Археологичид “жихүүдэс төрүүлэм” эртний эдлэл олжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

Финландын археологичид дөрвөн мянга гаруй жилийн өмнөх үед хамаарах могойн дүрстэй ер бусын модон таяг олжээ.

“Antiquity” сэтгүүлд мэдээлснээр, олдворыг тус улсын баруун өмнөд нутгийн намгархаг газар археологийн малтлага явуулах үеэр илрүүлсэн байна. 53 см урт “таягийг” цул модоор хийжээ. Ингэхдээ хэлбэр, дүрс нь могойтой тун төстэй гэнэ.

“Археологич хүний хувьд би ер бусын гэмээр олон зүйл харж байсан. Харин энэ олдвор намайг хэлэх үггүй болгож, жихүүдэс төрүүлж байна” гэж Финландын Турку их сургуулийн судлаач Сату Койвисто “LiveScience” сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Судлаачид энэхүү эд өлгийн зүйлийг бөөгийн таяг эсвэл чимэглэлийн зүйл хэлбэрээр ашигладаг байсан байж болзошгүй гэж таамаглаж байна.  Гэхдээ энэхүү олдворыг шашинтай холбон тайлбарлах нь үнэнд илүү нийцнэ гэж эрдэмтэд үзэж байна. Учир нь эрт дээр үеэс могой бэлэг тэмдгийн шинж чанарыг агуулж байв.

Археологичид энэ “таяг” нэг хэлбэрийн тахил байсан байж магадгүй гэсэн санал мөн дэвшүүлжээ. Олдворын судалгааны ажил үргэлжилж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top