Израилийн археологичид Иерусалим дахь Гаслангийн хананаас /Баруун хана/ 10 гаруй метрийн зайд малтлага хийх явцдаа Ромын эзэнт гүрний үед хамаарах гурван тасалгаа олжээ. Нууцлаг эдгээр тасалгаа 1400 жилийн настай гэж эрдэмтэд үзэж байна.
Хад ухаж гаргасан эдгээр тасалгааг шатаар холбосон байжээ. Одоогоор эдгээрийн зориулалт тодорхойгүй байгаа бөгөөд тасалгаануудыг дугуй хаалга, зураг, шигтгэмэл зургаар чимэглэснээс гадна дотор нь дэнлүүний сууриуд олджээ. Эдгээр тасалгаанд мөн гал тогооны хэрэгсэл, улаан буудай эсвэл оливын тос хадгалахад тохиромжтой сав суулга олдсон нь тасалгаануудыг лам хуврагууд эсвэл мөргөлчид агуулах эсвэл гал тогооны зориулалтаар ашиглаж байсан гэх таамаг төрүүлж байна гэж археологичид ярьжээ.
Эдгээр өрөө тасалгаа МЭӨ 70 онд ромчуудын сүйтгэсэн Хоёрдугаар сүмтэй шууд холбоогүй гэж эрдэмтэд үзэж байна. Гаслангийн буюу Баруун хана нь эл сүмээс үлдсэн хана юм.
Малтлагыг энэхүү ариун дагшин газраас илрүүлсэн янз бүрийн үед хамрах археологийн үнэт олдворуудаас бүрдсэн газар доорх үзэсгэлэнгийн танхим байгуулах зорилгоор хийж байгаа аж. Гаслангийн ханын доор өргөн хэмжээний малтлагын ажил хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр хүмүүсийн мөргөл үйлддэг ариун орон зайг жуулчдад зориулсан археологийн олдворын үзэсгэлэнгийн танхимаас тусгаарлах боломжтой болох аж.
Сэтгэгдэл ( 0 )