийг өөр асар том өөрчлөлтүүд хүлээж байна. Хиймэл оюун ухааны хөгжлийг ажиглавал дараагийн алхам нь алгоритм бидний оюун ухааныг орлох явдал юм. Өнөөдөр хиймэл мэдрэлийн сүлжээ хүний ирээдүйг илүү нарийн хэлдэг болсон тул бид хиймэл оюун ухаан дээр суурилсан шийдвэр гаргах системийг өргөнөөр ашигладаг боллоо. Хүн байгалиасаа хялбар замыг сонгох хандлагатай байдаг тул бид шийдвэр гаргах эрхээ ч машинд өгөх вий хэмээн эмээж байна.

-Энэ нь ямар муу талтай вэ?

-Өдгөө “хүнийг гэршүүлэх” гэсэн нэр томьёог ихээхэн хэрэглэх болж. Эрт дээр үед манай өвөг дээдэс амьтдыг гэршүүлдэг байв. Хүмүүс амьтдад ашигтай мэт нөхцөл болзол тавьж байсан. Тэжээж, араатнаас хамгаалж, дулаан хашаа, хороо барьж, хүйтнээс хамгаална. Өдгөө манай гараг дээр гэрийн тэжээмэл амьтдын тоо, толгой хүнийхээс даваад байгаа. Гэвч амьтанд энэ нь таатай байгаа юу? Жишээ нь азгүй тахиануудыг хэдэн долоо хоног бордож байгаад шөл хийгээд иддэг. Эсвэл үхэр, гахай бой руу очихоосоо өмнө давчуу хашаа, хороонд богино амьдарлаа өнгөрүүлнэ. Амьтад аюулаар дүүрэн амьдралаа хүнд даатгасны төлөөс нь энэ. Харин одоо хүн тэдний оронд очиж магадгүй болоод байна.

-Өөрөөр хэлбэл хиймэл оюун бидний асуудлыг бидний өмнөөс шийднэ гэсэн үг үү?

-Тийм ээ. Хиймэл оюун ухаан бидэнд хэрхэн хооллох, эмчилгээ хийлгэх, хэнтэй уулзахыг зааж, өдрийн ажлын төлөвлөгөө гаргана. Түүний зохиосон өдрийн дараа бид өөрсдийгөө аз жаргалтай, сэтгэл хангалуун буйгаа мэдэрдэг. Харин үүний төлөөсөнд та бүх хувийн мэдээллээ өгөх ёстой. Ингэснээр хиймэл оюун таны амьдралыг илүү тухтай, илүү оновчтой хөтөлнө.

ХИЙМЭЛ ОЮУНД СҮНСЭЭ ХУДАЛДАНА

- Зэрвэс харахад ашигтай хэлцэл юм шиг?

-Мэдээж хэрэг! Фауст сүнсээ чөтгөрт худалдаж байхдаа бас тэгж бодож байсан. Энэ бол ийм төрлийн хэлцэлд заавал байдаг нөхцөл. Харин та өөрийн бодол, мэдрэмж, улс төрийн үзэл бодол, бие физиологийн онцлог, хэрэгцээ, өвчин зэрэг мэдээллээ итгэхэд бэлэн үү гэдгээ бодож нэг үз. Алгоритм таныг нэвт шувт, эс бүр болгоныг тань мэдэх болно. Ингэсний төлөө та үнэхээр зөв, ухаалаг зөвлөгөө, шийдвэрүүд авна. Ядахдаа эхний үед. Гэхдээ өөрийнхөө амьдралыг өөрийн хүсэл, ухаанаар шийдэх эрхгүй болно.

-Тэгсэн ч гэсэн хүн нөгөө талыг бодвол илүү ихийг авах юм шиг санагдаад байна?

-Та буруу бодож байна! Бид зүгээр л байгаа бүхнийхээ үнэ цэнийг ухамсарлахгүй байна. Өнөөдөр л баялгийг банкин дахь данс, үнэтэй үл хөдлөх хөрөнгө эсвэл хувийн бизнес гэж ойлгодог болжээ. Гэтэл бид мэдээлэл гол капитал болох тэр нийгэм руу явж байна. Тэр нийгэмд анги, ангийн тэмцэл гэж байхгүй.

Шинэ элитүүд гарч ирнэ. Тэд бол мэдээлэл, мэдээллийн технологийг эзэмшиж буй хүмүүс. Тэд л та бидний хувь заяаг тодорхойлно. Тэдний дор алгоритм, машин гэсэн үе давхарга бий болно. Харин хамгийн доор жаргалтай, амар амгалан хүмүүс байна. Тэднээс юу ч хамаарахгүй. Нэгдүгээр үе давхаргаас ирсэн даалгаврын дагуу хоёрдугаар давхаргынхан тэднээр хүссэнээ хийнэ.

-Тэгээд бид юу хийх юм бэ?

-Магадгүй доод давхаргынханд үржих боломжийг л үлдээх байх. Машины хийж чадахгүй цорын ганц зүйл нь бидний генетикийг олшруулж чадахгүй шүү дээ. Харин бид үүнийг чадна. Тэр байтугай энэ ажилдаа бүрэн дүрэн өөрийгөө зориулахдаа баярлана. Учир нь биологийн төрөл зүйлийн хувьд бид төрөлт багасахад санаа зовнидог. Харин энд бидэнд идэвхтэй үржих, өөрийн ДНХ-г хувилах санал тавьж байна. Үүний төлөө биднийг тухтай, амар амгалан оршихуйгаар хангана.

НИЙГМИЙН БҮРЭН ХЯНАЛТ -СОЁЛ ИРГЭНШЛИЙН ШИНЭ СОРИЛТ

-Гэхдээ хүмүүс аюулыг ухамсарлаж эхэлж байгаа юм шиг? Хүмүүс биометрик мэдээллээ нэгдсэн системд оруулахыг эсэргүүцэж эхэлсэн. Европын Холбоо олон нийтийн газар хүний царайг таних, нийгмийн рейтингийг хориглосон.

-Бүх зүйл тийм хялбар биш. Жишээ нь Хятадыг авч үзье. Хятадад нийгмийн гишүүдээ мэдээллийн бүрэн хяналтад авахыг хүсэж байгаад хэн ч эргэлздэггүй. Дашрамд дурдахад, Хятад улс ч үүнийгээ нуудаггүй. Тэд ийм аргаар хүн амыг удирдахад илүү хялбар гэж үздэг. Тэд өдгөө дэлхийн технологийн тэргүүлэгчид болсон учир босоо удирдлагатай сайн боловсролтой хүмүүсээс бүтсэн асар том хүч бий болох боломжтой. Миний бодлоор энэ бол соёл иргэншлийн ноцтой сорилт. Өөрөөр хэлбэл улс төрийн тогтолцоо хоорондын шинэ тулаан ойртож байна. Гэхдээ капитализм, социализмын биш. Гэтэл бид Google зэрэг мэдээллийн технологийн аваргууд эрх чөлөө, хувийн мэдээллийн нууцыг чанд хадгалах зармыг сахидаг хэмээн итгэсээр ирсэн. Өнөөдөр байдал ийм байгаа гэж найдахыг хүсэж байна. Харин маргааш яах бол?

ХАНГАЛУУН, ТАЙВАН АМЬДРАЛЫГ ХҮСДЭГГҮЙ ХҮМҮҮСИЙГ ХАЙЖ БАЙНА

- Нэгэн сонирхолтой тооцоолол байдаг. Өмнө нь нэг жилд 50 мянган авьяастай төгсөгч хангалттай байсан. Энэ даалгаврыг янз бүрийн олимпиад, тусгай сургуулиудаар дамжуулан авьяастнуудыг илрүүлэх систем муугүй гүйцэтгэдэг байсан. Өндөр технологийн эрин үед бидэнд жилд 500 мянган авьяастай хүүхдийг сонгон шалгаруулах шаардлагатай болоод байна. Тэднийг хаанаас олох вэ?

- Энд хэд хэдэн асуудал бий. Нэг талаар, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн халалт юм. Өөрөөр хэлбэл залуусыг яг л халуун хуушуур шиг л шүүрэн авч байна. Таныг насанд хүрээгүй байхад л алхам бүрд 150 мянгыг санал болгож байна. Энэ нь ахмад үеийнхэн шинэ мэргэжлийг сайтар эзэмшиж чадахгүй байгаатай ихээхэн холбоотой. Залуус хялбар замаар явах урхинд орж байна. Хөнгөн, хялбар аргаар мөнгө олох боломж байхад удаан суралцаж, толгойгоо гашилгах хэрэг байна уу? Тиймээс бид цалин, тайван амьдралыг тэргүүн зэрэгт тавьдаггүй хүүхдүүдийг олж, тэдэнд итгэх ёстой. Скутерээр хүнс зөөх эсвэл дэлгэцэн дээр ойдог бөмбөг зурахыг сонирхдоггүй тэр хүүхдүүдийг. Тэднийг бүтээлч чанар, сониуч зан, шинжлэх ухаанаар халдварлуулах нь бидний зорилго. Хэрэв үүнийг бид хийхгүй л бол мэдээлэл эзэмшигчид алгоритмын тусламжтай, толгойгоо ажиллуулаж, шийдвэр гаргахаас залхсан хүн төрөлтнийг удирдах тэр кастын нийгэмд очно гэсэн үг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top