Гэмт хэрэгтнүүдэд ая таатай нөхцөл бололцоог бүү олгоорой

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 16

Гэмт хэрэг гэж юу вэ?

Гэмт хэрэг нь хүний идэвхтэй (үйлдэл) буюу идэвхгүй (эс үйлдэл) зан үйлээр дамжин илэрдэг. Үйлдэл хийх гэдэг нь идэвхтэй байдал, үйл хөдлөлөөр илэрхийлэгдэнэ.

Иргэн хүн өөрийн эрхийг эдлэхээс гадна үүргээ биелүүлж амьдрах ёстой бөгөөд иргэний үндсэн үүргийн нэг нь хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх явдал юм. Гэтэл зарим хүн нийгэмд биеэ зөв авч явж, хуулийг сахин биелүүлээгүйгээс гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэл хүлээдэг.

Гэмт хэргийн ангилал

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан түүнд оногдуулж болох ялын хэмжээнээс хамаарч хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүнд гэж ангилна.

Хөнгөн гэмт хэрэг

Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 100-250 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ. Хөнгөн гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүй.

Хүндэвтэр гэмт хэрэг

Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-500 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, 3-аас дээш 6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүндэвтэр гэмт хэрэг гэнэ.

Хүнд гэмт хэрэг

Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 5 жилээс дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ.

Онц хүнд гэмт хэрэг

Эрүүгийн хуулийн тусгай ангид 10 жилээс дээш 15 жил хүртэл хугацаагаар хорих, онцгой тохиолдолд 25 жил хүртэл хугацаагаар хорих буюу цаазаар авах ял шийтгэхээр заасан гэмт хэргийг онц хүнд гэмт хэрэг гэнэ.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах

145.1. Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 100-250 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

145.2. Энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн, энэ хэргийн улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан олон тооны мал хулгайлсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

145.3. Энэ хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь саласан буюу их хэмжээний хохирол учирсан, түүнчлэн нийтэд учирсан гамшигт байдлыг далимдуулж үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 5-10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

145.4.   Энэ хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, түүнчлэн онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт бүлэглэл үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, 10-15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэдэг нь гэмт хэрэг зөрчлийг үйлдэх нөхцөл, бололцоог бууруулах арга техник юм.Та өөрөө гэмт хэрэг зөрчил, хулгай дээрэм, архидан согтуурах, мансуурах зэрэг гэмт хэргийг үйлдэн гэмт хэрэгтэн болохгүй байх талаар анхаарч байгаа бол гэмт хэргийн хохирогч болохгүй байх талаар ч мөн анхаараарай.

Иргэн та дараах зүйлсийг санаж яваарай

■Ихэнх гэмт хэрэгтнүүд гэмт хэрэг үйлдэх ая таатай нөхцөл бололцоог хайгчид байдаг шүү

■Гэмт хэргийн хохирогч болох ямар нэгэн нөхцөл боломжийг бүү олгоорой

■Өөртөө болон өөрийн өмч хөрөнгөндөө хяналт тавиарай

■Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдрэмжтэй байх хэрэгтэй

■Иргэн та олон нийтийн газраар явахдаа халаас, цүнхэндээ байгаа эд зүйлээ хулгайд алдах, мартаж гээгдүүлэхээс болгоомжлоорой.

■Авто машин дотроо бэлэн мөнгө, зөөврийн компьютер болон эд зүйлээ бүү үлдээ.

■Авто машинаа харуул хамгаалалттай зогсоолд байрлуулж, олон цагаар хараа хяналтгүй орхихоос болгоомжилно уу.

■Гэрээсээ гарахдаа хаалга, цонхны түгжээ бэхэлгээгээ түгжсэн эсэх, цахилгаан хэрэгслээ салгасан эсэхээ сайтар шалгаарай.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top