Төвөдийн өмнөд хэсэгт 5.5 мянган жилийн өмнө хүн анх суурьшжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Төвөдийн өмнөд хэсэгт 5.5 мянга орчим жилийн өмнө хүн анх суурьшиж байсныг антропологичид Төвөдийн хөдөлмөрийн зэвсгийн химийн бүтцийг үндэслэн тогтоожээ.

“Science Advances” сэтгүүлд бичсэнээр Төвөдийн өндөрлөг нь дэлхий дээрх хүн амьдрахад хамгийн таатай бус газруудын нэг юм. Далайн  4.3 мянган метрийн өндөрт байрлах Төвөд нь маш ширүүн уур амьсгалтай. Ялангуяа Хималайн уулсын ноён оргилуудтай зэргэлдээ орших төв болон өмнөд хэсгүүдэд хатуу ширүүн уур амьсгал ноёрхож байдаг. Амьдралын ийм онцгой нөхцөл Төвөдийн оршин суугчдын хувьслыг түргэсгэжээ. Хувьслын хэмжүүрээр туйлын бага хугацаанд тэдний генд онцгой өөрчлөлт гарсны ачаар хүйтэн цаг агаар, хүчил төрөгчийн дутагдалд дасан зохицжээ. Тиймээс энэ өндөрлөг газарт хүн анх хэзээ суурьшсан бэ гэсэн асуулт эрдэмтдийн сонирхлыг ихээр татдаг байна.

Гэсэн хэдий ч  нутгийн уур амьсгалын онцлог, малтлага хийхэд хүнд орчин, археологийн олдвор туйлын цөөн олддог тул үүний хариултыг олоход туйлын бэрх гэнэ. Үүнээс гадна ихэнх олдвор нь хөдөлмөрийн чулуун зэвсэг болон бусад органик бус олдворууд байдаг тул нөхцөл байдлыг улам хүндрүүлдэг байна. Учир нь тэдгээрийн насжилтыг уламжлалт аргаар  тогтоох боломжгүй байдаг гэнэ. Тиймээс эрдэмтэд ойр орчим нь илрүүлсэн хүн, амьтны яс, чулуужсан ургамлыг судлах зэрэг шууд бус шинжилгээний аргыг хэрэглэдэг байна. Төвөдийн эд өлгийн зүйлсийн хувьд энэ боломж бараг үгүй. Тиймээс эдгээрийн насжилтыг тогтоох нь антропологичдын ширүүн маргааны нэг болдог байна. Тухайлбал, Эверестээс хойд зүгт хэдхэн км зайд орших Су-ре гэх газраас олсон хамгийн эртний Өмнөд Төвөдийн хөдөлмөрийн багаж зэвсгийн нас ихээхэн маргаан дагуулдаг аж.

Харин Австрийн Иннсбрукийн их сургуулийн дэд профессор Михаэл Мейер тэргүүтэй судлаачид эдгээр олдворын насыг хэт улаан лазерын туяа ашиглан нарийн тогтоожээ. Тэдний тооцоолсноор, Су-регийн хөдөлмөрийн зэвсэг 5.2 мянган жилийн настай гэнэ. Энэ нь төв болон өмнөд Төвөдөд хүн харьцангуй хожуу үед суурьшсан гэсэн хэвшсэн ойлголтыг баталж байна.  Ойрын үед Мейер тэргүүтэй антропологичид энэ аргаар бусад газраас олдсон эд өлгийн зүйлсийг судалж, энэ бүс нутгийн суурьшлын газрын зургийг бүрэн сэргээхээр зорьж байна.


 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top