Мороккогийн эрэг орчмын нэгэн агуйд археологичид эртний хүмүүсийн амьтны арьсаар хувцас хийхэд зориулсан 60 гаруй хэрэгсэл илрүүлжээ. Ясаар хийсэн багаж, хэрэгслүүдийг 90-120 мянган жилийн өмнө хийжээ. Энэ нь өнөөг хүртэл олдож буй хувцас хийх зориулалт бүхий хамгийн эртний багаж хэрэгсэл болж байна.
“iScience” сэтгүүлд мэдээлснээр, хувцас хийж эхэлсэн нь хүн төрөлхтний түүхэн дэх чухал үйл явдал. Хувцас бий болсноор хүн төрөлхтөн соёлын болон ухамсрын хувьслын хувьд нэг шат ахиснаас гадна Африк тивээс илүү хүйтэн, цаг агаарын хувьд таатай бус бүс нутагт шилжин суурьших боломж олгожээ.
Археологичид болон антропологичид Homo sapiens Плиоцены хожуу үеэс эхлэн хувцас өмсөж эхэлсэн гэдэгт санал нэгддэг ч өнөөг хүртэл яг хэдий үе гэдгийг баттай тодорхойлж чадаагүй юм. Хувцас хийх зориулалттай арьс, үс болон бусад органик материалууд нь хадгалалт муу даадаг байна.
Морокко дахь Контрбандье агуйн эртний хүний оромжийг судалж буй археологичид 12 мянган ширхэг амьтны ясны хэсэг олсноос дор хаяж 60 –ыг нь амьтны арьс хуулах, боловсруулах зориулалттай багаж, хэрэгсэл болохыг нь тодорхойлжээ. Ясан багаж, хэрэгслүүд нь тодорхой хэлбэртэйгээс гадна элэгдсэн байсан нь эдгээрийг удаан хугацаанд ашиглаж байсныг гэрчилж байна. Хөдөлмөрийн зэмсгүүдийн ойролцоо үнэг, хярс зэрэг жижиг үслэг амьтдын араг ёс олджээ. Нарийвчилсан судалгаагаар эдгээр амьтдын арьсыг өвчиж байсныг гэрчлэх ул мөр илэрсэн байна. Харин тус агуйд олдсон том амьтдын араг ясыг судлахад тэдгээрийн махыг нь хэрэглэх зорилгоор боловсруулсан болохыг тогтоожээ.
Германы Макс Планкийн нэрэмжит Хүн төрөлхтний түүхийн хүрээлэнгийн судлаач Эмили Халлетын хэлснээр, эдгээр олдвор 120 мянга орчим жилийн өмнөөс Homo sapiens арьс боловсруулах зэрэг тодорхой зорилгоор тусгай багаж, зэмсэг хийх үүднээс амьтны яс зэрэг төрөл бүрийн материал ашиглаж эхэлснийг гэрчилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хөдөлмөрийн зэмсэг ээ зэвсэг, араг ёс биш яс гэж бичнэ