А.Одончимэг буюу МОНГОЛ ЖАНГУМ: Хүүхдийн баярласан харц миний амьдралдаа авсан хамгийн том бэлэг

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛС ЭХЛҮҮЛСЭН ОН ЖИЛҮҮД

А.Одончимэгийн унасан газар Улаанбаатар, өссөн газар Шарын гол, уг гарал нь Хөвсгөл аймгийн хүн. 1980 онд Дарханы Шарын голын сургуулийг наймдугаар ангиа онц  дүнтэй төгсөж, улмаар Дарханы Политехникумын сургуулийг Геологич мэргэжлээр мөн л онц дүнтэй дүүргэжээ. Ленинградын Горный  их сургуульд сурсан ч амьдралд нь тохиолдсон харамсалтай явдлаас болж төгсөж чадаагүй юм. Өнөөгийн Жангум бий болох эх үндэс болсон энэ явдлыг өгүүлэхдээ Одончимэгийн хоолой нь зангирч, нулимс нь цийлэгнэж байв.  Анхны хүүхдээ төрүүлээд ангир уургаа амлуулж амжаагүй байтал эх баригч эмч  хүүг нь жинлэх гэж авч яваад гараасаа алдан шалан дээр унагачихжээ. Үүнээс болж хүү нь тархи нугасны хүнд бэртэл авч улмаар тархины саажилт үүсэн, дөрвөн ч удаа хагалгаанд орж, эмнэлэг, сувиллаас салаагүй нэг жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд эвийлж хөөрхийлсөн, эсвэл тавлаж бахаа хангасан олон хүний харцанд  ээрэгдэж явахад нь хань нөхөр нь түүнийг орхин одсон. Хүүгээ ой гарантай болсны дараа алдаж, салах ёс хийж байхдаа ээж нь хөгжлийн бэрхшээлтэй мянга, мянган хүүхдэд тусалж, энэ амьдралаа зориулна гэж сэтгэлдээ амласан юм. Баянхонгор аймгийн Шаргалжуутын халуун рашаанд тархи мэдрэлийн хамгийн сайн рашаан байдаг гэж сонсоод хүүгээ сувилуулж байсан тэр л  өдрүүд түүнийг энэ л газарт үлдээх шалтгаан болсон аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдэд ажил хийх боломж гардаггүй, үр хүүхдээ асарч, нойр хоолгүй шахам зүдэрдэг зовлонг Одноо хамгийн их мэдэрсэн.

Уламжлалт монгол хоол хийх аргыг 108 насыг зооглосон өндөр эмгээсээ өвлөсөн тэрбээр хүүхдээ асрахын хажуугаар сувилалд амарч байгаа хүүхдүүдэд хурган бантан хийгээд өгчихдөг, халуун цай үйгээд барьчихдаг, баривч оёод өмсүүлчихдэг байжээ. Үүнд нь эцэг, эхчүүд маш их баярладаг байв. Тэдний нэг Улсын их хурлын гишүүн, “Улаан загалмай” нийгэмлэгийн дарга агсан Л.Одончимэд хэмээх эрхмийн гэр бүлтэй ийнхүү танилцсан гэдэг.  Тэднийх зээ хүүгээ сувилуулж байсан үе. Адилхан зовлонтой хүмүүс л нэгнийгээ ойлгоно шүү дээ. Одончимэг бүсгүй хүүгээ алдсаны дараа хот орж Одончимэд гуайтай уулзсанаар хүмүүнлэгийн үйлс бүтээх анхны шангаа татжээ.  2000 онд халуун рашааныхаа дэргэд түшиглэн, халуун сэтгэлийнхээ илчийг шингээн хүүгийнхээ нэртэй хамтатгаж “Халуун Болор” нэртэй төрийн бус байгууллага байгуулсан цагаас хойш тархины саажилттай хүүхдүүдэд туслах олон ажлыг хийсэн. Шаргалжуут рашаан сувилал улсын статустай, эрүүл мэндийн харьяа байгууллага байсан үе. 2007 онд Монгол Улсынхаа бүх аймгаар тойрч тархины саажилттай хүүхдийн нэгдсэн судалгааг хийсэн нь хүмүүнлэгийн загалмайлсан эцэг Одончимэд гуайн заавар зөвлөгөө байсныг тэрбээр гүн хүндэтгэлтэй дурсаж байв.

 

АВЬЯАСАА ХОНИОР АРИЛЖИЖ АЛАГ ҮРСИЙГ ХООЛЛОЖ БАЙСАН ӨДРҮҮД

Дахин хоёр дахь амьдралаа эхлүүлж, хэдийн гурван хүүхдийн ээж болсон түүнд гар дээр нь бэлэн таван төгрөг ч байсангүй. Хүмүүнлэгийн тусламжийн байгууллага гэдэг санхүүжилт сайтай байх ёстой болохоор сайн санаат хүмүүс болон албан байгууллагаас дэм тусламж олох ажил түүнд ундрав. Үүний сацуу Шаргалжуутын рашаанд амарч сувилуулж байгаа иргэдийн дунд нийтийн бүжиг зохиож, өөрөө дуулж хөөрхөн тоглолт хийчихдэг байв. Бага залуудаа Бүх ард түмний урлагийн наадмаас энэтхэг, казак бүжгийн зургаан удаагийн алтан медальт, “Дружба” хамтлагийн гишүүн, орос дууны мастер адтай охин байсан тэрбээр тоглолтынхоо орлогоор хонь авна аа. Тухайн үед ямаа 10 мянган төгрөг, хонь 25 мянган төгрөг байсан. Өдөрт 40-50 хүнд 500 төгрөгийн билетээр тоглолт үзүүлчихэд нэг хонины мөнгө олчихдог байжээ. Өдөр бүр хонь гаргаж, ядарсан биетэй хүүхдүүдэд шинэ шөл уулгах нь түүний зорилго байлаа. Тэр үед  хүний газар ирсэн түүнд гэр орон ч байсангүй. Хоршооноос цуу ямбуу ууттай, ясан цагаан гурил зээлээр авч амрагчдад  сэвсийсэн хөвсгөр орос булычка хийж зарсаар байгаад, 17 ширхэг гурилын уутаар майхан хийж оёж, толгой хоргодох болжээ.  Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд тоглолт хийж өгөхөд нь тэд талархсан сэтгэлийн хариу болгож хийсэн гэрээсээ хоёрыг бэлэглэж анх гэртэй болж байжээ. Л.Одончимэд гуай “Улаан загалмай” нийгэмлэгээс дөрвөн гэр бэлэглээд гэнэт л зургаан гэртэй болжээ. Зургаан гэртээ жилдээ 500 гаруй саажилттай хүүхдүүд хүлээн авсаар, он цагийн эрхээр гэрүүд нь ч хуучрав. Нутаг орны өрх толгойлсон, орон гэргүй ядарсан хүмүүст гэрээ хандивлаж буян болсон доо. Харин өдгөө тэрбээр 10 ханатай өргөө цагаан гэртэй болсон. Түүнийг 21 аймагт танихгүй хүн гэж үгүй. Шаргалжуутад сувилуулж байсан хүмүүс түүний өндөр ээж шиг өглөг буянтай сэтгэлийг нь өдгөө хүртэл үлгэр домог шиг ярьсаар буй.

Одончимэгийн Монголд анх удаа нутгийн ардын дунд санаачилсан нэгэн том баяр бол “Сарлагийн наадгай” бөгөөд өдгөө болтол 15 жил тасралтгүй явагдаж иржээ. Хэлэлцсэн юм шиг сарлагийн баярт нь хөл, гаргүй хөгжлийн бэрхшээлтэй нэг хүний сарлаг 10 жил дараалаад түрүүлчихжээ. Түрүүлсэн байг шагнах мотоциклоо худалдаж авахын тулд Одноо бүтэн жил хөдөлмөрлөж мөнгөө хураадаг. Сүүлдээ шагналынхаа мотоциклыг зарсаар байгаад мөнөөх хөгжлийн бэрхшээлтэй эр мал хуйтай болоод авч. “Чиний хүчинд би ийм их малтай боллоо, энэ жил надаас өвлийн идшээ аваарай"  гэх нь эргэх хорвоо ээлж дараатайг харуулах шиг. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд давхардсан тоогоор  тархины саажилттай 2227  хүүхдийг өдрийн гурван удаа үнэгүй хооллож, ундалж ирсэн. Үүний зэрэгцээ, хувцас хэрэглэл, тоглоом бэлэглэж, 700-аад хуучин тэргэнцэр цуглуулж өгчээ. “Учир нь манай улсад тэргэнцрийн үйлдвэр байдаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийн эцэг, эхчүүдэд тэргэнцэр гэдэг хамгийн том бэлэг. Хуучирсан тэрэгнүүдийг нөхөртэйгөө нийлж сэлбэж засаад  хүүхдээ өргөж даахаа больсон, чадал нь барагдаж, гар нь мухардсан эцэг эхчүүдэд өгөхөд маш их баярладаг” гээд харц нь гэрэлтээд ирэх. 2006 онд Шаргалжуут сувилал хувийн хэвшилд шилжсэнээр гадаад, дотоод орчин, тохижилт, үйлчилгээ нь эрч дээшилсэн ч шинэхэн эзэд нь орлогоо бодож, түүнийг хавчиж хяхах, үйлчлүүлэгчээ харамлах зэргээр хааж боож эхэлжээ. Тиймээс Одноо төрийн  бус байгууллагаа аж ахуйн нэгж болгож мэргэжлийн сувиллын газар байгуулахын төлөө зорьж ажиллаж байна. Шаргалжуутын зэрэгцээ орших 700 мкв газартаа тохь тухтай  сувилал байгуулахын тулд барилгынхаа суурь хундаамыг ч цутгаад амжжээ. Дээш нь барилгаа барья аа гэхнээ мөнгө нь байхгүй, зээл авъя аа гэхнээ барьцаа хөрөнгө нь байхгүй таг гацчихсан гэдгээ хэлэхдээ ч хоолой нь зангирсаар л байв.

УЛСЫН ИХ ХУРАЛД НЭР ДЭВШСЭН ТҮҮХ

Сүхбаатарын нэрэмжит онц сурлагатан сурагч, сургуулийнхаа эвлэлийн үүрийн дарга идэвхтэн байх үед нь түүнийг  Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргаар томилж, улмаар 1984 онд МАХН-д гишүүнээр элсүүлж байжээ. Улаан дипломтой, намын гишүүний батлахтай гялалзсан охин Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт боловсон хүчнээр томилогдон очиж байжээ. Нэг жил ажиллаад анхны хүүхдээ төрүүлж, Ленинградын сургуулиа ч орхисон юм. 1990 онд ардчилал гарч, олон ургалч үзэлтнүүд нэмэгдэж, мэдэх, мэдэхгүй олон нам үүсэн бий болоход алин руу нь ч тэр урваагүй, намынхаа хуучин буйрыг сахиж үлдсэн юм. Баянхонгор аймгаас МАХН-ын бага чуулганы гишүүнээр сонгогдож, Н.Энхбаяр даргыг баривчлагдахад 21 аймгаас ирсэн эхчүүдтэй нийлж Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн хүртэл зарлаж явсан халуун зүрхтэн. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө Улсын их хурлын сонгууль болоход Баянхонгор аймгаас намаасаа төлөөлж нэр дэвшсэнээр саналаараа эхний гуравт багтаж явсан түүхтэй. Эхний нэгт өнөөгийн Улсын их хурлын дарга Г.Занданшатар орж байж.

“Хөдөөгийнхөнд улс төржилт маш хүчтэй нөлөөлдөг. Ялангуяа сонгуулийн үеэр энэ синдром нь илүү хурц илэрдэг. Айл бүр дэмжиж буй намынхаа тугийг үүдэндээ өлгөж, дэмжигчийнхээ зургийг хоймортоо  хадчихдаг. Хоорондоо нам болж талцана. Намайг авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаярын намын хүн гээд л адлах нь ч бий.  Эцсийн бүлэгт Энхбаяр өөрийнх нь төлөө жагсаж тэмцэж байсныг минь мэдэх ч үгүй шүү дээ. Намтай холбоотой энэ түүх маань миний хүсэл мөрөөдөлд олонтаа чөдөр тушаа болж байсан. Саажилттай хүүхдийн сувилал байгуулахаар төсөл бариад очихоор Энхбаяраасаа мөнгө авахгүй юу гэнэ. Тэр ч байтугай банкны зээл хөөцөлдөхөд хүртэл Энхбаяраасаа мөнгө аваач гэнэ. Улс төр нь бохир, агаар нь бохир, хөрс нь бохир, ус нь бохир энэ нийгэмд улс төрчид л улс орныг булингартуулж байна. Зөв сонголт хийнэ гэдэг ард түмний ухамсар, хүмүүжил, боловсрол маш чухал” гээд тэрбээр санаа алдав. Түүний хамгийн их харамсдаг зүйл нь хүүхдийн төлөө хийх сайн үйлс, буяны байгууллагын бүхий л ажлыг нь намаас болж харлуулж, ерөөс тус намын харьяалалтай 150 мянган гишүүд нь улс төрийн дарамт хавчлага дор амьдардгийг тэр нуусангүй. Түүний тэтгэвэрт гарах нас нь аль хэдийн болсон ч тэтгэвэрт ч гаргадаггүй, Элбэгдоржийн үед алдарт эх болсон ч одон тэмдгийг нь өгөхгүй байсаар Х.Баттулга Ерөнхийлөгч болсноор тэмдгээ гар дээрээ барьж үзжээ. Нутаг орноос нь “Алтангадас” одонд хэдэнтээ тодорхойлсон ч намын харьяаллаас болоод буцаагдаж байхад 25 жил ТҮЦ-нд архи зарж байгаа эхнэр, нөхөр хоёр Алтангадас зүүгээд явж байх жишээний. “Надад Алтангадас заавал зүүх шаардлага байхгүй. Монголын төрөөс авсан алдарт эхийн одон минь л хангалттай. Хүүхдийн баярласан харцнаас илүү том шагнал гэж үгүй” гээд эвийлэх мэт уруул нь өмөлзөв. Энэ мэтчилэн түүнд тоочоод байвал бэрхшээл их ээ.

МОНГОЛ ХООЛ ХИЙСЭЭР МОНГОЛ ЖАНГУМ НЭРТЭЙ БОЛСОН НЬ

Анх ханьтайгаа Сүхбаатарын талбай дээр Н.Энхбаярыг баривчлагдахад тэмцэж яваад танилцаж байжээ. “Гал үндэстэн” холбоог дэмжиж Өмнөговь аймгаас ирсэн хөрслөг бор залууг сайхан аашаараа, амттай хоолоороо уургалаад авчихсан аж. Тэд хоёр хүү, хоёр охинтой, хоёр ач, гурван зээтэй өнөр өтгөн айл. Цар тахлын “буянаар” байнга хамт байж чаддаггүй ач, зээ нартайгаа бужигнаад аз жаргалтай байна гэлээ. Хоол хийх дуртай тэрбээр хийсэн хоолныхоо зургийг цахим групптээ тавьснаар ард түмэнд Монгол Жангум хэмээн өргөмжлөгдөв. Жангум 20-иод нэр төрлийн хоол хийнэ. Шим тэжээлтэй бэлчээрт идээшсэн эрүүл малын мах, сүүг боловсруулж төрөл бүрийн хоол хийдэг. Нэг үе мал өсгөх гэж оролдсон боловч айлд тавьсан мал өсдөггүй гэдгийн үлгэрээр болсон аж. “Малчин байна гэдэг маш том ухаан, амьдралын их сургууль. Хэр баргийн хүн малчин болж чаддаггүй. Тиймээс би малынхаа ашиг шимээр сайхан хоол унд хийгээд л тогоо шанагаа гялалзуулаад сууж байх дуртай. Мал, мах, сүү, цагаан идээгээ малчдаас зээлээр авч боловсруулан зарж борлуулдаг. Энэ бүхэн сувиллаа байгуулахын тулд л шүү дээ. Хөдөлмөрлөж байхад болно доо” гэж тэрбээр хэлээд итгэл дүүрэн инээмсэглэв.  “Сарлагхан” брэндийн аарцтай жимстэй зайрмаг, шар тостой бин, боорцог, кекс, тогооны өрөм, ямааны ааруул, ургамлын үндсээр хийсэн сарлагийн өрөмтэй, мэхээртэй тос, сарлагийн шүдлэн үхрийн гуяны мах, хонины сүүлийг уулын зэрлэг сонгиноор амталсан бүхэл үрийн гурилаар хийсэн бууз, борцтой бөөнтэй цай, хонины сүүлэнд боосон хөмүүлээр шанзалсан говийн цагаан шувуу, хуйхалсан мах, цагаан гүзээний хорхог, бууз, хуушуур, ороомог, цоохор сархинагийн хорхог гээд арааны шүлс асгарам амт шимттэй хоол үйлдвэрлэж байна. Түүний гарын хоолыг идэх гэж хаа байсан хотоос 700 километрийн цаадах Шаргалжуутыг зорьж очдог гэр бүл олон. Хүмүүсийн захиалсан нэрийн бүтээгдэхүүнийг машиндаа ачиж аваад л хүрээ рүү давхина даа.

“Хонь хуйхлахын тулд бүтэн өдрийн ажил болдог. Хонио хяргаад, аргалын гал дээр хуйхалж, хайруулын төмрөөр нэг бүрчлэн хайрч хусна. 96 хэмийн халуун рашаанаар хярваслан угааж, төмөр зүлгүүрээр зүлгэж цэвэрлэдэг. Энэ бүхнийг улаан гараараа бэлтгэдэг болохоор манай нөхөр бид хоёрын гар ажилд нухлагдаж, эвдэрч гэмтсэн. Улаан гараа хуйхлан барин хийсэн хөдөлмөрийг нь зарим хүмүүс үнэлэхгүй, хүн шуллаа, үнэтэй зарлаа л гэнэ. Гэтэл хотынхон ганц хонины толгойгоо хуйхлаад идчихэж чадахгүй, ажилгүй анхиагүй л байдаг шүү дээ гэж тэрбээр шүүмжлээд авав. “Ямар ч химийн найрлагагүй, хольцгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүний үнэ цэнийг мэддэг хүмүүс мэддэггүйгээсээ олон. “Монгол Жангум” группийн 20 мянган найзын таван мянга нь намайг муулж байхад үлдсэн нь юмны чанарыг мэддэг, хүний хөдөлмөрийг үнэлдэг хүмүүс байдаг” гэж нэмж учирлалаа. “Хотод ирэхэд манайд хүрээд ир гарынхаа хоолыг хийгээд өгье гэдэг эмэгтэй ховор. Нэг сайхан солонгос хоолонд орчихъё, халуун тогооны рөсторанд суучихъя л гэдэг болсон. Бидэн шиг гурил зуурч элдээд хоол хийдэг хүн бараг байхгүй, тухайн айлыг арчаатай юу, үгүй юу гэдгийг гаднаас нь хараад л мэднэ. Арчаатай эмэгтэй андашгүй. Гурил зуурсан түмпэнг хараад л мэднэ. Ер нь эмэгтэй хүн  гаднаа гяланцаг, дотроо паланцаг байж болохгүй. Хамгийн сайхан эмэгтэй гэдэг гаднаасаа биш дотроосоо гэрэлтэж явдаг эмэгтэй. Үнэтэй брэндийн хувцсаар гангарчихаад, архи, тамхи хэрэглэдэг, амнаасаа муу үг унагадаг, үр хүүхдээ харааж зоддог эмэгтэй хүнийг харах муухай санагддаг. Цэвэрхэн, даруухан хувцаслаж, үс гэзгээ жимбийтэл самнаад, үг хэлээ бодож ярьдаг, үйл хөдлөлөө цэнэж явдаг, үр хүүхдээ хайрлан энхрийлдэг байх ёстой” гэлээ. Жангум маань хоол хийхийн зэрэгцээ макс оёж, эсгий углааш урлаж цаг бүрийд хөдөлмөрлөж, зүгээр сууна гэж ер үгүй.

БУЯН НЬ БУДАА ТАРИА ШИГ БУЦАЖ ИРДЭГ БУУРАЛ ХОРВООГИЙН ЖАМ

Түүнд заримдаа хөгжилтэй ч гэмээр юм уу, хөгтэй ч гэмээр юм уу зүйл тохиолддог. Хийсэн хоолныхоо зургийг нүүр номдоо байрлуулахаар хөхүүл эхчүүд горьдоод хөх нь хавдлаа гэж гомдол мэдүүлдэг аж. 20-иод ээж гомдол мэдүүлсний эцэст дөрвөн ээжийн горьдоог тайлжээ. Гэвч ээж болгоны горьдоог тайлаад ааруул өрөм явуулаад байх боломж түүнд хомс. Сүүлдээ нөгөө хүүхнүүд нь элдвээр хэлж, дайрч давшилсан гэдэг. Энэ бүхний эцэст би эмэгтэй хүн гомдоож нүгэл хийчихэж гээд хоёр өдөр уйлж сууснаа дурсан ярив. Сүүлийн гурван жил нөхөртэйгөө Улаанчулуутын хогийн цэг дээр хог түүдэг ээжүүдэд тусалж, дөрвөн ээжид гэр авч өгсөн. Энэ бүхнийг сошлиос харсан хүмүүс Жангум хогийн цэгээс түүсэн варений шилэнд шар тосоо хийж зардаг гэж цуурсан ч тохиолдол гарсан. Доромжлох тусам долоон бурхан шиг гялалзана гэдэг шиг тэрбээр хийж буй бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг сайжруулж, зориулалтын сав, баглаа боодолтой болж авчээ. Жишээ нь шар тос, ааруул зэрэг бүтээгдэхүүнээ байгаль экологид ээлтэй цаасан уутанд савлаж, нэрийн лого, хаяг шошготой болсон нь үйлчлүүлэгчдэд нь тун их таалагдав.

Хойгуур явснаа хооллож, урдуур гарснаа ундалж явсных түүнд хүн бүр элэгтэй ханддаг. Дэлхийн брэндийн хувцас зардаг “S Outlets” дэлгүүрийн захирал Цагаанчулуу хэмээх Баянхонгорын хүн бий. Тээвэрлэлтийн явцад бранклагдсан хувцсыг шуудай, шуудайгаар нь түүнд өгнө. Одноо Шаргалжуутынхаа халуун усаар угааж цэвэрлээд, толийтол нь индүүдэж хүүхдүүдэд бэлэглэхэд хөдөөнөө л байхгүй ганган гэж жигтэйхэн улс болно доо. “Хүмүүс намайг “Шарк танк” нэвтрүүлэгт орооч гэж зөвлөдөг. Хэрэв боломж гарвал орно доо” гээд инээв. “Шарк танк” гэснээс түүнийг хүнд хэцүү явахад нь “Петровис”-ын Ж.Оюунгэрэл 1000 долларын хандив өгч байсныг дурсав. Тэр мөнгөөрөө хөгжим аппаратур авч Шаргалжуутын бүхий л дуу хуур, бүжиг наадам, баяр ёслолоор 20 жил эгшиглүүлжээ. Одноо байхгүй бол наадам болохгүй, шинэ жил болохгүй. Шинэ жилийн баяраар хүүхдүүд “Он онд нэг цадна, Одноог ирэхээр нэг цадна” гэж дуу хүртэл зохиочихсон байна гээч. Ёолк бүрээр ханийгаа өвлөө өвөө болгож, өөрөө бондгорхон цасан охин болчихоод айлуудаар бэлэг тараана аа. Шаргалжуутын хавийн хүүхдүүд Одноод үнэхээр хайртай. Зуны улиралдаа Шаргалжуутдаа шаагилдаж байгаад өвөлдөө хот руугаа дөхөн төвхнөж, найз нөхөд нь амралтынхаа өдрөөр ирээд амарч байгаад буцдаг хоттой ойрхон газартай болохыг нууцхан мөрөөдөж явдгаа ч шивнэв. Хүн хүмүүнлэгийн ажил хийхэд заавал тэрбумтан байх албагүй, хүнд ганцхан сэтгэл л байхад болно гэж тэр хэлээд ажилдаа яаран одлоо. Тун удахгүй түүний хүсэл биелж, сувилалынхаа цонхоор инээмсэглэн ширтэж зогсох бизээ.

 

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.Цолмон(202.9.40.220) 2022 оны 09 сарын 03

Таалагдсан. Холбоо барих утас хэд вэ. Миний 99786021 рүү илгээнэ үү

0  |  0
Namuun Dmr(202.126.90.152) 2021 оны 10 сарын 18

Жангумд ард түмний баатар ямар өгч болох шагнал Байдрагийн өгмөөр юм мундаг сэтгэлтэй хөдөлмөрч ёстой хөдөлмөрийн баатар өгмөөр бүсгүй шүү

1  |  0
Зочин(59.153.114.101) 2020 оны 11 сарын 02

Санамсаргүй сайхан зүйл уншлаа. Баярлалаа. Баярласан сэтгэлээ илэрхийлж, дэмжиж цагаан идээнээс нь худалдаж авъя гэвэл хаанаас авах юм бол?

0  |  0
Зочин(202.126.89.86) 2020 оны 04 сарын 23

Админаа хоол хийсэн хүнийг шахай нохой болгоод байгаа хүний бичсэнийг устгана уу. Атаархагч болтой

0  |  0
Ж.Янжив (202.55.188.38) 2020 оны 04 сарын 24

Ажилсаг бүсгүй болон гэр бүл үр хүүхэд ач зээ нарт нь эрүүл энхийг ерөөе !

1  |  0
Juju(66.181.177.30) 2020 оны 04 сарын 24

Saihan eej.saihan mongol emegtei.bi ooroosoo ih ichlee

1  |  0
зочин(202.179.26.186) 2020 оны 11 сарын 06

Н.Энхбаярыг 2-р эмнэлгээс хорих руу ачих гэж байхад цагдаагийн машины дугуйнаас зүүгдээд орилж байхыг нь мэдэх юм байна.Одоо шанга халбагаа долоогоод хоол хийгээд лайв хийгээд байдаг Баянхонгорын гахай Одончимэг мөн байна. Амжилт гэгээрэх болтугай

1  |  3
Зочин(66.181.189.41) 2020 оны 04 сарын 23

Шаргалжуутын Жангүм Одноогийн утас 99880099

0  |  0
Нямсүрэн Энхжаргал(66.181.161.9) 2020 оны 04 сарын 24

Үнэхээр гайхамшигтай.Сайхан сэтгэлтэй сайн үйлстэй сайн сайхан бүхэн нь цогцолсон эмэгтэй юм.

1  |  0
D(49.163.178.135) 2020 оны 04 сарын 23

SETGEL SAITAI SAIHAN EMEGTEI BAINDAA.. , ODONOO UTASNIIHAA DUGAARIIG ULDEECHIHEEREI, BAYANHONGOR OROHOOROO TANAI GEREER ZOCHILNOO.

0  |  0
D(49.163.178.135) 2020 оны 04 сарын 23

SETGEL SAITAI SAIHAN EMEGTEI BAINDAA.. , ODONOO UTASNIIHAA DUGAARIIG ULDEECHIHEEREI, BAYANHONGOR OROHOOROO TANAI GEREER ZOCHILNOO.

0  |  0
Энхцолмон(222.108.15.170) 2020 оны 04 сарын 23

Та минь үнэхээр мундаг эмээ ээж эгч юмаа сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

0  |  0
Вандан.Алтанцэцэг(103.57.92.17) 2021 оны 10 сарын 15

Сайн байна уу сүүлийн үед танил болоод байгаа .Мундаг бүсгүйдээ эрүүл энх эрч хүчтэй байж,\n буян хишиг нь бум бумаар аривжих болтугай амжилт

1  |  0
Zochin(192.82.72.248) 2020 оны 04 сарын 23

Гайхалтай ажилсаг эмэгтэй шүү!!

0  |  0
зочин(64.119.20.113) 2020 оны 04 сарын 23

Сайхан ярилцлага болжээ. Жаргалын түлхүүр зовлонд байдаг юм гэсэн.Зовсон хүн жаргадаг гэдэг нь тэр юм билээ. Амжилт хүсье.Мундаг шүү

2  |  0
Zochin(61.41.60.66) 2020 оны 04 сарын 23

Mundag . Ter emegtei.chd arai heterne..... davarchihsn um....hun bolgonii gorid.g medeej yaj gargj chadhn.

0  |  1
99999(103.20.152.50) 2020 оны 04 сарын 23

Маш мундаг хүн байна ...баяр хүргэж амжилт хүсье ...\nХолбоо барих утасыг нь бичээд өгнө үү?

0  |  1
Содонбаяр Бадамсэд(83.185.34.98) 2021 оны 10 сарын 15

Сайхан ярилцлага, маш сайхан! Тийм байхаа нэг л сэтгэлд дотно байсийм !Хөвсгал, Шарын гол гээд уугуул суугуул нутагтай минь холбоотой бүсгүй байна. Андуураагүй бол МУСТА байх шүү ! Амьдралын үнэ цэнэ гэж энэ дээ ! Бурханаас ирсэн анхны бэлэгээ бурхандаа буцааснаас хойш бүсээ чанга бүсэлж , ертөнцийг үзэх үзэл нь ийм болон өөрчлөгджээ гэж бодон бодрн уншлаа! Бурхан ивээгээ!

1  |  0
Содонбаяр Бадамсэд(83.185.34.98) 2020 оны 04 сарын 23

Сайхан ярилцлага, маш сайхан! Тийм байхаа нэг л сэтгэлд дотно байсийм !Хөвсгал, Шарын гол гээд уугуул суугуул нутагтай минь холбоотой бүсгүй байна. Андуураагүй бол МУСТА байх шүү ! Амьдралын үнэ цэнэ гэж энэ дээ ! Бурханаас ирсэн анхны бэлэгээ бурхандаа буцааснаас хойш бүсээ чанга бүсэлж , ертөнцийг үзэх үзэл нь ийм болон өөрчлөгджээ гэж бодон бодрн уншлаа! Бурхан ивээгээ!

0  |  0
Ganaa(66.181.161.107) 2020 оны 04 сарын 23

Mundag daichin egchdee tsaashdiin ajil amidrald ni sain saixan bvxniig xvsen eruue.

0  |  0
Top