АНУ-ын засаг захиргаа саран дээр байгалийн баялаг олборлох тухай олон улсын хэлэлцээрийн төслийг бэлдэж байна гэж Ройтерс агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
АНУ-ын “Артемис” сарны хөтөлбөрийн нэрээр “Артемисийн хэлцэл” гэж нэрлэх энэ баримт бичигт саран дээр барих баазуудыг тойруулан “аюулгүйн бүс” бий болгох тухай заажээ. Энэ нь өрсөлдөгч орнууд болон ойр орчим ажиллаж буй компанийн зүгээс хохирол учруулах, хөндлөнгөөс оролцохоос сэргийлэх зорилготой аж. Түүнчлэн, хэлэлцээрт саран дээр олборлолт явуулж буй компаниудын тухайн баялгийг эзэмших эрхийг тодорхойлох дүрмийг олон улсын хууль, эрх зүйн хүрээнд боловсруулж оруулах гэнэ. Вашингтон энэхүү төслөө холбоотнууддаа одоогоор танилцуулаагүй байгаа ч ойрын үед Канад, Япон, ЕХ, Арабын Нэгдсэн Улстай албан ёсны хэлэлцээр хийхээр төлөвлөж байна.
2019 онд АНУ-ын сансар судлалын НАСА агентлаг гурван үе шаттай “Артемис” сарны хөтөлбөрийг танилцуулсан билээ. Эхний үе шат “Артемис 1”-ийн хүрээнд “Space Launch System” пуужингийн тусламжтай “Orion” нисгэгчгүй хөлөг онгоцоор сарыг тойрох нислэг үйлдэх бөгөөд энэ 2020 оны хоёрдугаар хагаст төлөвлөгдсөн. “Артемис 2” хоёр дахь үе шатанд 2022 онд сансрын нисэгчдийн баг дэлхийн дагуулыг тойрох нислэг хийх бол “Артемис 3”-ын хүрээнд НАСА агентлаг саран дээр сансрын нисэгчдийг 2024 онд буулгахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Эхлээд өвчнөөсөө салаа дараа нь од сар....