Антропологичид Кенийн Туркан нуурын эргээс үл мэдэгдэх төрлийн эртний хүний ул мөр илрүүлжээ. Зүүн Африкт 3.4 сая жилийн өмнө амьдарч байсан эртний хүмүүсийн ул мөр нь нэгэн үед дор хаяж хоёр төрлийн босоо явагч эртний хүн байсныг гэрчилж байна гэж Дартмутын коллежийн хэвлэлийн алба мэдээлжээ.
“Энэхүү олдворын ойр орчмоос 1976 онд нэрт палеонтологич Мэв Ликийн илрүүлсэн “баавгайн” ул мөр үнэн хэрэгтээ урьд өмнө танигдаагүй төрлийн гоминид эртний хүнийх болохыг баталсан маргашгүй нотлох баримтыг илрүүллээ” гэж Дартмутын коллежийн судлаач Жереми Десилва мэдэгджээ. Тэд Туркан нуурын эргээс өмнө нь олдож байсан афарын австралопитек төрлөөс алхаа, биеийн бүтцээр ихээхэн ялгаатай байжээ.
Дартмутын коллежийн судлаачид хоёр жилийн өмнөөс “баавгайн” ул мөр илэрсэн газраас холгүй малтлага явуулж эхэлжээ. Судалгааны явцад тэд хэсэг чулуужсан мөр шинээр илрүүлсэн байна. Эдгээр болон “баавгайн” ул мөрийг харьцуулан шинжилснээр, эдгээр ул мөр нь жинхэнэ баавгайнх байх боломжгүй гэдгийг тогтоосон байна. Ул мөрийг орчин цагийн Кенийн нутаг дэвсгэрт 3.4 сая жилийн өмнө амьдарч байсан австралопитекийн үл мэдэгдэх төрөл үлдээсэн гэж эрдэмтэд үзэж байна.
Энэ нээлт нь Туркан нуур орчимд балар эртний хүний яс зэрэг олдвор “нуугдаж” байх боломжтой гэж судлаачид найдаж байгаа бөгөөд ийм олдворуудыг нээснээр эртний босоо явагч хүн нь хүн төрөлхтний хувьслын модны аль салаа мөчирт байрлаж, австралопитекийн аль төрөл нь Homo sapiens-ын хувьсалд холбоосын үүрэг гүйцэтгэснийг ойлгоход дөхөм болно гэж үзэж байна.