Төвөдийн 100 гаруй лам сансрын нислэгтэй холбоотой судалгаанд оролцоно

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

 

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Анагаах ухаан, биологийн асуудал судлах хүрээлэн Төвөдийн 100 гаруй ламыг бясалгалын явц дахь тархины цахилгаан идэвхийг судлах судалгаанд оролцохыг урьжээ.

Судалгаагаар алсын зайн нислэгийн үеэр сансрын хөлгийн багийг хиймлээр нойрсуулах аргыг эрэлхийлж байна. Тус хүрээлэнгийн орлогч захирал, ОХУ-ын Гавьяат эмч Юрий Бубеевын ярьснаар, Далай лам судалгаанд оролцох лам нарыг сонгоход дэмжлэг үзүүлжээ. “Бид Далай ламд хандан, төрөл бүрийн бясалгалын явцад лам нарын тархины цахилгаан идэвхийг судлах боломж олгох хүсэлт тавьсан. Судалгаанд үр дүнтэй бясалгал хийх туршлагатай 100 гаруй лам оролцохоор болсон” гэж Бубеев онцолжээ.

Бясалгал хүний тархи, бие организмын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг судлах ажлыг Оросын академич Святослав Медведевийн удирдлага дор Энэтхэг улсад мөн явуулж байна. Судалгааг 2025 онд дуусгахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна ОХУ бясалгал, бясалгалын дүнд өөрчлөлтөд орсон ухамсрын төлөвийг судлах байнгын ажиллагаатай хоёр лабораторийг 12 мянган лам нар байрладаг Буддын долоон сүм бүхий Энэтхэгийн өмнөд хэсэгт байгуулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top