Перуд эртний индианчуудын соёл иргэншлийн хаадын гар урчуудын булш илрүүлсэн тухай Варшавын их сургууль мэдээлжээ.
Уари соёл иргэншил нь Перугийн нутаг дэвсгэрт МЭ VI-X зуунд оршин тогтнож байжээ. Инкачуудаас өмнө амьдарч байсан уаричуудын нийслэл орчин үеийн Аякучо хотоос холгүй цэцэглэж байжээ. Хотод 40 мянга орчим хүн амьдарч байснаас гадна тэдний барилга байгууламж нь гаднах байдлаараа эрс ялгаатай байсан аж. Уаричууд байшингаа тэгш өнцөгт хэлбэртэй барьдаг байсан бол сүм хийдээ “D” үсэгтэй төстэй хэлбэрээр босгодог байв.
2010 онд археологичид уари угсаатнуудын бунхан, тэр дундаа гурван хааны шарил олж байжээ. Эл бунханд Польшийн их сургуулийн судлаач Милош Герш тэргүүтэй археологичид угсаатнуудын эд зүйлсийг урладаг гар урчуудын шарил илрүүлсэн байна. Нийт долоон хүн, тэр дундаа дөрвөн насанд хүрсэн, гурван өсвөр настны шарил олжээ. Үхэгсдийг амьд ахуйд нь хэрэглэж байсан сүх, хөрөө, сагс хийх материал, давуу, мод зэрэг олон зуун багаж хэрэгсэлтэй хамт оршуулсан байна. Эл олдвор нь Эль-Кастильо-де-Уармей эртний хөшөө дурсгалт газар нь зөвхөн хаадын бунхан байгаад зогсохгүй засаг захиргаа, гар урлалын чухал төв байсныг илтгэж байна гэж судлаачид дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 0 )