Сар хэзээд хүн төрөлхтний сонирхлыг татсаар ирсэн. Сар хүнийг ховсдож, ухааныг нь самууруулна. Дэлхийн хөгжилтэй улс бүр тэнд мөрөө үлдээхийг хүснэ. Тэр байтугай Холливудын алдарт найруулагч Кубрик.
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч АНУ-ын сансар судлалын тэргүүн Билл Нельсонг ичгүүргүй худалч хэмээн буруутгав. Гол учир нь Нельсон Германы хэвлэлүүдэд ярилцлага өгөхдөө БНХАУ-ын сар судлалын хөтөлбөрт онцгой анхаарал хандуулахыг дэлхий нийтэд хандан уриалсан. Түүний үзэж байгаагаар Хятадын идэвхтэй хүчин чармайлт бусдад саад болж байна. Тэр бүү хэл НАСА агентлагийн тэргүүн Хятад улсыг бусдын технологийг хулгайлж байна хэмээн буруутган, Бээжин бусдын хиймэл дагуулуудыг устгах сургуулилт хийж байна хэмээн мэдэгдэв. Нельсоны хэлсэн үг Хятадын улс төрчдийн дургүйцлийг хүргэсэн нь энэ.
Блүмберг агентлагийн онцолсноор, АНУ, БНХАУ-ын хооронд сансар судлалын салбар дахь өрсөлдөөн хурцдаж байна. Үүнийг Хятадын дипломатуудын НАСА агентлагийн удирдлагуудад хаягласан хатуухан шүүмжлэл гэрчилж байна. Хятадын эрх баригчид НАСА-гийн удирдлагуудыг шүүмжлээд зогсохгүй хөрш орнууддаа хандан сар судлах Бээжингийн төлөвлөгөөг дэмжихийг уриалж байна.
Германы хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа НАСА агентлагийн тэргүүн Билл Нельсон дэлхий дахин Хятадын амбицтай сансрын хөтөлбөрт санаа зовних учиртай гэж онцолжээ. Тэрбээр Бээжинг гаднын технологи хулгайлсан хэмээн буруутгаж, бусад улсын хөөргөсөн хиймэл дагуулуудыг устгах чадвартай болохоор хичээж байна хэмээн мэдэгдсэн. Харин үүний хариуд БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лижян сансар эзэмших өрсөлдөөн эрчимжиж буй энэ үед Нельсон Бээжингийн төлөвлөгөөг гутаахыг оролдож байна гэж буруутгав. Тэрбээр сүүлийн жилүүдэд АНУ сансрын уудмыг цэргийн ажиллагаа явуулах талбар хэмээн тодорхойлсон гэж мэдэгдсэн билээ.
Даваа гарагт Камбож, Лаос, Мьянмар, Таиланд, Вьетнамын төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Зүүн өмнөд Азийн орнуудад хандан Олон улсын судалгааны сарны станц байгуулах төсөлд нэгдэхийг уриалсан. 2020 онд Вашингтон сансрын нисэгчдээ саран дээр буулгах “Artemis Accords” санаачилга дэвшүүлсний хариуд Бээжин энэ төслийг урагшлуулахаар чармайж байна.
Олон улсын судалгааны сарны станцын төслийг Бээжингээс гадна Москва дэмжиж байгаа. Гэвч одоогоор тэд бусад улсын засгийн газрыг энэ төсөлд нэгдэхийг ятгаж чадаагүй л байна. Эсрэгээр АНУ бусад улсыг “Artemis” хэлэлцээр гэгдэх баримт бичигт гарын үсэг зурахыг ятгаж, амжилт олсоор. Хэлэлцээрт сар, Ангараг гараг болон сансар огторгуй дахь үйл ажиллагааг зохицуулсан зарчмын шинжтэй заалтууд орсон. Тус баримт бичигт, тухайлбал, АНУ-ын НАТО-гийн холбоотон улс болох Канад, Итали, Их Британи зэрэг хэдэн хэдэн улс мөн Бразил, Мексик, Украин зэрэг улс нэгдээд байна. Өнгөрсөн сард Франц улс энэхүү баримт бичигт нэгдсэн 20 дахь улс болов. Мөн энэ жагсаалтад Сингапур, Колумб ороод байна.
Хятадын зүгээс “Artemis” хэлэлцээрийг сансарт НАТО-г байгуулах гэсэн АНУ-ын оролдлого хэмээн нэрлэн, хатуу шүүмжилсэн. Хятадын шинжээчид АНУ-ын төсөл нь сансрын орон зайд цэргийн эвсэл байгуулахад чиглэсэн гэж үзэж байгаа юм. Тэдний ярьснаар, БНХАУ, ОХУ-ын хамтарсан төсөл бүх талуудын оролцоог хангасан дэвшилд хүрэхэд онцгой ач холбогдол өгч, хүн төрөлхтний ирээдүйг чиглэсэн нэгдмэл хамтын нийгэмлэг байгуулах зорилготой. Харин НАСА агентлагийн төлөөлөгчид энэ талаар тайлбар хийгээгүй байна.
АНУ-ын санаачилсан “Artemis” хөтөлбөр нь гурван үе шаттай. Нэгдүгээр шатанд, “SLS” пуужинд суурилуулсан “Orion” нисгэгчгүй хөлгөөр сарыг тойрох нислэгийг энэ оны хоёрдугаар хагаст хийхээр төлөвлөжээ. Хоёрдугаар үед 2022 онд сансрын нисэгчтэй сансрын хөлгөөр сарыг тойрох бол гуравдугаар үе шатны хүрээнд НАСА агентлаг 2024 онд сансрын нисэгчдийг сар дээр буулгах, 2030-аад оны дунд үеэр тэднийг Ангараг гараг руу илгээхээр зорьж байна. Харин БНХАУ, ОХУ хамтран байгуулах олон улсын сарны станцын бүтээн байгуулалтын ажил 2026 онд эхэлж, 2035 он гэхэд станцыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )