Берлиний бөмбөгдөлтөөс амьд гарсан “Гитлерийн матар” үхжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 24

ОХУ-ын нийслэл Москвагийн амьтны хүрээлэн хамгийн өндөр настай Сатурн матар үхсэн тухай мэдээлжээ. Миссисипийн эл матар АНУ-д төрж, Берлин хотын амьтны хүрээлэнд амьдарч байгаад 1943 оны арваннэгдүгээр сард Берлиний бөмбөгдөлтийн үеэр зугатаажээ. Түүнийг 1946 онд Британийн цэргүүд Германы газар нутгаас олж, Зөвлөлтийн талд шилжүүлсэн түүхтэй.

Сатурн 84 жил амьдарсан нь матрын хувьд өндөр нас гэнэ. Өдгөө Белградын амьтны хүрээлэнд мөн 80 гарсан матар амьдарч байгаа аж. Москвагийн амьтны хүрээлэнгээс гаргасан мэдэгдэлд “Сатурн бидний хувьд бүхэл бүтэн эрин үе юм. Тэр ялалтын дараа ирж, бидэнтэй цуг Ялалтын 75 жилийн ойг хамт угтсан. Тэр бидний ихэнхийг бага байхад харсан. Бид түүний урмыг хугалаагүй гэж найдаж байна” гэж бичжээ. Матрыг “Гитлерийн матар” гэж заримдаа нэрлэдэг байжээ. Гэхдээ Сатурн Гитлерийн хувийн амьтны хүрээлэнд байсан гэх нь худал мэдээлэл гэж Москвагийн амьтны хүрээлэн онцолсон байна. Өндөр настай Сатурн ган эдлэлийг тас хазах чадвартай байсан аж. Тэр өөрийг нь хооллодог ажилтнуудыг таньдаг байсан бөгөөд хоол голж, сойзоор массаж хийлгэх дуртай байсан гэнэ.

Сатурнаар чихмэл хийж Дарвины музейд мөнхжүүлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top