“Улаанбаатар травел экспо” үзэсгэлэнг цахимаар зохион байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо”-той хамтран “Улаанбаатар Травэл Экспо-2020” үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрүүдэд 6 дахь жилдээ “ТӨЛӨВЛӨЕ, АЯЛЪЯ, СУРАЛЦЪЯ” уриатайгаар зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо” ТББ-ны тэргүүн Ё.Бадрал, “Орхон” гэр баазын захирал Г.Отгонбаатар нар мэдээлэл өглөө.

Цахимаар зохион байгуулагдах уг үзэсгэлэнгээр төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зочид буудал, амралтын газар, жуулчны бааз, сувилал, даатгал, нислэгийн тийз борлуулагч, авиа компаниуд, аяллын клуб, машин түрээсийн үйлчилгээ, тур оператор байгууллагуудын нэгдсэн мэдээллийг нэг дороос авах боломжтой аж.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар “"Улаанбаатар травэл экспо-2020" үзэсгэлэнг тавдугаар сарын 29-31-ны хооронд зохион байгуулахаар бэлтгэлдээ орлоо. 2019 онд Монгол улсад 577 мянган жуулчин ирсэн. Энэ нь өмнөх үеэс 10 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Цахим үзэсгэлэнд тавигдсан байгууллагуудын аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ бүтэн жилийн турш сурталчилж, хамтран ажиллана. Аялал жуулчлалтай холбоотой ном, сэтгүүл, танилцуулгыг татаж авах, 3 хоногийн турш “ОНЛАЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ”, илтгэл, байгууллагуудын танилцуулгыг шууд үзэж, шууд лайвын дараа азтан болох боломжийг бүрдүүлж байгаа. Түүнчлэн “ЖИМ-АЯЛЛЫН ХӨТӨЧ” Аялал жуулчлалын анхны цахим сэтгүүлийг М+ аппликейшн дээр байршуулахаас гадна хэвлэмэлээр тараагдана” гэв.

Энэ удаагийн цахим үзэсгэлэн нь COVID-19 цар тахлын эрсдэлээс сэргийлэн аюулгүй байдлаа ханган, эх орондоо, аяллаа “төлөвлөх”, байгальд ээлтэй “аялах”  аяллаар дамжуулан ирээдүй хойчдоо байгаль орчин, ёс заншил, үндэсний соёл, ахуйгаа хайрлан хамгаалах “суралцах” талаар уриалан сурталчлах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top