АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа Хятадын DeepSeek компанийн чатбот руу америкчуудын нэвтрэх боломжийг хаах аргыг судалж байгаа тухай The New York Times сонин мэдээлжээ.
АНУ-ын эрх баригчид тус улсын технологийг, тухайлбал хиймэл оюун ухааны технологид ашигладаг чипүүдийг DeepSeek компани худалдан авахыг хориглох арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнээс гадна америкийн бичил схемүүдийг худалдан авахад үйлчилж буй хязгаарлалтыг Хятадын компани тойрон гарч байгаа эсэхийг судлах ажээ.
АНУ-ын засаг захиргаа Хятадад бичил схем экспортлохыг саяхан хориглосон юм. Энэ хоригийн улмаас Америкийн технологийн томоохон Nvidia компани хиймэл оюун ухааны технологид ашигладаг Н20 чипийг Хятадын компаниудад тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаж чадахгүй болсноор 5,5 тэрбум ам.долларын санхүүгийн алдагдал хүлээхээр байгаа гэнэ.
БНХАУ-ын DeepSeek компани R1 чатботын шинэ хувилбарыг нэгдүгээр сарын 20-нд гаргасан бөгөөд энэ нь ChatGPT чатботын тэргүүний хувилбараас давж гарсан гэж мэдэгдэж байгаа юм. DeepSeek чатботын нэр хүнд дэлхийн хэрэглэгчдийн дунд хурдан өсөж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )