Коронавирусний шинжилгээ яагаад алддаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 11

Коронавирус, эсрэг биетийн шинжилгээ КОВИД-19 өвчлөлийн бүхий л үе шатанд сөрөг хариу зааж, төөрөгдөлд оруулах боломжтой гэж АНУ-ын Жорж Мэйсоны их сургуулийн Системийн биологийн сургуулийн профессор Анча Баранова ярьжээ.

Түүний тайлбарласнаар, эхний үе шатанд өвчний шинж тэмдэг илрээгүй байхад хүртэл вирус үржиж, тээгч нь халдвар тараадаг. Хүмүүсийн 40 хувь нь шинж тэмдэггүй халдвар тээгчдээс вирус авч байна. Эхний үе шат дууссаны дараа шинж тэмдэг илрэх дараагийн үе шат эхэлдэг. Гэхдээ зарим өвчтөнүүдэд өвчлөл нэгдүгээр үе шатнаас цааш явдаггүй байна.

Эхний үе шатанд вирусийг бие организмын байгалийн хамгаалалтын системийг бий болгодог интерфероны тусламжтай дарангуйлдаг. Энэ тохиолдолд вирусийг устгасан ч эсрэг биет үүсэхгүй байх боломжтой. Тиймээс коронавирусээр халдварласан хүний эсрэг биетийн шинжилгээ сөрөг гардаг гэж Баранова тодруулжээ.

Хоёрдугаар шатанд халуурах, ханиах, амьсгаадах зэрэг шинж тэмдэг илэрч эхэлдэг. Энэ үе шатанд вирус үржсэн хэвээр байдаг тул вирусний эсрэг эм бэлдмэл хэрэглэх нь зүйтэй гэнэ. Үүнтэй зэрэгцэн бие организм нэмэлт хамгаалалтыг дайчилж эхэлдэг байна. Хоёр дахь үе шатны дундаас эсрэг биет үүсгэж эхэлдэг аж. Өвчлөл мөн энэ үед зогсож, хүндрэхгүй байх боломжтой гэнэ. Учир нь вирусийг эсрэг биет устгах боломжтой. Эсрэг тохиолдолд бусад хүчин зүйлээс шалтгаалан үрэвслийн явц үргэлжилдэг ба энэ үед шинжилгээ сөрөг гардаг гэнэ. Үүний дараа хүнд буюу дараагийн үе шат эхэлдэг. Энэ үе шатанд вирус хүний биед байж ч болно, үгүй ч байж болно гэж Баранова онцолжээ. Гурав дахь үе шатанд хяналтгүй үрэвсэл үүсэж, энэ нь өөрийн эсийг гэмтээж эхэлдэг байна. Энэ үед өвчтөнийг эмнэлэгт хэвтүүлэх, амьсгалын аппаратад залгах шаардлага гарч ирдэг гэнэ. Гуравдугаар үе шатанд вирус харьцангуй бага үрждэг бөгөөд өвчтөн эдгэрэхэд биеийнх нь эсэргүүцэл хамгийн гол үүргийг гүйцэтгэдэг гэж тэрбээр тайлбарлажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.16) 2020 оны 05 сарын 11

Эмч нар маань уншсан байгаа,эмч нар маань мундаг шүү

0  |  0
Top