Булган аймгийн Дашинчилэн сумаас 10 километрийн зайд баруун урагш сунайн лүглийх Лах баян уул хамаг л үзэсгэлэнгээ дэлгэхээр зэхэн буй гэлтэй хурмаст тэнгэрээс чимээ хүлээн дүнсийнэ. Хур бороо нэг л асгарчих юм бол хавцал шугуйгаар нь ургасан модод дэлбээгээ задлан цэцэглэж мэдэхээр харагдана. Лах баян уулыг Монголын нууц товчоонд Чингис хаан Найманы Таян хантай /1204 онд/ байлдаж бут цохисон Наху гүн уул гэж түүхчид тогтоосон байдаг. Лах баян уулын өмнөд хэсэг нь үзэсгэлэнт өндөр шовх улаан хадтай, араараа модтой, рашаан булагтай, аргаль янгир, араатан гөрөөс элбэгтэй, анхилам үнэрт арц, сонгино, эмийн ургамлаар баялаг хайрхан. Нутгийнхан Бууралхан гэж тахиж шүтдэг энэ их уулын өвөрт М.Ганзолбоогийнх хоёр гэртэй өвөлжөө буй.
Тэднийх гурван хүүтэй бөгөөд хамгийн том нь тав, удаах нь нэгдүгээр ангийн сурагч бол бага нь дөрвөн настай. Нар, салхинд борогшсон жаалууд айлын хүүхдүүдтэй тоглож, хурга ишигтэй наадна. Хөдөөгийн амьдрал нэгэн хэвийн үргэлжлэх авч дахин давтагдашгүй дурдатгалыг хадгалах мэт өнө мөнхөд сэтгэл булаана.
Хөх торгон дээлээ шар дурдан бүсээр ороосон Г.Гантулга хүү гялалзсан хар нүдтэй, их гярхай. Хүү хонио эргүүлэх, үхрээ услах, аргал оруулах, хороо цэвэрлэх гээд тун завгүй өнждөг аж. Айлын том болохоор аав, ээжийнхээ гар хөлийн үзүүрт зарагдалгүй яах вэ.
“Хониндоо явахдаа хээр морио унаад, ном өвөртлөөд гарна даа. Ангийнхныгаа их санаж байна” гэж хууч хөөрөв.
Түүний анги 20-иод сурагчтай бөгөөд сурлага, урлагаараа сургуульдаа сүрхий сайнд тооцогддог гэнэ. Г.Гантулга гуравдугаар ангидаа аймгийнхаа математикийн олимпиадад оролцож, дэд байрт шалгарч байжээ. Ангийн дарга болохоор ч тэр үү санаачилгатай, манлайлагч сурагч.
“Ангийнхнаасаа хэнийг их санаж байна” гэж асуухад шилэн хүзүүгээ маажиж, доошоо харан ичингүйрэв.
Түүний өдөр өглөө хонио бэлчээрт гаргахаас эхэлнэ. Өглөөнийхөө ундыг уучихаад малын хороогоо цэвэрлэнэ. Тэгж байтал 11:00 цагт цахим хичээлийн цаг эхэлнэ.
Г.Гантулгынх “Малчин” телевизтэй бөгөөд сувгаа ухрааж, урагшлуулдаг тохиргоо байхгүй. Заримдаа мал хуй гээд хичээлээ хийж амжихгүй үедээ зурагтаасаа гар утсан дээрээ бичлэг хийгээд авчихдаг. Дараа нь түүнийгээ хониныхоо бэлчээр дээр давтан үзэж, цахим хичээлдээ хамрагдаж байгаа аж.
Ангийн багшийг нь Энхтуяа гэдэг. Багш нар нь 14 хоногт нэг удаа ирж хичээлийг нь шалгаж байгаа гэлээ. Бас ангийнхаа цахим группээр ойлгоогүй хичээлээ асуудаг талаараа ярив.
Түүний нэг өдөр ийн адилхан давтагдах хэдий ч өөр өөрийн өнгө араншинтай.
Хүү нэг өдөр хонинд явж байгаад хойд уулынхаа Шилүүсний амнаас өнчин хурга олжээ. Магадгүй эх нь хургалаад орхиод явсан байх. Тэр хургандаа жигтэйхэн хайртай бөгөөд Шилүүсхэн гэдэг нэр өгсөн аж.
Хүүгийн ажил ер нь л дундрах янзгүй. Өдөр хурга, ишгээ угжина. Эх нь жилбэ муутай бол хурга ишиг нь туниа муутай байх нь аргагүй. Хороон дотор нарлаж хэвтсэн хөөрхөн амьтад Гантулгыг харуутаа майлалдан ирж, түүний гараас угжуулна. Заримдаа зутантай цай, заримдаа үнээний сүүгээр угждаг гэв.
Хүүгийн ээж Х.Одгэрэл “Хаврын хаварт малчдын ажил ид ундардаг. Одоо болтол мал төллөж дуусаагүй л байна. Хонио байнга эргэж тойрч байхгүй бол хонь хургалчхаад хаяад явчихдаг гэмтэй. Дөнгөж төрсөн нялх амьтад хээр хоцорвол элээ шувууны хоол болно шүү дээ. Энэ жил манайх 300-аад төл бойжуулж байна. Нэг ч төлийн хорогдолгүй. Гэхдээ хаа сайгүй гантай байгаа болохоор малын жилбэ муу л байна” гэлээ.
Том хүү нь сурагч болоод сумын төвд хамаатныхаа айлд дөрвөн жил байсан бол удаах хүү нь энэ жил нэгдүгээр ангид орсноор тэднийх төв рүүгээ гэр бараа барьж төвхнөжээ.
Гэр бүлийн хоёр нэг нь суманд, нөгөө нь хөдөө мал дээрээ “өрх тусгаарлана”. Залуу гэр бүл тус тусдаа байна гэдэг хэцүү. Хөл хорио тогтоож сургууль, цэцэрлэг “амарснаар” тэднийх элэг бүтэн, тус дэмтэй амар байгаагаа Г.Гантулгын ээж нуусангүй.
Хөдөөгийн байдал, хөл хорионд сургууль нь хаагдсан малч хүүхдүүдийн нэг өдрийн зураглал ийм байна.
Сэтгэгдэл ( 16 )
Woow
mundag huuhed bna shuu
Мундаг ажилсаг хүү байна. Амжилт, аз жаргал хүсье
az jargal xusey sain xuu
Хичээл зүтгэл гэж тэр дээ. Сайн бна.\n
Хичээл зүтгэл гэж тэр дээ. Сайн бна.\n
Amjilt husey. Mundag yma
Amjilt husey. Mundag yma
Amjilt husey. Mundag yma
Amjilt husey. Mundag yma
Amjilt husey. Mundag yma
Amjilt husey. Mundag yma
Amjilt husey. Mundag yma
Amjilt husey. Mundag yma
Amjilt husey. Mundag yma
Amjilt husey. Mundag yma