Барак, Элбэгээ, Дима гурав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчилсныхаа дараагаар Америкийг зорьсон. Үүнийг ажиглагчид хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд Орост дуудагдаж очсон, “Онгоц” одтой ч гэх шиг мушгихыг оролдов. Мөн түүний айлчлалуудыг эерэгээр харах хүмүүс, гадаад, дотоодын мэдээллийн хэрэгслэлүүд ч байгаа. Үнэн хэрэгтээ нөхцөл байдал эсрэгээрээ байлаа. 2009 онд Дмитрий Медведевийг Монголд айлчлахад л Москвад дуудагдаж очдог, ах дүүгийн барилдлага гэх их гүрний дээрэнгүй үзлийг Ц.Элбэгдорж халж чадсан юм. Үе тэнгийн Ерөнхийлөгчид хөрш, анд нөхдийн шинэ харилцааг бий болгож чадсаныг үгүйсгэж боломгүй санагдана.

Энд анд нөхдийн харилцаа гэдэг үг орж байгаа нь санамсаргүй хэрэг биш. Шинэ үеийн төлөөлөл болох Дмитрий Медведев Оросын Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Кремль Монголын харилцаанд салхи оруулсан билээ. Ц.Элбэгдоржоос хоёр насаар дүү Медведевийн хувьд шинэ Оросын төлөөлөл гэж хэлж болно. Ульянов, Сталин, Брежнев бүр Ельцин, Путины үед ч үргэлжилж байсан том ахын зан байдал Димагаас ажиглагддаггүй. Мөн ертөнцийн нөгөө бөөрөнд байгаа Америкийн Ерөнхийлөгчөөр бас л Барак гэгч хар арьстан залуу эр сонгогдон арьс өнгөөр ялгаварлах үзэлд бүрмөсөн цэг тавьж, ардчилал төгс төгөлдөр болсныг харуулж чадсан. ОХУ бол манай мөнхийн хөрш хийгээд эрчим хүч, нефть бүтээгдэхүүний зах зээлд дангаар ноёрхсон орон. Хэдий ийм ч саяхныг болтол бид тэдэнтэй эн тэнцүү харилцаж чадахгүйгээр үл барам аливаа тулгалт бүхэнд “за” хэмээн толгой дохидог айдсаасаа салж чадахгүй байв.

Харин Элбэгээ Таван толгойг сонирхсон Оросын удирдлагуудын “санал”-д “Би баталгаа өгөх боломжгүй. Тендерт хэн хэрхэн оролцохоос бүх зүйл хамаарна. Тэгээд ч манай оронд ард түмний төлөөлөл болсон УИХ нь асуудлыг шийддэг” хэмээн хэлж чадсан сурагтай. Ингэснээр оросууд Монголыг өөр нүдээр харж эхлэх нь тэр. Үүнийг Оросын нөлөө бүхий хэвлэл болох Коммерсанть сонин “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын өнөөгийн нийгмийн нүүр царайг Оросын томчуудад шинээр ойлгууллаа. Хуучин Монгол биш болжээ” гэх зэргээр бичсэн нь нэгийг өгүүлэх буй за.

Оросоос ирэнгүүт Казакстанд болох Шанхайн хамтын нийгэмлэгийн орнуудын уулзалтад (Монгол улс ажиглагчийн статустай) оролцолгүйгээр Америкийг зорьсон нь ихээхэн учиртай болов уу. Элбэгээ Америкт хаагуур орж, хэнтэй уулзах нь гол бус ,бидэнд гуравдагч хөрш, хүчирхэг анд нөхөд байгаа гэдгийг сануулах гэсэн бодолтой байхыг ч үгүйсгэхгүй. Тэрбээр Америкт маш нэр хүндтэй. 1990-ээд оны эхээр АНУ-д Ц.Элбэгдоржийн өдрүүд гэж зохиогдож байсныг нөгөөх “Халтар царайт” Монголд ирэхдээ бахдан өгүүлж байсныг санаж байна. Түүний хувьд Диматай ч, Барактай ч хэл амаа ололцож чадна. Элбэгээ хүүхэд шахам үедээ ЗХУ-д цэргийн сургууль төгссөн бол лидер болсон хойноо Америкт алдарт Харвардыг дүүргэсэн. Гэхдээ Элбэгээ хэзээ ч Орос юмуу, Америкийг миний хоёрдогч эх орон гэж балайрахгүй л дээ. Барак, Элбэгээ, Дима гурав Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь хийх ажлынхаа 50 хувийг гүйцэтгэсэнтэй ялгаагүй гэж үзэж болно.

Баракийн ялалт арьсны үзэлд цэг тавьж, Дима Оросын залуусыг ирээдүйд нь итгүүлж чадсан бол, Элбэгээ ялснаар ганц хүний дарангуйлалд цэг тавьж, хууль хяналтын байгууллагуудын ялзрал, авлига хээл хахуулиас салж чадна гэх итгэлийг төрүүлсэн билээ. Бидэнд Монгол буурай, ядуу, жижиг. Тийм учраас бусдын аяыг дагахаас өөр аргагүй гэсэн гутранги үзэл байдаг. Тэгвэл жижиг ард түмэн гэж байдаггүйг Элбэгээ харуулахыг зорьж байна. Монгол улс Оросын хувьд үеийн үед Хятадын аюулаас тусгаарлаж ирсэн геополитикийн бүс нутаг байсан. Өөрөөр хэлбэл, Монголын аюулгүй байдал Оросын аюулгүй байдал гэсэн үг. Харин Америкийн хувьд хүчирхэг өрсөлдөгчид болох Орос, Хятадыг зааглан суугаа Монгол орон стратегийн түшиц газар. Бид зөв тоглож чадвал тийм ч муугүй байршилтай шүү. Тиймээс л Цагаан баавгайн нутгаас ирээд Сэм авгынхыг зорьсон болов уу.

Мэдээж хэрэг Хятадын асуудлыг орхиж болохгүй л дээ. Гэхдээ Монгол, Хятадын харилцаа бол маш ойлгомжтой. Хятадын өнөөгийн удирдлагууд Дэн өвөөгийнхөө гэрээслэлээр л явж байгаа. Мэдээж бид болгоомжтой, харилцан ашигтай ажиллахыг л эрмэлзэнэ. Орос, Америк хоёртой хэрхэн түншлэхээс Хятадын Монголд хандах хандлага тодорхойлогдох учраас Барак, Дима хоёрыг онцлоод байгаа юм. Барак, Элбэгээ, Дима гурав Ерөнхийлөгч болсноор өөрчлөлт, шинэчлэлийг хийж чадаж байна. Гэхдээ тухай бүртээ хуучинсаг үзэлтнүүд хийгээд өрсөлдөгчдийнхөө шүүмжлэлийн бай болж байгаа нь маргашгүй үнэн. Дима Москва хотыг олон жил толгойлсон, “коммунист Зюгановыг арчиж Ельцинг Ерөнхийлөгчөөр сонгогдоход гарамгай гавьяа байгуулсан” хэмээн цээжээ дэлддэг олигархи Лужковыг өөрчилж чадсан бол, Элбэгээ эрх баригчдын гар хөл болсон шүүх, прокурор, АТГ-ын удирдлагуудыг өөрчилж чадсанаар үл барам эрх зүйн хүрээнд шинэчлэл хийхээр эсэргүүцлийг үл хайхран тэмцэж байна. Тэгвэл Барак Америкийн хамгийн ойрын түнш Израилийг Газын зурвасаас гарч Палестинчуудад шилжүүлэхийг уриалснаараа жүүдүүдэд ад шоо үзэгдлээ. Үүнийг зөвхөн зоримог залуу нас л хийж чадахыг гурван хөвгүүн харуулж чадав. Энэ гуравт тус тусын бэрхшээл бий.

Димад “Загалмайлсан эцэг”-тээ суудлаа буцааж алдахгүйн төлөөх тэмцэл байгаа бол Элбэгээд шинэчлэлийнх нь эсрэг зогсч байгаа албан тушаалтнууд хийгээд экс Ерөнхийлөгчийнх нь хорсол занал, явуургүй ажиллагаа саад учруулж байна. Баракт ч гэсэн Ирак, Афганистан болон Ливийн асуудал, дотооддоо Америкт ноёрхлоо тогтоосон еврейчүүдийн эсэргүүцэл, сонгууль угтаж өрсөлдөгчдийнх нь зүгээс Америкт төрөөгүй гэх зэргээр гүтгэж байгаа хар ПИАР гээд олон сөрөг хүчин зүйл бий.

Монгол хоёр хөршөө бодоход дайн байлдаангүй тайван орон мэт боловч авлига, хээл хахууль, хуулийн гажуудал, нийгмийн шударга бус хуваарилалт, төрд шургалсан улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн эрх ашигтай дайн зарлахаас өөр аргагүй. Орос орон өнөөдөр олигархийн дарангуйллаас гарч, мөн түүхий эдийн бааз орон байхаасаа татгалзах тэмцлийн ширүүн талбар болж байна. Ийм л эгзэгтэй цаг мөчид Орос, Америк, Монгол гуравт шинэ удирдагчид гарч ирсэн нь завшаантай. Бид аливаа юманд өөрсдийгөө дандаа бусдаас доогуур тавьж үздэг гэмтэй. Тэгвэл манай Ерөнхийлөгч Барак, Дима хоёроос илүү туршлагатай лидер гээд хэлчихвэл яах бол? Димаг түүний багш Анатолий Собчак өөрийн шавь Владимир Путинтэй танилцуулж Ленинград хотын зөвлөлд хамт ажиллуулсан гэдэг. Ингэснээр Путин Димаг Оросын Ерөнхийлөгчөөр “загалмайлсан” билээ. Хар арьстан эцгээс нь ээж нь салсны дараагаар Индонез хойт эцгийн гар харж өссөн Барак магадгүй олон сая цагаачдын хүчээр Ерөнхийлөгч болсон байх. Тэгвэл Элбэгээ энэ хоёрын дэргэд “Хувьсгалч”, лидер болчихсон байлаа. Элбэгээ коммунист дэглэмийг халж ардчиллыг авчирч, парламентад удаа дараа сонгогдож, Ерөнхий сайдаар хоёр ч удаа ажиллаж үзсэн туршлагатай нэгэн. Барак Америктаа, Дима Оростоо сургууль төгссөн бол Элбэгээ хоёуланд нь суралцсан. Өөрөөр хэлбэл, яаж найзлахаа мэднэ. Магадгүй Элбэгээ энэ хоёр улсын Ерөнхийлөгч байсан бол илүү сайн ажиллаж чадах байсан. Яагаад гэвэл Орос, Америк хоёр Ерөнхийлөгчийн засаглалтай. Харин манайх парламентын засаглалтай учраас Ерөнхийлөгчийн эрх, үүрэг хязгаарлагдмал. Гэлээ гээд Элбэгээ парламентын засаглалыг тууштай дэмждэг хүн. Тиймдээ ч манай ард түмэн, манай парламент мэднэ хэмээн Оросуудад хэлж чадсан.

Энэ гурваас шалтгаалахгүйгээр хүндрэлтэй нөхцөл байдлууд бас бий. Тухайлбал, “архичин” Оросын шинэ үе хар тамхинд донтсоор хоёр сая шахамд хүрсэн сурагтай. Америкт ч мансууруулах бодис, аллага хүчирхийлэл байсаар байгаа. Харин Монголын хувьд архинд оросуудыг ч гүйцэж түрүүлтлээ донтсон. Үүнийг Элбэгээ үндэсний эмгэнэл хэмээн үзэж стакантай сүү бариад зарим нэгэнд нь ад болсон ч ард түмнийхээ дэмжлэгийг хүлээсэн. Магадгүй Дима, Барак хоёр хар тамхитай тэмцэх кампанит ажил өрнүүлэхгүй байгаа нь дутагдал гэж үзэхээс өөр аргагүй. Тэгэхлээр зөвхөн бидэнд бус, тэдэнд ч бас дутагдал байдгийг харуулж байна. Ингэснээрээ юуг хэлэх гээд байна вэ гэвэл өөрсдийгөө голох, бага буурай хэмээн айж хирдхийх, гадныхныг хэт тахин шүтэх балайралд цэг тавих болсныг сануулж байгаа юм.

Мөн манай Ерөнхийлөгч байгаль хамгаалах асуудалд гол анхаарлаа хандуулж чадсанаараа Барак, Дима хоёроос илүү гэдгийг харуулж байна. Мэдээж хэрэг илүү юм байгаа ч, тэд олон зуун сая хүнтэй хүчирхэг гүрэн учраас дэлхийн бодлогыг тодорхойлж байгаа юм. Бидний хувьд дэлхийн бодлого тодорхойлдоггүй юмаа гэхэд даяаршлын давалгаанд тэсч үлдэх, баялагаа хэрхэн зөв ашиглаж, хууль хэрэгждэг болох, баялгийн шударга хуваарилалтыг хийж чадах нь л гол. Мөн ухаалаг гадаад бодлого зайлшгүй шаардлагатай. Бид хэн нэгнийг гомдоож болохгүйтэй адилхан бас хэн нэгэнд баялгаа үнэгүй шахам цөлмүүлэхгүй байх хэрэгтэй. Ийм ч учраас Элбэгээ онгоц хөлөглөн тив алгасч давхиа болов уу. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг шүү дээ. Энэ гурвын нөхөрлөл зөвхөн Монголын төдийгүй Орос, Америкийн эрх ашигт ч нөлөөлж чадна. Тэгэхлээр бид жижиг улс биш байгаа биз.

Ард Баатар /Ахмад сэхээтэн/

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top