Сүүлийн үед дэлхийн сүйрлийн тухай нэг бус удаа ярих болсон бөгөөд хэдийгээр тийм ч түгшүүртэй биш боловч хүрээлэн буй орчин бохирдож байгаа нь хүн төрөлхтнийг устгаж болзошгүй зүйлүүдийн зөвхөн нэг нь юм. Дэлхийг өөр юу сүйрүүлж болох вэ? Тэдгээрийн учруулах аюул хэр магадлалтай байх бол?
Солиртой мөргөлдөнө
65 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдийг мөхөлд хүргэж, дэлхий дээр арван жилийн турш тогтон байсан тоосонцрын үүлийг үүсгэсэн солир нь 10 км-ийн голчтой байсан бөгөөд манай гараг дээр унахдаа 170 км гүнтэй нүх үлдээжээ. Түүний цохилтын хүч нь одоо дэлхий дээр байгаа цөмийн зэвсгийн нийт хүчин чадлаас давсан байв. Солиртой мөргөлдсөний улмаас дэлхий дээр оршин байсан амьд биетүүдийн 50 гаруй хувь нь сөнөсөн байна.
Ирээдүйд хэзээ нэгэн цагт манай гараг солиртой мөргөлдөж магадгүй тухай үе үе мэдээлдэг. Манай гарагтай хамгийн их мөргөлдөх магадлалтай гараг нь 270 метр голчтой Апофис гэдэг солир гэнэ. Түүний цохилтын хүч нь 40 мянган атомын бөмбөг дэлбэлсэнтэй тэнцүү байж болзошгүй ажээ. Түүнтэй мөргөлдөх магадлал 45000-д нэг байгаа боловч анхны тооцоогоор магадлал нь 450-д нэг гарсан байна. Уг солир нь 2029 оноос дэлхийд ойртож эхлэх ба тойрог замаасаа бага зэрэг хазайсан тохиолдолд 2036 оны үед манай гарагтай мөргөлдөж болзошгүй гэнэ.
1908 онд ердөө 80 метр голчтой солир дэлхий дээр унаж, 2150 хавтгай дөрвөлжин км газрыг сүйтгэсэн билээ. Азаар солир Сибирийн эзгүй бүсэд унасан юм.
Ер нь солир дэлхийтэй хэзээ ч мөргөлдөж магадгүй юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 14-нд сансарт хөөргөсөн “Wise” дуран сарын дараа орчлон ертөнцийн дөрвөн сая дүрсийг дэлхий рүү дамжуулсан байна. Уг дурангийн ачаар сансар огторгуйд хэдэн мянган солир, сая сая од, гараг байгааг олж нээжээ.
Наран дээрх шуурга
Соронзон шуурга үүсгэдэг нарны идэвхжил хэмээх үзэгдэл байдаг. Хэрвээ соронзон шуурга дэлхийд хүрч, соронзон талбай нь өмнө зүгт чиглэсэн тохиолдолд цахим сүлжээ, харилцаа холбоонд гэмтэл учруулж, дэлхийн соронзон талбайг тодорхой хугацаагаар багасгадаг байна. Үүнтэй төстэй явдал 1859 онд болсон бөгөөд тэр үед дэлхийн олон оронд хэдэн жилийн өмнө ашиглалтад оруулсан телефон утасны шугамууд ажиллагаагүй болсон байна. Хэрвээ одоо ийм үзэгдэл болвол цахилгаан эрчим хүчний бүх сүлжээ доголдох бөгөөд тэдгээрийг сэргээхэд олон жилийн хугацаа шаардагдах болно. Түүнээс гадна цахилгаан багаж хэрэгслүүд жагсаалаас гарч гал түймэр дэгдэх ба энэ бүхэн бусад сүйрэлтэй зэрэгцсэн тохиолдолд сая, сая хүнийг үхэлд хүргэж болзошгүй.
Олноороо амиа хорлох
Дэлхийн сүйрлийн тухай шашны зөгнөл нэг бус удаа эмгэнэлт явдлаар төгсөж байсан билээ. 1978 онд АНУ-ын Индиана муж улсын шашны бүлэглэл болох "Ард түмний сүм" гэдэг хөдөө аж ахуйн хоршооны 900 гаруй гишүүн амиа хорложээ. Харин тус бүлэглэлийнхэн Америкийн эрх баригчдын мөрдөн шалгалтаас зайлахын тулд Гайана руу зугтан гарсан байна.
"Ард түмний сүм" хоршоо оршин байх хугацаанд тус бүлэглэлийн удирдагч Жим Жонсын зүй бус үйлдлүүдийн талаар маш олон гомдол ирдэг байжээ. Тухайлбал, тэрбээр өөрийг нь дагаагүй хүмүүсийг хорьж, худагт хийдэг байсан байна.
Жонс бүлэглэлийнхээ гишүүдэд /тэдний тоо хүүхдүүдийг оролцуулаад 1000-д хүрсэн байжээ/ амиа хорлохыг уриалж, нимбэгний хүйтэн ундаанд цианид хийж уухыг шаардсан нь Америкийн эрх баригчдын мөрдөн шалгалтын дүнд тогтоогдсон байна. Харин Уганда улсад 2000 онд дэлхий сүйрнэ гэдэгт итгэсэн "Арван номлолыг сэргээх хөдөлгөөн" гэдэг шашны бүлэглэлийн 800 орчим гишүүн нэгэн зэрэг амиа хорложээ. Тэд өөрсдийгөө сүмд түгжин цонх, хаалгыг нь хадаж бензин асган шатаасан байна. Шашны бүлэглэлийн удирдагч нь сонгуульд ялагдсаныхаа дараа хэсэг хугацаанд сураггүй байсныхаа дараа гэнэт гарч ирсэн Жозеф Кибветер гэгч улс төрч байжээ. "Есүс Христтэй ярилцахад түүнд 2000 онд дэлхий сүйрнэ гэж хэлсэн" хэмээн тэрбээр ярьсан байна. Кибветер хэдэн жилийн турш үзэл бодлоо сурталчилсан бөгөөд түүний өөрийгөө шатаахыг уриалсан уриалга нь 800 орчим хүний аминд хүрснээр дуусчээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчдийн үзэж байгаагаар 2020 он гэхэд сэтгэл санааны хямрал нь амиа хорлогсдын тоог нэмэгдүүлж, нас баралтын хоёр дахь шалтгаан болж магадгүй байна.
Дэлхийн дулаарал
Билл Клинтоны үед АНУ-ын дэд Ерөнхийлөгч байсан Альберт Горын зөвлөхөөр ажиллаж байсан Жереми Рифклин хүрээлэн буй орчны байдал өмнө тооцоолж байснаас илүү хурдан муудаж байгаагийн улмаас манай гараг сүйрнэ гэдэгт итгэлтэй байна. Тэрбээр одоо дэлхийн улс орнуудын Засгийн газар болон компаниудад экологийн асуудлаар зөвлөгөө өгдөг ажээ.
Өдгөө 68 настай эдийн засагчийн үзэж байгаагаар Арктикийн мөс энэ зууны эцэс гэхэд хайлах бол, мөсөн уулууд дараагийн зуунд алга болно. Гэхдээ энэ үзэгдлүүд яг одоо болж байгаа билээ.
Агаарын температур нэмэгдсэний улмаас өнөө үе болон бидний ач зээ нарын үеийн зааг дээр дэлхийн экологийн сүйрэл болно гэж тэрбээр хэлжээ.
2009 онд түүхэн дэх хамгийн халуун жил болсон бол сүүлийн 40 жилийн хугацаанд хүн төрөлхтөн өмнөх түүхийн хугацаандаа тарьсан хог хаягдлаас илүү их хэмжээний хог хаягдал тарьжээ. Энэ бүхэн экологийн сүйрэл болох магадлал өмнө тооцоолж байснаас илүү өндөр байгааг харуулж байна.
Дэлхийн гуравдугаар дайн
Өнгөрсөн зуунд болж өнгөрсөн дэлхийн хоёрдугаар дайн 50 сая гаруй хүний аминд хүрсэн билээ. Энэ дайн дэлхийд өнөөгийнх шиг үхлийн аюултай зэвсэг байгаагүй үед буюу 66 жилийн өмнө дууссан. Түүний төгсгөл хүн төрөлхтний түүхэн дэх цорын ганц атомын бөмбөг дэлбэлсэн тохиолдол болох Японы Хирошима, Нагасаки хотод атомын бөмбөг хаяснаар ирсэн юм. Энэ аймшигт явдлын улмаас 200 мянга гаруй хүн амиа алдаж, үүнээс ч олон хүн шархаджээ. Харин өдгөө дэлхий даяар бүс нутгийн шинжтэй мөргөлдөөн болсоор байгаа билээ. Сүүлийн саруудад өрнөж буй Арабын хувьсгал, Энэтхэг, Пакистан болон хоёр Солонгосын хоорондын мөргөлдөөнийг дурдаж болно. Эдгээр мөргөлдөөнд бусад орнууд татагдан орвоос дэлхийн гуравдугаар дайн дэгдэх магадлал тун өндөр байна.
Дэлхийн асуудлыг судалдаг Стокгольмын "SIPRI" хүрээлэнгийн шинжээчдийн тооцоолсноор АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан болон Израиль улсын цөмийн зэвсгийн нөөцөд 20.5 мянган цэнэгт хошуу байна.
Харин өнгөрсөн онд дэлхий даяар зэвсэг худалдан авахад нэг триллион 630 тэрбум доллар зарцуулжээ. Зэвсгийн хамгийн том импортлогч орон нь Энэтхэг бол, хамгийн том зэвсэг үйлдвэрлэгч нь АНУ юм.
Байгалийн гамшиг
Өнгөрөгч гуравдугаар сард Японд болсон газар хөдлөлтийн улмаас Дэлхийн тэнхлэг 10 см-ээр хазайжээ. Энэ үйл явдлыг байгалийн үзэгдлийн улмаас дэлхий сөнөх тухай зөгнөлүүдийн анхны дохио гэж хэлж болно.
40.000 км урт бөгөөд нийт галт уулын 75 хувь нь буюу 452 галт уул байдаг Номхон далайн Галын бүс гэж нэрлэгддэг бүс нь дэлхий дээр газар хөдлөлт болох гол шалтгаан болдог байна. Ява болон Суматра арлын дунд оршдог Кракатора гэдэг галт уул нь Номхон далайн галын бүсэд хамаардаг ажээ. Тус галт уул хамгийн сүүлд 1883 онд дэлбэрч, 40 мянга орчим хүний аминд хүрчээ. Дэлбэрэх чимээ нь 5000 орчим км-ийн зайд сонсогдож байсан нь түүхэн дэх хамгийн чанга чимээ болсон байна. Харин дэлбэрэлтийн хүч нь Хирошима хот дээр хаясан шиг 7000 атомын бөмбөгийн хүчтэй тэнцүү байжээ. Тэгсэн хэдий ч Кракаторагийн хүч нь супер галт уулын дэлбэрэлтийн хүчтэй харьцуулахад өчүүхэн гэнэ. Супер галт уул нь харьцангуй шинэ нэр томьёо бөгөөд хэдэн мянган шоо метр лав цацах дэлбэрэлтийн хүчийг илэрхийлэхэд хэрэглэдэг ажээ. Супер галт уулын дэлбэрэлтийн жишээгээр, 75 сая жилийн өмнө дэлхий дээр оршин сууж байсан хүмүүсийн дийлэнхийг нь устган, ердөө 5000 гаруй хүн амьд үлдээж, мөсөн үеийг эхлүүлсэн Тоба галт уулын дэлбэрэлтийг дурдаж болно.
АНУ-д байдаг Йеллоустоун гэдэг супер галт уул нь аялал жуулчлалын үзэсгэлэнт газруудыг бүрэн сүйтгэж чадах ажээ. Уг галт уул нь 2,2 сая жилийн өмнө дэлбэрэх үедээ 2500 шоо километр лав цацсан бол, 640 мянган жилийн өмнө дэлбэрэхдээ 1000 шоо километр лав цацжээ.
Өвчин
Дэлхий дахин саяхан ДОХ илэрснээс хойших 30 жилтэй золгосон билээ. Энэ аймшигт өвчний вирус өдгөө 30 сая хүнд халдварлажээ. Хэдийгээр ДОХ нь эмчлэгддэггүй боловч шинжлэх ухааны ололт амжилтын ачаар түүнийг хянах боломжтой болсон билээ.
ДОХ илрэхээс нэлээд өмнө буюу 1918 онд "испанка" гэгдэх өвчин дэлгэрч, 40 сая хүн нас барсан байна. Харин манай эриний өмнө гарч ирж, 1970 оны дунд үед анагаах ухааны ачаар дарагдах үе хүртэлх мянган жилийн хугацаанд цэцэг өвчнөөр ойролцоогоор 300-500 сая хүн нас нөгчжээ. Эболо зэрэг цусан хумхаатай төстэй өвчнүүд нь цус, биеийн шингэн болон халдвартай эд эсээр шууд халддаг байна. Энэ өвчнүүд нь Африк тивд ихэд тархсан бөгөөд нас барагсдын 80 гаруй хувийг ийм төрлийн өвчнөөр нас барагсад эзэлдэг ажээ. Эдгээр өвчний вирус нь маш хурдан тархдаг учраас урд өмнө байгаагүй цар хүрээтэйгээр тархаж болзошгүй гэнэ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )