Төв Азийн нүүдэлчид 8000 гаруй жилийн өмнө хонийг гаршуулж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

Археологичид Төв Азийн нүүдэлчид шинэ чулуун зэвсгийн үе буюу найман мянган жилийн өмнөөс хонь гаршуулж эхэлснийг батлах нотлох баримтыг Киргизийн нутаг дэвсгэрээс олжээ.

“Nature Human Behaviour”  сэтгүүлд мэдээлснээр,  Киргизийн Обишир-5 агуйд олдсон археологийн болон биомолекулын ул мөр Төв Азид хонийг МЭӨ зургадугаар мянганд гаршуулсныг гэрчилж байна. Ферганы хөндийд гэрийн тэжээмэл амьтад бий болсон хугацааг гурван мянган жилээр урагшлуулж, энэ бүс нутагт мал аж ахуй өмнө нь тогтоогдсоноос ч эрт цагт хүмүүсийн амьдралаа залгуулах хэрэгсэл  болсныг харуулж байна гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Светлана Шнайдер эрдэмтэд онцолсон байна.

Анхны гэрийн тэжээмэл амьтан Ойрх Дорнод, Энэтхэг, Ираны нутаг дэвсгэрт 12-10 мянган жилийн өмнө газар тариалан үүсэж, амьдралын суурин хэв маягт шилжих үед бий болжээ. Хожим нь дэлхийн бусад хэсэгт амьтдыг гаршуулж эхэлсэн байна. Үүний дүнд нүүдэлчин малчдын соёл бий болж, хонь, үхэр, адуу зэрэг малын мах, сүүг хүнсэндээ хэрэглэдэг болжээ.

Эрдэмтэд шинэ чулуун зэвсгийн үед эртний хүмүүсийн орогнодог байсан Киргизийн Обишир-5 агуйг 1965 онд хуучнаар Зөвлөлтийн археологичид нээжээ. Тэнд үр тариа боловсруулах хэрэгсэлтэй төстэй ер бусын хөдөлмөрийн багаж зэвсгээс гадна судлаачид хонь, ямааны арга яс олсон байна. Үүнээс өмнө эдгээр олдворыг судлаагүй тул гаршуулсан эсвэл зэрлэг амьтдыг яс эсэх нь тодорхойгүй байжээ. Харин Шнайдер тэргүүтэй эрдэмтдийн баг тус агуйд дахин судалгаа хийсний дүнд олдворын насыг тогтоосон байна. Зарим олдвор найман мянгаас илүү жилийн настай байжээ. Үүнээс гадна агуйд олдсон хонь, ямаа гаршуулсан байсныг гэрчлэх шинж тэмдэг олдсон байна. Ясны уургийн молекулыг шинжлэхэд бүтэц нь орчин цагийн хонь, ямааны ясны эсийн уурагтай 100 хувь таарчээ. Түүнчлэн, ясны дээд давхарга, шүдний паалангийн бүтцээс үзвэл эдгээр хонь, ямааг төлөг байхад нь намар нядалсан байна. Мөн ДНК-ийн шинжилгээгээр хонь, ямааг гаршуулсан байсныг баталсан байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эм(66.181.169.6) 2021 оны 04 сарын 09

Монгол хонинхоо зургийг оруулах хэрэгтэй

1  |  0
Top