Энэ асуултад хариулт өгөх зорилготой хэлэлцүүлэг Татварын ерөнхий газрын “Татвар төлөгчдийн танхимд” боллоо. ”Тогтвортой бизнес татварын орчин” сэдэвт хэлэлцүүлгийг Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нээж үг хэлэв. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Батж. Батбаяр, Сангийн яам, Татварын ерөнхий газрын удирдлагууд оролцсон бөгөөд татварын албаны албан хаагч нар, татвар төлөгч байгууллагын удирдлага, мэргэжлийн чиглэлийн их, дээд сургуулиудын эрдэмтэн багш нар, нягтлан бодогчид, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгийнхэн оролцлоо. Урилгаар БНСУ-ын Татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэгийн ерөнхийлөгч ноён Үоunkeun Cho, МҮХАҮТ, МАОЭНХ-ны төлөөллүүд хүрэлцэн ирсэн. Сард 25 саяын орлоготой бөөний худалдаа эрхлэгчид жишиг татвараар сард 10 мянган төгрөг төлдөг бол тэднээс 20 дахин бага орлоготой ажиллагсад 105 мянгыг татварт төлж байгаа нэгэн гажиг буй. Дээрх иргэдийн сарын орлого нь дунджаар 25919,5 төгрөг байхад эдгээр иргэд бараг бoгд жишиг татвар буюу сард 10.0 мянган төгрөгийн татвар төлж байхад сард тэднээс 20 дахин бага орлоготой буюу 1296,0 мянган төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлсний орлоготой иргэн сард 109,6 мянган төгрөгийн татвар буюу даруй 10.96 дахин их татвар төлөхөөр байна. Түүнчлэн малчин өрх, мал бүхий иргэний орлогын албан татварыг хүчингүй болгосон нь нь тэгш, шударга байдал алдагдах бас нэгэн нөхцөл болжээ. Малчдын дотор цөөн малтай нэг хэсэг байхад 1000 ба түүнээс дээш толгой малтай болон бизнесмен, төрийн өндөр албан тушаал бүхий иргэд олон тооны малтай байдаг нь тэдний хөрөнгө орлогын мэдүүлэг зэргээс нь тодорхой байдаг. Манай улсад далд эдийн засгийн хэмжээ их, татвараас зугтаах байдал арилахгүй байгаа нь НӨАТ-ын асуудал дээр улам тод харагдаж байна. Үүнийг нотлоход өргөн олныг хамарсан том судалгаа хийх шаардлагагүй бөгөөд хамгийн энгийнээр орон сууцны байрны үүдэнд байрладаг гэр бүлийн жижиг дэлгүүрийн орлогыг баримжаагаар хамгийн багаар жишээ болгон авч үзэхэд шууд харагдаж байна.
Үндсэн илтгэлээс гадна дөрвөн илтгэл хэлэлцүүлсэн. Хамгийн гол нь тэгш, шударга байх зарчим ийнхүү Монголын өнөөгийн мөрдөж буй хуулийн хүрээнд хэрэгжих бололцоо хомс байгааг татварын албаныхан болон татвар төлөгчдийн төлөөлөл харилцан шүүмжилсэн юм.Тиймээс ч шийдвэр гаргагчид татварын хуулиудыг боловсронгуй болгох, ингэснээр далд эдийн засгийг хумих чиглэлд санаачлагатай ажиллах шаардлагатай болжээ гэсэн санааг хэлэлцүүлэгт оролцогсод хөндөж ярилцлаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )