Саран дээрх газар хөдлөлтүүд сарны станцад аюул учруулна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 23

Саран дээрх газар хөдлөлт, хөрсний гулгалт ирээдүйд саран дээр баригдах станцуудад аюул учруулна гэж эрдэмтэд үзэж байна.

НАСА агентлаг, Смитсоны хүрээлэнгийн судлаачид сарны өмнөд туйлд идэвхтэй хугарлууд байдгийг өмнө нь тогтоож байсан билээ. Ирээдүйд дэлхийн дагуул дээр сарны станц байгуулахдаа эдгээр хугарлаас үүдэлтэй хүчтэй газар хөдлөлтийн аюулыг тооцоолох шаардлагатай. Учир нь сарны өмнөд туйлыг судлах хүн ба роботын багуудад газар хөдлөлт, хөрсний гулгалт аюул учруулах эрсдэлтэй. Саран дээр сансрын буулт хийх талбай, сансрын нисэгчдийн амьдрах байр сууц, технологийн байгууламж, цамхаг зэргийг угсрахад хүндрэлтэй байхаас гадна сарны барилгын стандарт байхгүй байгаа нь мөн асуудал болно гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Өдгөө хэд хэдэн инженерчлэлийн байгууллагууд НАСА агентлагийн дэмжлэгтэй шаардлагатай стандартуудыг боловсруулж байна. Ингэхдээ дэлхийд мөрдөгддөг барилгын стандарт, дүрэм журмыг сарны газар хөдлөлт зэрэг хүчин зүйлсийг тооцоолон хөрвүүлэх шаардлагатай болжээ. Түүнчлэн, саран дээрх таталцлын сул хүчийг мөн харгалзан үзэх ёстой аж. Хэдийгээр сарны гадаргуун чичирхийлэл дэлхий дээрх газар хөдлөлтөөс сул байдаг ч хэдэн цагаар үргэлжилдэг байна. Иймэрхүү чичирхийллүүд нь бат бөх бетонон суурьд хагарал үүсгэж, улмаар хэврэг болгох аюултай аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top