“OpenAI” компани зураг бүтээгч хамгийн дэвшилтэд хиймэл оюун ухааныг танилцуулснаас хойш нийгмийн сүлжээнд олон шинэ визуал трендүүд гарч эхэлсэн.
Хэрэглэгчид алдартай хүүхэлдэйн киноны стиль, Барби хүүхэлдэйн стилиэр өөрсдийнхөө гэрэл зургийг хувиргах болжээ. Хамгийн анх Японы Ghibli анимэ студийн бүтээлүүдийн хэв маягаар бүтээсэн зураг интернэтээр дүүрсэн. Сонирхолтой нь, тус студийг үүсгэн байгуулагч Хаяо Миязаки өөрөө хиймэл оюун ухааныг эрс эсэргүүцдэг нэгэн. Эл флэшмобд Цагаан ордон хүртэл нэгдэж, хиймэл оюун ухааны бүтээсэн гаалийн албаны ажилтан хууль бус цагаачийг саатуулж буй зургийг хүртэл Х сүлжээндээ оруулж байв.
Ээлжит шинэ трендээр Барби хүүхэлдэйн стилийг дуурайлган зургууд гарч ирсэн. Гэрэл зургийг ийм зурагт хувиргахад хялбархан гэнэ. Тухайн аппт селфи зургаа оруулж, нэр, мэргэжил, хувцасны донж маягаа мэдээлэл болгон оруулахад хангалттай. Гэхдээ зарим хэрэглэгчид алдаатай мэдээлэл өгснөөс AI зураг нь эх хувилбараас өөр болох нь элбэг.
GPT-4o шинэ функц “OpenAI” компанид ихээхэн ашигтай болж таарав. Судалгааны “Similarweb” компанийн мэдээллээр, зураг бүтээгч үйлчилгээ гарсны дараа ChatGPT чатботын хэрэглэгчдийн тоо энэ онд анх удаа 150 саяыг давжээ.
Сэтгэгдэл ( 0 )