Шагдайн Цэнд-Аюуш
Ш.Цэнд-Аюуш 1949 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн. УБДС, Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дууд курс төгссөн. Шог өгүүллэг, тууж, роман бүхий олон ном хэвлүүлжээ.
Тохиролцоо
Тоо яаж бодохыг хичнээн ч заагаад сурдаггүй хүүхэд байх юм. Элсэн дээр ус тогтдоггүйтэй адил гэмээр юмуу даа.Тийм хүүхдийн нэгийг нэрлэвэл Сүмбээ. Дунд ангид орчихсон мөртөө дөрвөн аргынхаа тоог бодож чадахгүй хошуугаараа хуруугаа тоолно. Ийм хүүхдийг та яах байсан бол! Миний бодлоор түүнд жил бүр тоо заах гэж түвэг удаж байхаар дүнгийнх нь хүснэгт дээр хэдэн дугуй тэг тавьж өгөөд дуусгачихмаар санагддаг юм. Яахав, өөр төрлийн хичээлээ л заалгадаг юм байгаа биз. Даанч захиргаадалт гэдэгтэй нэг язгууртай үгнээс үүсэлтэй захирал,
-Нэг ч хүүхдийг сул сургаж болохгүй гэж хатуу лантууддаг билээ. Сүмбээд хичнээн ч муу тавьсан улирлын эцэст түүнийгээ алтан гурав болгож засахаас аргагүй болно. Гэтэл ашгүй ардчилал, өөрчлөн байгуулалт ялан мандлаа. Нэгдэл задрал болтлоо өөрчлөгдлөө. Дарга зохицуулагч болтлоо өөрчлөгдлөө. Дамчин бизнесмен болтлоо өөрчлөгдлөө. Гагцхүү нөгөө Сүмбээ л хэвээрээ үлдэв. Улирлын шалгалт болоход өнөөх усан тэнэг маань "хоёр дээр нэмэх нь хоёр тэнцүү долоо" гээд бодчихсон байв. Ил тодын үе юм чинь би томоос том дугуй тэг ил тодоор тавиад өглөө. Захирлаас ч айх юм байсангүй. Одоо тэр муу жижигхэн захиргаадагч олон юм яривал "Огцор" гээд суусан ч болохоор болсон билээ. Үүнийгээ мэдээд энэ удаа захирал юу ч хэлсэнгүй. Харин аав нь "Та манай хүүд буруу дүн тавьсан байна" гэсээр хүрч ирлээ.
-Хоёр дээр хоёрыг нэмээд долоо гаргасан байна гэсээр би хөдөлшгүй баримт болох шалгалтынх нь ажлыг үзүүллээ. Гэтэл,
-Үүнд чинь юу нь буруу байгаа юм бэ гэж Сүмбээгийн аав мөрөө хавчив. Дээд боловсролтой хүн гэсэн. Гэвч хүү шигээ дөрвөн аргын тоо мэддэггүй юм байх гэж гайхлаа. Хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв байдаг юм гэж хэлж өгөв. Гэтэл өнөөх чинь,
-Яахав, та дөрөв гэж үздэг юм байж. Харин олон ургальч үзлийн үүднээс манай хүү долоо гэж үзэхэд юу нь буруу байгаа юм бэ гэж адарлаа.
-Энэ чинь дөрөв гэж үзэж байгаа юм биш. Дөрөв байдаг юм хэмээн би хэллээ.
-Таны өөрийнхөө мугуйд үзлийг тулгадаг цаг өнгөрсөн. Шинэ сэтгэлгээгээр ажиллаж сурах хэрэгтэй гэж Сүмбээгийн аав хор маажлаа. Шинжлэх ухаан бол шинжлэх ухаан. Юу боллоо гэж би түүнд бууж өгөх билээ. Би ч өөрийнхөөрөө, тэр ч өөрийнхөөрөө зүтгэлээ. Сүмбээгийн аав тун заргач нэгэн ажээ. "Олон ургальч үзлийг хяхан хавчиж байна" гэсэн гомдол сургуулийн захиргаанд гаргалаа. Захирал Сүмбээгийн бодсоныг өөр багшаар хянуулав. Тооны багш болгон хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв гэдгийг мэдэлгүй яахав.
Даанч Сүмбээгийн аав үүнийг ч бас хүлээн зөвшөөрсөнгүй. "Сургууль даяараа олон ургалч үзлийг хяхан хавчиж байна. Тооны багш нар бие биенээ хамгаалж байна. Эдгээр хуучинсаг багш нарыг ажлаас нь халбал таарна" гэж өлсгөлөн зарлаж суулаа. Зөвхөн шоколаднаас өөр юм идэхээ байв. Бас "Тоонд муу хүүхдүүдийн эцэг эхийн холбоо" гэгчийг байгуулав. Хүүхдүүд нь эцэг эхтэйгээ нийлэв.
Гаус, Эйнштейн, Лобачевскийн хөргийг бэхээр будах боллоо. Тэд нэг ургальч үзлийн үндсийг тавьсан хүмүүс юм байх.
-Чи зөрүүдлээд яах вэ? Дүнгий нь засаад өгчих гэж захирал гуйх боллоо. Тэгж шинжлэх ухаанд харш юм хийхгүй гэж би зүтгэсээр байв. Гэсэн хир нь сургуулийн захиргаанаас төлөөлөгч томилж “Тоонд муу хүүхдүүдийн эцэг эхийн холбоо”-ныхонтой дугуй ширээний хэлэлцээ хийж эхэллээ. Түүний дүнд "Хоёр дээр хоёрыг нэмбэл дөрөв" гэж томъёолдог ч олон ургальч үзлийн үүднээс тав, зургаа, долоо байхыг үгүйсгэхгүй гэж тохиролцсон байлаа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )